Бодоод байх нь ээ, би хөл дээрээ тогтож сураад, хэдэн үг холбодог болсноосоо хойш дан худал хэлж явна. Ээждээ эрхлэх гэж өлсөөгүй мөртлөө худал уйлан энгэрт нь зүүгдэж, эмээгийнхээ авдрыг ухах гэж шүлэг дуу хольж дуржигнуулаад л. Гадаа хүүхдүүдтэй тоглож байхдаа манай аав цэргийн том дарга онгоцтой гэж “кино”-гоо яриад л. Сургуульд орохдоо насаа нэмж өөрөөсөө 2 ах хүүхдүүдтэй цуг “занимальдаад л”. Даалгавраа хийгээгүй мөртлөө хийсэн гэж “гүрийгээд л”.
Мөнгөгүй байсан ч мөнгөтэй гэж, ажилгүй явсан ч ажилтай гэж, айж байсан ч айгаагүй гэж би ер нь л их худал хэлдэг байж дээ.
Тэгж тэгж явсаар худал хэлэх аргагүй нэгэн явдал тохиож, дахин худал хэлэхээсээ айдаг болсон. Би эмээ дээрээ “өтөл” болтлоо өссөн юм.
9 хүүхэд төрүүлэн бүгдийг нь дээд боловсролтой болгох гэж, жирийн хүн 24 цаг гараад 48 цаг амардаг байхад, эсрэгээр 48 цаг ажиллаад, 24 цаг амардаг, тэгсэн мөртлөө хэзээ ч ядарч байна гэж хэлж үзээгүй, жирийн л нэг холбооны залгагч тэр эмэгтэйн хамгийн хайртай ач нь би байлаа. Амрах ёстой 24-хөн цагтаа сахарын өвчтэй хэвтрийн нөхрийнхөө өтгөн шингэнийг цэвэрлэж, хүүхдүүдийнхээ хувцас хунарыг угааж, оёж, нөхөж, гурил хөөрүүлэн гамбир мантуу хийж, орцныхоо баякачууд, хөдөлмөрийн баатартангуудад гэдэс цувдай чанаж, муухай үнэртүүллээ гэж загнуулан /соц-ийн үед олон хүүхэдтэй айлд улсаас байр өгчихдөг байсан юм шүү/ нулимсаа нуун арчиж явсан тэр жижигхээн эмгэн, миний өдийг хүртэл амьдарсан зам, үүнээс цааш төгсөх цэг хүртэл хэрхэн хүн шиг амьдрах зүг чигийг заах итгэл үнэмшил болдог.
Нэг явдлыг их тод санадаг юм. Би 7-р ангид хэрэндээ том залуу болчихоод эмээтэйгээ гэр хороололд байдаг хамаатныдаа очлоо. Хашааны хаалга нь онгорхой байв. Яваад ортол тэдний зуудаг том нохой архиран үсрээд ирлээ. Тэгэхэд надаас намхаан жижигхээн эмээ минь намайг халхлан урдуур минь ороход би өөрөө ч мэдэлгүй уйлж билээ. Энэ мөрүүдийг бичиж байхдаа ч өөрийн эрхгүй зангирч байна. Би айж байсан ч эмээтэйгээ хамт тэр муу нохой руу гараа далайж билээ. Хоёрын хоёр хүнээс айсан уу, эзэн нь гарч ирэхийг анзаарсан уу нөгөө нохой ч үүр лүүгээ дуртай дургүй сажлав. Энэ цагаас хойш би бараг юунаас ч айхаа больсон доо. Айж байсан ч тоохоо больсон. Нохойноос байтугай, амьдралаас айгаагүй эмээгээсээ жишээ аван өөрийгөө зоригжуулах болсоон.

Тээр нэг жилийн цагаан сараар эмээ минь нэг л их ядрангуй байн байн унтаад л байлаа. Нэг өдөр намайг эртхэн ирээрэй эмээ нь мантуун бууз хийж байна гэлээ. За эртхэн очноо л гэлээ. Ингэж би эмээдээ худал хэлсэн юм. Нилээн оройтож харьсан. Даанч намайг хайрлаж хамгаалдаг тэр л жижигхэн эмгэн хэзээ ч эргэж уулзахгүй хол явчихсан байлаа. Тийм хол явахад нь хүртэл худал хэлэн хүлээлгэсэндээ одоо хүртэл харамсаж сууна даа. Одоо би нэг зүйлээс л их айдаг.
Аав ээж хоёртоо худал хэлчихгүй юмсан гэж...
Бид энэ ертөнцийн нэгэн ургамал боловч сайн сайхан зүйл, гэрэл гэгээ рүү тэмүүлдэг билээ