Сүүн бүтээгдэхүүн чихрийн шижингийн хоёрдугаар төрлөөр өвчлөх эрсдлийг бууруулдгийг Харвардын их сургуулийн анагаах ухааны тэнхимийн судлаачид тогтоожээ. Сүү, бяслаг, тараг, цөцгийн тос хүний биеийн “үйлдвэрлэдэггүй” транспальмитолеино (transpalmitoleic) хэмээх хүчил агуулдаг нь эрсдлийг 60 хүртэлх хувиар бууруулдаг аж.
Бүх амьтанд байдаг энэ хүчил цусан дахь инсулин болон холестериний төвшинг хянаж, инсулиний мэдрэмжит чанарыг бууруулдаг байна.
Гэвч судлаачид энэ төрлийн бүтээгдэхүүн илүүдэл жин үүсгэх өөх тос ихээр агуулдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хэмжээ хязгааргүй хэрэглэж болохгүйг анхааруулж, бага илчлэгтэй сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь дээр гэжээ. Тэд тэнцвэртэй хоолны дэглэм барьж, ямар ч төрлийн хүнсийг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна.
Чихрийн шижин хоёр төрөлтэй. Нэг нь нойр булчирхайн хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас цусан дахь чихрийн хэмжээг хянадаг инсулин гэх бодис ялгарахаа больдог байна. Энэ нь голдуу залуус, бага насныханд тохиолддог. Харин хоёр дахь төрөл нь инсулин хэвийн хэмжээгээр ялгардаг ч бие махбодь чихэр хүлээж авахаа больсноос үүддэг аж.
Нийт өвчлөлийн 80-85 хувийг эзэлдэг энэ төрлөөр өнөөдөр дэлхийд 180 сая хүн өвчлөөд байна. Цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Илүүдэл жинтэй 40-өөс дээш насны хүмүүст ихэнхдээ илэрдэг энэ төрөл голчлон хоолны буруу дэглэм болон хоол хэт сойх, хөдөлгөөн дутагдахаас үүддэг.
Өвчтөний хэрэглэсэн чихэрлэг бүтээгдэхүүн эсэд бүрэн нэвтэрч чадалгүй цусанд хуримтлагдан нүд, бөөр, зүрх, мэдрэлийн эсүүд болон үндсэн артерийн судас, судлуудыг гэмтээдэг юм. Чухам яагаад чихэр хүлээж авдаггүйн учрыг одоог хүртэл шинжлэх ухаан тайлаагүй юм.
Сүүлийн судалгаагаар хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн үед ногоон цайнаас илүү Энэтхэгийн кокцини ургамлын ханд цусан дахь сахарын илүүдлийг үр дүнтэйгээр бууруулдаг нь тогтоогджээ. Олон наст энэ ургамал эртнээс хэрэглэгдэж байсан ч шинжлэх ухааны үүднээс анх удаа судалгаа хийсэн нь энэ юм.