Нийгмийн амьдрал хувьсан өөрчлөгдөх тусам хүний амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт шинэчлэлт гарч байдаг. Үүний нэг нь хүний эрүүл мэндийн асуудал. Иргэдийн дунд өвчин эмгэг элбэг тохиолддог. Тэр дундаа элэгний эмгэг маш элбэг. Энэ удаагийн дугаартаа уншигчдын хүсэлтээр элэгний өмөн буюу хорт хавдарын тухай нийтэлж байна. Манайд элэгний хорт хавдраар хорвоог орхисон хүн цөөнгүй байдаг. Элэгний хорт хавдар хүнийг чимээгүй алдаг аюултай өвчин юм.
Сүүлийн жилүүдэд элэгний хорт хавдар манай улсад нэлээд газар авч байгаа. Иймээс элэгний хорт хавдрын талаар тодруулж байна. Элэгний хорт хавдар нь дотроо олон янз байдаг аж. Элэгний хучуур эдээс гепатоцеллюляр /элэг эсийн/, холангиоцеллюляр /цөсний замын/, гепатохолангиоцеллюляр /холимог/ хорт хавдар үүсдэг. Хучуур бус эдээс гемангиоэндотелиом. Элэгний хорт хавдрыг анхдагч ба хоёрдогч буюу өөр эрхтэнээс ургаж, үсэрхийлсэн гэж ялгаж ангилдаг. Элэгний анхдагч хорт хавдар нь тодорхой зааггүй, цайвардуу өнгийн олон тооны, эсвэл ганцаарчилсан нягт үүсмэл хэлбэртэй байдаг. Хавдар нь богино хугацаанд судсанд нэвчиж үсэрхийлэл үүсгэн элгээр тархдаг. Элэгний циррозтой үед үүссэн хорт хавдрын үед хавдар нь зангилаа үүсгэлгүйгээр нэвчсэн хэлбэртэй байх нь цөөнгүй. Үсэрхийлсэн буюу элэгний хоёрдогч өмөн нь өөр эрхтэнд анхлан үүссэн үед үсэрхийлэх байдлаар үүсдэг ажээ.
Элэгний орчим өвдөх нь ихэсдэг
Элэгний анхдагч хорт хавдрын шинж тэмдэг нь олон янз. Ингэхдээ гол төлөв хавдрын эмнэлзүйн явцаас шалтгаалан хорт хавдрын ерөнхий шинж тэмдгүүд илэрдэг. Гол төлөв илэрдэг шинж тэмдэг нь сульдаж ядрах нь нэмэгдэх, хоолны дуршил алдагдах, адинами буюу хүнд өвчний улмаас хөдөлгөөний идэвх алдагдах, бие махбодь бүхэлдээ сульдах, цөөнгүй тохиолдолд дотор муухайрч, бөөлжүүлдэг. Элэгний хэмжээ томрох ба доод хэсэг нь хүйс, түүнээс ч доош хэсэгт байх нь цөөнгүй. Тэмтрэхэд дунд зэргийн хөндүүртэй. Нягт, барзгартай, заримдаа тусгаарлагдсан хавдрын зангилааг мэдэрч болдог. Элэгний циррозын үед үүссэн элэгний хорт хавдрын үед гол төлөв хорт хавдрын үед үүсдэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал биеийн байдал нь эрчимтэй муудах, элэгний орчим өвдөх нь нэмэгдэх, асцит үүсэх буюу хэвлийн хөндийд ус хуримтлагдах, шарлах, хүчтэй халуурах, хамраас ойр ойр цус гарах, цөөнгүй тохиолдолд арьсны хялгасан судаснууд хөхөвтөр улаан толбо үүсгэн жигд бус томрох нь ажиглагддаг. Элэгний анхдагч хорт хавдрын зарим тохиолдолд эмчилгээнд дарагдахгүй өндөр халуурдаг бөгөөд ийм тохиолдолд элэг гэмтсэний шинж тэмдэг нь арай хожуу илэрдэг. Шинж тэмдэг султай элэгний анхдагч хавдар нь хорт хавдрын үед илэрдэг байнгын бөгөөд илэрхий шинж тэмдэггүйгээр архаг гепатитын хэлбэрээр өрнөх нь олонтаа. Элэгний хүндрэлийн эмнэл зүйн шинж тэмдэг нь цөсний зам хавдарт дарагдснаас үүдэлтэй шарлах, хэвлийн хөндийд ус хуримтлагдах, хэвлийн хананы арьсан доорх судас томрох, ходоод гэдэснээс цус алдах, хавдар нь аяндаа, эсвэл бага зэрэг гэмтлийн улмаас хагарч тодуур цус алдсаны шинж тэмдэг илэрдэг.
Элэгний хорт хавдрын үсэрхийлэл нь дийлэнх тохиолдолд элгэн дотроо илэрдэг. Бусад эрхтэнүүдээс уушиг, хэвлийн хөндий, бөөр, нойр булчирхай, ясанд үсэрхийлдэг.
Өвчтөн илэрч буй шинж тэмдгийг гүйцэд хэлэх хэрэгтэй
Элэгний хорт хавдрын оношлогоо тэр дундаа эхний шатандаа яваа хорт хавдрын оношлогоо нь нэлээд хүндрэлтэй байдаг. Учир нь өвчний онцгой шинж тэмдэг гэхээр зүйл байдаггүй. Иймээс гол төлөв нэлээд хүндэрсэн үедээ илэрдэг. Өвчтөн эмчийн асуултанд үнэн зөвөөр хариулах хэрэгтэй. Халуурал, гэдэсний баруун талаар өвдөх, элэг томрох, эмнэл зүйн үзлэгийн үр дүн гэдэсний хэмжээ томорч, эсвэл хэлбэр нь өөрчлөгдсөн, гэдэсний дээд хэсгийн судасны торлог нь илэрхий тодорсон, элэгний хэмжээ, хэлбэр нь өөрчлөгдсөн чухал ач холбогдолтой.
Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгах нь хамгийн оновчтой арга
Одоогоор элэгний анхдагч хорт хавдрыг хослуулсан аргаар эмчилдэг. Эдгээрээс мэс заслын аргыг ба хими эмчилгээтэй хослуулах нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Гэвч хагалгаа хийх боломж нь таван өвчтөний нэгд нь л байдаг. Мөн тусгай эмнэлгүүдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг. Одоогийн байдлаар элэг шилжүүлэн суулгахыг хамгийн ирээдүйтэй эмчилгээ гэж үзэж байна. Манай улсад элэг шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийж чадсан. Хэдийгээр энэ арга нь хөрөнгө мөнгө их шаардлагатай байдаг ч манай нэлээдгүй иргэд элэг шилжүүлэн суулгах мэс заслын үр дүнд эрүүл болоод байгаа.
Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий
Архи, согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэхгүй байх. Зохистой хэрэглэж сурах. Ямар ч өвчин эмгэггүй эрүүл байсан ч жилдээ, нэг удаа нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлж, шаардлагатай шинжилгээ хийлгэж байх нь элэгний хорт хавдраас сэргийлэх, эмчилж болох эхний шатанд нь илрүүлэх боломж юм. Манайхан аливаад хайнга ханддаг байдлаасаа болж өвчнөө хүндрүүлж орхидог. Тэгэхээр дээрх шинж тэмдгүүдийн аль нэг нь илэрвэл яаралтай нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй.