Зуны  дунд сарын аагим халуун өдрүүд үргэлжилсээр байлаа. Нар зулай цоолом шарах үд дундын говьд элс буцална. Чухам буцалсан элс шаргих чимээнээс өөр юу ч үл сонстоно. Зэрэглээ урсан ойртож, ууршин холдох нь байгалийн сонин үзэгдэл гэхээсээ хүний сэтгэл хуурмагийг сануулах гэсэн хөдөлгөөн гэлтэй. Энэ бүгчим халуун байдал, энэ хуурмаг хөдөлгөөн, энэ ажин түжин байгаль цөм цаанаасаа зориуд бүтээгдсэн болохыг хүмүүн төрөлхтөн мэддэг гэдэгт бурхад эргэлздэг билээ.

Харин бурхдын эргэлзээг тайлах гэсэн мэт явдал олон жилийн өмнө Алтайн цаадах говийн их элсэн дунд алаглан харагдах гурван эрээн майхан, тэр майхны нэгэнд ганцаараа хоёр хоносон 9 настай хүүд тохиолдсон гэдэг.

Эр хүмүүс хэзээний хатуу сэтгэлтэй, нулимс холтой төрдөг нь тэдний эм төрөлтнөөс ялгарах онцлог гэж үздэг хүмүүс энэ амьдралд цөөнгүй байдаг. Тиймээс хамаг л хатуу хөтүү, нүгэл хилэнцтэй ажлыг тэд өөрсдийн болгож өмчилдөг. Мал муулах, тарвага зурам эргүүлэх, архи дарс хүртэх зэргээр эрчүүдийн өмчилсөн нилээдгүй ажлыг дурьдаж болно. Хамгийн сонирхолтой нь эрчүүл ийм их нүгэл үйлддэгээ мэдэхгүй энэ хүүхнүүд яагаад биднээс өндөр насалдаг юм гэж гэмгүй бурхдад гомдол мэдүүлдэг сурагтай. Хүүхнүүд болсон хойно хэзээний сурсан зангаа яаж тавих билээ. Нүд амаа эргэлдүүлж, ар хойгуур гүйж байгаад аль хөнгөн шингэн ажлыг өөрсдийн болгосон биз. За тэр, ертөнцөд оноогдсон ажил төрлийн хүнд хөнгөний тухай яриагаа түр орхиод эзгүй говьд ганцаар орхигдсон хүүгийн тухай өгүүлье.

Ганцаар орхигдсон ч гэж дээ, аав нь худаг усны хээрийн ангийн даргаар ажиллах болж зуны амралт таарсан тул хүүгээ дагуулан гарсан нь энэ. Төв орж хоол хүнс цуглуулахаар хамт ажилладаг гурван залуугаа дагуулж хоёр хоногийн өмнө өглөө эрт гарчээ. Тэр өдрийнхөө орой амжиж ирнэ гэсэн боловч ирсэнгүй. Эхний шөнө айсандаа дуг хийлгүй хоносон хүү өдөржин майхны сүүдэрт зүүрмэглэн хүлээсэн боловч мөн л ирсэнгүй. Ойр хавьд айл амьтангүй эзгүй говьд гав ганцааранг нь үлдээгээд явсан аавдаа бяцхан гомдох авч хэлсэн хугацаандаа ирэхгүй байгаад нь санаа зовних зэрэг хослон байлаа. Хоёрдахь өдрийн шөнө аргагүй нойрондоо дарагдаад унтаж орхижээ. Шөнө унтахынхаа өмнө өглөө сэрэхэд аав, ах нар ирчихсэн байгаасай гэж эмээгийнхээ бурханд залбирсан боловч мөн л ганцаархнаа байж байв. Хаа газар айлын том хүүхдүүд тэр тусмаа банди нар аавын нилээд итгэлт хүмүүс байдаг билээ.

Хаа явсан газраа хань түшиг хийж аав нар хүүгээ дагуулж явах дуртай. Тийм л нэг учир холбогдлоор хүү аавыгаа дагаж говийн элгэнд хэд хоног уг нь их хөөр хөгжилтэй, ах зах хүмүүсийн алиа марзанг чагнаж, шөнө орой лааны гэрэлд элдвийн юм бурахыг нь сонсож хэвтэх түүнд даанч сайхан байжээ.

Тэдгээр нар салхинд борлосон хүдэр эрчүүдийн хийх ажлын хүнд хүчрээс ч болдог юм уу, идэж уух нь их болохоор дорхноо л хүнс хоолоор дутагдаж, ойр ойрхон хэд хэдүүлээ төв орохоор явах бөлгөө. Харин энэ удаад худаг усны ангийнхан бүгдээрээ ойролцоох сум орж, ус цасанд орохоор болж, хоёр майхан, хамаг л чухал бүхнээ хүүд найдан мануулсан билээ. Гэвч ажиг сураггүй хоёр өдөр алга болчихжээ.

Унаа тэрэг нь эвдэрсэн, элс манханд суусан, зам төөрч будилсан алин болохыг мэдэхгүй. Майхны сүүдэрт хэвтэх хүүд гэнэт алсад машин дүнгэнэх шиг санагдаад босон харайн чагнах боловч хоосон зэрэглээ илбэдэн жирвэлзэхээс өөр юу ч үл харагдана, юу ч үл сонстоно. Аргаа барахдаа майхны хажуугаар ажиг сэжиггүй гүйх хонин гүрвэлээс хэд хэдийг барьж, сүүлнүүдийг нь нарийн төмөр утсаар холбожээ. Сандран мэгдэхдээ хэд хэдэн тийшээ зүтгэн тэмүүлэх гүрвэлүүдийг харахад хүүд эхэндээ их л зугаатай байв. Тал тал тийшээ хамаг хүчээ баран аахилан зүтгэх гүрвэлүүдийн суганы нимгэн арьс гэрэлтэн харагдах нь бүр ч илүү сонирхолтой байлаа. Тэр нимгэхэн арьсны цаана гүрвэлийн бяцхан зүрх лугшиж байгааг харж болмоор санагдана. Ёстой л хонин гэж хэлмээр бор нүдтэй тэр жижигхэн амьтдын бие арай том эр бололтойг нь барьж аваад хэвлийг нь шахаж, засааг нь суга татаж хөнгөлөх зэргээр бишгүй л зүггүйтжээ. Тэр бүх зүггүйтлээ уйдахын эрхэнд хийж байгааг хүү яахан мэдэх билээ.

Ганцаардаж уйдахаараа хүн галаар тоглохоос ч буцахгүй болдог гэгчээр толгойд нь энэ хэдэн гүрвэлийг шатаавал яах бол гэсэн дэндүү тэрсүүд бодол орж ирэх нь тэр.

Савтай бензин майхны хаяанд хэдэн өдөр болсон юм. Хар хурдаараа гүйж очоод савны тагийг онгойлгоход бензины таатай ч юм шиг үнэр сэнхийв. Савтай чигээр нь өргөж дийлэхгүй тул хоолны төмөр савандаа литр шахуу бензин хийж авав. Говийн халуун наранд аахилан уухилан тал тал тийшээ зүтгэсээр аргагүй ядарч ямар ч хөдөлгөөнгүй болсон хэдэн гүрвэлийн дээрээс бензинээ асгаж орхилоо. Өвөр түрийгээ ухаж шүдэнз хайсан боловч олдсонгүй. Майхны зүг халуунд түүртэлгүй хар хурдаар гүйж хүрлээ. Аавынхаа орны хөлөөс хайрцаг шүдэнз олж аваад мөн л хар хурдаараа өнөөх хэдэн гүрвэлүүд дээр хүрч очлоо. Ганцхан зурс хийгээд шүдэнз аслаа. Нүдээ аньж байгаад галтай шүдэнзээ шидэж орхив. Нүдээ алгуурхан нээгээд хартал бөөн гал арвалзан хөдлөх нь, тэр хүүд хачин зугаатай санагдав. Оволзон асаж буй гал дотор гүрвэлүүдийн амь тэмцэн тал тал тийшээ зүтгэхэд хооронд нь холбосон нарийн төмөр утас улайдан шарсан махны хярваслаг үнэр гарч эхэллээ. Гэтэл арьс нь хуйхлагдаж шатаад, сүүлгүй болсон нэг гүрвэл нуруун дээрээ бөөн гал улалзуулан бусдаасаа тасарч гал дотроос үсрэн гарч ирээд элсэн дээр нэг хөрвөөгөөд галаа унтараангаа гүйн одох нь тэр.

Ямар овжин, ямар зэвүүн, ямар овоо гүрвэл вэ? зэргээр бахархах, зэвүүцэх хослон үглэсээр хүү араас нь харайлгаж гарлаа. Элсэн дээгүүр нарийн мөр гарган жирвэлзэн гүйх тэрхүү гүрвэлийг гүйцэж очоод хөдөө явахын урьд өдөр ээжийнхээ хоршооноос авч өгсөн хатуу ултай шинэхэн гутлаараа дэвсэж орхив. Амь тэмцэн хэсэг арвалзсанаа өндийх гэж оролдоход нь дахин дээрээс нь гишгиж орхив. Энэ удаа хөөрхий гүрвэлийн амь тасрав бололтой хөдөлгөөнгүй болжээ. Харин гэдэснээс нь нэг жижигхэн улаан зулзган гүрвэл арвалзан хөдөлсөөр гарч иржээ. Дараагаар нь бас нэг ижилхэн улаан амьтан гулсан гарч ирлээ.

Халуун элсэн дээр дөнгөж хөдлөх төдий хэвтэх тэр хоёр улаан амьтан хүүгээс амь гуйх шиг үлэмж жижиг амаа ангалзуулж байхыг хараад хүү хөдөлж чадсангүй. Ар нуруугаар нь арзасхийх шиг болов. Хоёр нүднийх нь нулимс аягаа дүүрээд асгарлаа. Өөрийн эрхгүй гэнгэнэтэл уйлмаар санагдлаа. Амь тасран үхэх тэр хөөрхий амьтдаас илүү ээжийгээ эрхгүй ихээр өрөвджээ.

Үр зулзгаа амьд авч гарах гэж улаан гал дотроос сүүлээ тастан гарч ирсэн энэ гүрвэл “Эх” гүрвэл байжээ. Эх амьтан л гагцхүү ингэж чаддаг ажээ.

Зэрэглээ дундаас худаг усны бүхээгтэй машин бүтэлзэн гарч ирж яваа харагдав. Гэвч хүү уйлсаар байлаа. Наашаа гарах үед ээж нь бие тулгар, том гэдэстэй үлдсэн нь бодогдов. Элсэн дунд эвхрэн хэвтэх гүрвэл ээжээс нь ялгаагүй санагдав. Ээж ээ, ээж ээ хэмээн хамаг байдгаараа орилов.

Төв дээр суугаа ээж нь хүүгийнхээ уйлан дуудахыг сонссон гэдэг. Харин хүүгийн нүднээс асгарах тэр нулимс аав ээждээ эрхлэн тунирхаж уйлдаг шиг нь биш. Учиргүй гашуун тэр нулимс “их л өөр ” нулимс байлаа.
 

                                            П.БАТХУЯГ.                    


eej ardiin - Uujgii