Нэгэн Монголын эрчүүдийн хориотой сайт руу хорьсон хэр нь үе үехэн орох дуртай би. Ер нь хориотой зүйлд хүн болгон ялангуяа эмэгтэй хүн болгон дурладаг байх доо.  Би бурхан биш би төгс гэгээрсэн багш биш болохоор хүний үзэл бодлыг өөрийнхтэйгээ адилхан болгох гэж хэзээ ч зүтгэхгүй л дээ. Тиймээс санаагаа илэрхийлсэн байдал зарим нэгэн үзэл санаа зэрэг нь таалагддагыг нуух юун. Би гоожуурыг байгаа байх ёстой нэгэн залуу гэж боддогоо. Эрх чөлөөт нийгэмд хүн хэн нэгнээс айлгүйгээр хэлэх үгээ хэлж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж болно. Би ч гэсэн мөн адил.
Нэг бичлэг нь үнэхээр таалагдсангүй. Энийгээ ч би илэрхийлэх эрхтэй. Гэхдээ тэнд сэтгэгдэл хэлбэрээр бичиж өөрийгөө өмөөрч хамгаалсан үг хэлэхийг хүссэнгүй эргээд бараг 90 эрчүүдээс няцаалт авах байх. Тэгэхээр өөрийн блог дээрээ үзэл бодлоо илэрхийлмээр санагдаад ….
Хамгийн итгэл алдсан аймаар хормойн донтой дээр нь биеэ барих чадваргүй эмэгтэй хамгийн муу муухай нь хөдөөний гаралтай хүүхнүүд гэнэ ээ.

Яадгийн би хөдөөний охин… Охин насаа хөдөө өнгөрүүлсэн бүсгүй.
Халуун бөгчим, агаар муутай, дуу шуугиан ихтэй ч улсын нийслэл Улаанбаатар хотдоо амьдрах сайхаан. Бас хүйтэн ган зудтай, хөгжил муутай, цөлжилт ихтэй, амьдрал ядуу ч Монголдоо би бас хайртай. Муулуулхаар нь бусдаас өмөөрч сайлахаар нь сэтгэл зүрхнээсээ  баярлаж, газар нутаг шороогоо бусдын гарт хөндөгдхөөр нь элэг эмтэрч  угаасан усаа, ариун рашаан булагаа  ширгэхээр нь   
өр өмлөгдөж малаа дагаад зарим нь мал шиг болчихоор нь нулимс унагаж, Чингисийн монгол гэж цээж дэлдхээр нь омогшиж, өөрөөсөө илүүгээр эр нөхрөө эрхэмлэж эрийн хийморь сүр сүлд болсон малгай бүсийг нь дээдэлж амьдардгаа би. би монгол хөдөөнөөс гаралтай морь маланд эрэмгий, цайгаа чанаад уучих, төхөөрсөн хониныхоо гэдсийг арилгаад идчих чадалтай. Үнээ мал сааж, гүүний айраг эсгэж,  хоёр усаар тогоо нэрж чангахан гарсан архиар нутгийн өвгөчүүлээ баярлуулах чадалтай би монгол бүсгүй.  Өөр юуг хөдөөний монгол охидоос хүсээд байгаа юм бэ? толгой дээрээ эвэртэй нь ямар амьтан билээ гэж эрхлэн асуух гэнэн хонгорыг уу? Малын үнэр өтөг бууцнаас нь айдаг хирнээ үнэ хайрлалгүй стейк авч иддэг цагаан хацартныг уу? Өнгө мөнгөний үнэр амтыг багаасаа мэдэрчихээд амар хялбар амьдрал хайн хэн нэгнийг гомдоон түлхээд баян нөхрөөсөө өөр хүнд хайргүй хэмээн зүтгэлж явдаг тэр тэрс үзэлтэнийг үү? Эсвэл ган зуданд тэсвэргүй ганц өдрийг ч усанд оролгүйгээр өнгөрөөж чадалгүй уйлахаас өөрийг хийх тэнхээгүй тэр уяхан хайрыг уу? 

Хөдөө гэдгээр нь хүмүүсийг ялгаварлан гадуурхдаг бол нүүдэлчин Монгол Чингисийн Монгол энээ тэрээ гэж хэлүүлж яах юм бэ ? хөдөөнийх гэдгээрээ  оюун ухааны хөгжлийн гадуурхалд автах юм бол махаа идэж айргаа уухаа больчихьё л доо хүмүүсээ. Тэгж өөрийгөө цэвэр монголын удам угсааг залгамжилж яваа мэт ойлгоод бусдыгаа муулах нь ёстой л үхэр монголын тамын тогооны үлгэр мөн байх даа.  Тэгээд Монголын газар шорооноос хөдөөний удам угсаатайг нь ялгаад авчихвал хэд нь үлдэх бол доо. Ёстой л дотор газрын хэдэн данжаадыг баясгаж явсан хүрээ хүүхнүүдийн удам угсаа гарын алганд багтахаар хэдэн турьхан бүсгүйчүүд нь үлдэх биз дээ.
Хүнийг удам угсаа хөдөө хотынхоор нь биш үйлдэл үг яриа бодит байдлаар нь дүгнэх цаг болсон байлтай юм. Хөдөөнийх гэж гоочилж амаа хөдөлгөхөөсөө илүүтэйгээр хөдөөний ганц ч болсон зүйлийг нийслэлжүүлэх хүслээр гараа хөдөлгөмөөр юм даа. Улс төрчид шиг хэлэхээс өөрийг хийж чадахгүй юм бол өөрсдийн хэдхэн монголчуудаа өөрсдөө муулаад ярьж явахаасаа ичээсэй. 

Яадгийн би хөдөөний гаралтай хүүхэн. Би хэн байснаа хэн нэгнээс нууж хэн нэгэнд төгс харагдахыг хүсэж ичиж амьдрахгүй ээ. Харин би хэн болох гэж байгаагаа л хянаж амьдрах, хүссэн ирээдүйдээ хүрэхээр тэмүүлж амьдрах болно оо.