Асгаран орох бороо надаас чамайг асууна
Алсад анивчих одод ч бас чамайг хүлээнэ
Айлын авгай " Нөхөр чинь хаачаав " гэж сураад
Арай чамайг хаячихсан юм биш биз гэж санаа алдана
Зөөлөн шивэрсээр бороо хүртэл чамайг хүлээнэ
Зөнч саран ч бас чамайг эргээд цонхоор шагайна
Зүүдэлж сэрээд " Аав ирсэнгүй " гэж хүү гоморхоно
Зүгээр ээ хэд хоногоос ирнэ гэж би аргадана
Будран орох цас хүртэл чамайг хүлээнэ
Будаг нь халцраагүй бичгийн ширээ гэрт эзгүйрнэ
Буцаад хэзээ ирэх бол гэж Ижий чинь харуулдaна
Баргар царайлж дэмий л Аав чинь дотроо шанална
Чамайг хүлээж цэцэгс хүртэл хэнзэрч ургана
Чимээ гарахад хаалга ширтэж нулимс урсана
Чиний царайг л харахсан гэж Ижий чинь залбирна
Чимээгүй үдэшийг доголон нулимстай Аав чинь үднэ
Хорвоогийн өдрүүдийг уйтай үдэж хань чинь ганихархад
Хүний нутагт жаргалдаа ташуурч чи дуу аялана
Хаяанд ирсэн үхлээс хүртэл хоног гуйж Ижий чинь сөхрөхөд
Хүн чанаргүй чи сархaдад хөлчүүрхэн хорвоогоор тэнэнэ
Өөдсийн чинээ цаасан дээр " Би сайн " гээд
Өөр олныг нуршилгүй хоёрхон үг бичээд
Өнөө маргаашгүй болсон эцэг эх хоёртоо
Өрөөл бусдаар дамжуулж ч болов сэтгэлийг нь нэг засаарай
Үрийг чинь төрүүлсэн ч сэтгэлд чинь хүрээгүй бүсгүй намайг
Үнэндээ чи орхиж болно оо би гомдохгүй
Үсээн цайтал хүлээж суугаа эцэг эх хоёртоо
Үхлээс өрсөж хурдан ирээрэй
Эцсийн гуйлт энэ л байна
Улаанбаатар 2002он.