Андаа дурсахад цээжний модод навчсаа гөвөн сэрчигнээд Андаа дурсахад ижилдэн явсан он жилүүд буцан ирж Андаа дурсахад зэргийн нөхөд бидэнтэй дугуйрч суугаад Андаа дурсахад хангал сархадтай сэм сэмхэн нөхцөж Андаа дурсахад нэг л өдөр жигүүрлээд одсон байх юм Андаа дурсахад сайн саар хоёр нь ээлжлэн санагдана Андаа дурсахад
Аравдугаар сарын бүүдгэр тэнгэр шиг сэтгэл нэг л уйтай
Аяндаа дүүрэх гуниг хацар угаан халтартуулж
Арзтай жүнзний амсрыг гижигдэж суумаар бодогдоно
Алган хонхорт нэг нэггүй хунгарлан бууна
Алив мартагдсан бүхэн эргэн амилж
Аньсага нүднээ шүүдэр буулган жирэлзэнэ
Алиа марзан үгээр туурга цууртал инээд хундагалаж
Аядуу царай, гундуу зүс, гандуу цамцтай
Амандаа янжуур зуусан дүр зураг үзэгдэнэ
Арслан зогдорт манантай нь зовлон жаргалаа хуваахдаа
Амьдралынхаа өдрүүд цөөхнийг мэдсэн ч биш дээ хөөрхий
Алганаас чинь үргэлж хөтлөхгүй хорвоогийн жамыг яалтай
Амжиж бүтээсэн нь харин эзнээ өмөөрөөд үлдсэн байх юм
Авъяас билэг хэтийдсэн хэрнээ аваад одсон байх юм
Арван тавт шиг цайлган зан нь санаанд дурайж үлдсэн байх юм
Амьдыг муулж үхсэнийг магтдаг хоёр нүүртэй орчлонд
Ариун гэгээн бурхан байсан гэж худал үгээр хулдахгүй
Алдахыг алдаж онохыг оносон эр хүн байсныг чинь дурсана
Ай хөөрхий...