Бээжин 2008 олимпоос Монголын баг тамирчид алт,мөнгө гэсэн дөрвөн медаль авч бүх ард түмнээ баярлуулан урамшуулж байгаа билээ.Энэ олимд эхлэхээс өмнө өдөр тутмын сонин хэвлэлүүдийн хуудаснаа Монголчууд олимпод хэрхэн оролцож,ямар амжилт гаргах вэ гэсэн төрөл бүрийн хүмүүсийн үзэл бодол таавар зурхай тавигдаж байсан билээ.Гэхдээ цаг хугацаа бүхнийг харуулдаг болохоор тэр үеийг эргэн харахад сонирхолтой байх юм.
 Хувь хүн миний бодлоор зурхайч,үзмэрч нар зарим нэг үйл явдлыг урьдчилан мэдэрч чаддаг юм шиг санагдлаа.Харин тэр мэдрэмжээ хэрхэн зөв тайлж уншиж чадаж байна вэ гэдэг сонирхолтой юм.Жишээ нь алганы хээ судлагч Бор гэдэг хүн зарим нэг үйл явдлыг урьдчилж харсан юм шиг санагдлаа.Тэрээр наймдугаар сард Монголд бүх нийтийг хамарсан нэг юм болох гээд байна.Хүн бүр тэр үед болгоомтой байх хэрэгтэй гэж сануулж байжээ.Миний үзэж байгаагаар энэ хэлсэн нэг юм болох гээд байна гэсэн нь Монголоос олимпын аврага төрсөн өдөр Монгол даяар,бүр дэлхий даяарх Монголын бүх ард түмэн сэтгэлийн хөөрөлд орсон үе юм шиг санагдлаа.
Цаашлан сонирхвол доорхи хүмүүсийн ярилцлагуудаас буддын шашны төлөөлөгч юуг ч ийм тийм гэж хэлж мэдэхгүй бөөрөнхийлж байгааг үзэж болох байх.

“Бээжин-2008″ зуны 29-р олимпод манай баг тамирчид ямар амжилт үзүүлэх вэ?

“Бээжин-2008″ зуны олимпод манай баг тамирчид ямар амжилт үзүүлэх бол хэмээн Монголчууд таамаг таавраа гаргаж суугаа. Тамирчид маань олимпоос нэг ч атугай медаль аваасай гэж хүсэн хүлээж байгаа нь олон болов уу.Бид уншигчдадаа сонирхуулах үүднээс “манай баг тамирчид энэ удаагийн олимпод ямар амжилт гаргах бол” гэсэн асуултыг үзмэрч, зурхайчид тавьсан юм.

Гарма Гаржид Үржин Пэрэнлэйлэн хийдийн тэргүүн Д.Тайвансайхан: Манай тамирчид буудлагын төрлөөс алтан медаль авна

-”Бээжин-2008″ олимп болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ удаагийн олимпод урьд оролцож байгаагүй олон тамирчид орж байгаа. Манай баг тамирчид ямар амжилт үзүүлнэ гэж таны төлөгт бууж байна?
-Олимпод оролцох тамирчдыг сэтгэл санааны хувьд ч гэсэн маш сайн бэлдэх хэрэгтэй. Манайханд сэтгэлийн хүч дутаад л олимпийн аварга төрөөгүй болохоос биш олимпийн аваргын мөнгөн медальтнууд олон байна. Олимпийн нээлт болоход “Лалын шашинтай орон хараалаа хийлээ гэж” зарладаг шүү дээ. Гэтэл манай буддын шашны лам нараас ерөөж байна гэж хэлэгддэггүй. Тэгэхээр тамирчид лам нараар адислуулаад засал хийлгээд номоо уншуулаад явж байх хэрэгтэй. Дэлхий дахинаа буддын шашны гайхамшгийг мэдрээд байна шүү дээ. Манай чөлөөт бөх нэг хэсэг харьчихаад байна. Харин буудлагаас алтан медаль авна гэж бодож байна. Олимпийн алтан медаль авахад ойртоод байгаа. Хойд хөршөөсөө авч чадаагүй юм чинь урд хөршөөсөө авах байх. Ялья гэсэн хүслийг сайн оргилуулж чадвал ялалт ойрхон байна. Ард түмний итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй, сайн зүтгэх хэрэгтэй. Боксын хувьд гэвэл сүүлийн үед сайжирч байгаа нь дасгалжуулагчтай нь холбоотой байх. Хүндийн өргөлт сайн байх талтай. Буудлага, жүдо бөхийн төрлөөр манайхан амжилт үзүүлэх байх. Би их дайчин, үндсэрхэг үзэлтэй хүн. Монгол түмнээ гэсэн сэтгэл их оргилдог учраас сэтгэлийн тэнхээгээр тамирчдаа мялаахыг хүсдэг. Сэтгэл санаа тайван амар бэлтгэгдвэл амжилтад хүрнэ. Монголчууд цөөхөн ч чадалтай ард түмэн шүү. Мөн тамирчин хүнд аливаа нэг нууц байх хэрэгтэй юм. Манайхан толгой хагаравч малгай дотроо гэдэг шүү дээ. Яг тэрэн шиг. Сая жудо бөхөөр бол манайх амжилт гаргах байсан. Гэтэл солонгосууд заль гаргаад өмнө нь бооцоотой тэмцээн зохиогоод манай тамирчдын мэхийг мэдчихсэи нь харамсалтай.
-Олимпод амжилт гаргахад хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйл юу вэ?
-Өөрийн ялна гэсэн итгэл маш чухал. Монгол улсын гавьяат тамирчин Х.Баянмөнх аварга залуудаа И.С.Ярынин гэдэг бөхөөс айдаг байсан шүү дээ. Хүний сэтгэлийн тэнхээ гэдэг их чухал. Айсан хүн бүхнийг ялдаг шиг тийм сэтгэлийн хүчийг гаргах хэрэгтэй. Ялна гэсэн итгэлийг өөртөө төрүүлэх хэрэгтэй.
-Оролцож байгаа улс орнуудаас аль нь илуу амжилт гаргах бол?
-Би 1952 оноос хойш олимпийн тухай судалгаа хийж эхэлсэн. ОХУ бол өвлийн олимпийг ганцхан удаа АНУ-тай хувааж эзэлсэн байдаг юм. Бусад үед дандаа тэргүүлж байсан. Холбооны улс задарснаас хойш амжилт нь буурч түүнээс хойш АНУ тэргүүлсэн. Энэ олимпод ОХУ багаараа нэгдүгээр байранд орно гэж итгэл дүүрэн хэлэх байна. Дараа нь АНУ, Герман орох байх. БНХАУ сайн байгаа, гуравдугаар байранд орох байх гэж бодож байна.
-Олимп болох хугацаанд ямар нэг саад бэрхшээл тохиолдох болов уу?
-Тэр талаасаа гайгүй гэж бодож байна. Оролцох улс орны тоо дахиад цөөрөх байх гэж бодож байна.

Сургалт эрдэм шинжилгээний алганы хээ судлалын төвийн тэргүүн, доктор Ц.Бор: Алт, мөнгө, хүрэл гурван медальтай ирнэ

-Дөрвөн жилд нэг удаа болдог олимпийн 29-р наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Манай баг тамирчид энэ наадамд хэр одтой байх вэ?
-Олимпоос манай тамирчид гурван медаль авна. Нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль авах байх. Хоёр хүрэл медаль ч авч магадгүй. Надаар хоёр гавьяат болох
Цагаанбаатар, Гүндэгмаа нар заслаа хийлгэсэн учраас нэг нь алтан медаль, нөгөө нь мөнгөн медальтай ирэх болов уу. Би өөрийгөө нэг их хүчтэй хүн гэж бодохгүй ч урьд өмний засал хийлгэж байсан хүмүүс болон хэлж ярьж байсан зүйлээрээ өөрийнхөө хэмжээнд юмаа хийдэг. Тиймээс би үүндээ итгэлтэй байна. Олимп ойрхон ч болж байна. Тиймээс монголчуудын сэтгэл санаа баяртай байгаа.
-Оролцох улс орны хувьд аль улс нь олон медальтай буцах бол?
-Хятад улс амжилттай түрүүлнэ. Дараа нь уламжлалаараа АНУ орно. Хөнгөн атлетикийн бүх л медалийг Хятад авах байх гэж бодож байна. За тэгээд Монгол, Солонгос, Япон улсууд урд урдны олимпуудаас илүү амжилттай оролцоно. Энэ олимпод монгол даяараа сэтгэлээ хандуулж байна. Энэ нь судалгаагаар ч баталгаажиж байна.
-Олимпийн үеэр байгаль цаг уурын болон өөр ямар нэг саад тотгор учрах болов уу?
-Энэ үед саад тотгор нэг их тохиолдохгүй ээ. Харин найман сард нэг л сэтгэл зовоосон зүйл болох байх гэж дүгнэж байна. Газар хөдлөх ч юм уу, эсвэл байшин барилга нурах ч юм уу, ямар нэг зүйл найман сард монголд болно. Энэ үйл явдал орон нутгийн хувьд төвлөрсөн хот руугаа болох байх. Нэг л юм болох гээд байна. Тиймээс монголчууд минь болгоомжтой байх хэрэгтэй.

Монгол зурхай Түвдэнпэлжээлин хийдийн хамба Ж.Гончигсүрэн: Тамирчдын суудал мэнгэ нь ямар байхаас амжилт нь шалтгаална

-”Бээжин-2008″ олимпийн наадмаас манай тамирчид ямар амжилттай ирэх бол?
-Олимп эхлэх өдөр буддын шашинтнууд монголынхоо тамирчдын төлөө итгэл залбирлаа явуулна. Тамирчдаа бүгдийг нь л медальтай ирээсэй гэж хүсч байна. Хамгийн гол нь сэтгэлээ төвлөрүүлэх, хурал номондоо даатгах зэргээ тамирчид маань мартаж болохгүй.
Манай нутгийн хүү М.Баяржавхлан олимпийн нээлтийн ажиллагаанд туг барих юм байна лээ. Тамирчид бүртэй уулзаагүй болохоор ямар амжилт гаргахыг нь сайн мэдэхгүй байна. Олимпийн тэмцээнд амжилт үзүүлэх нь хувь хүнээс ихээхэн шалтгаална даа. Тухайн хүний суудал, мэнгэ нь ямар байхаас их зүйл шалтгаална. Би тамирчдаа тус бүрдээ үзүүлж харуулдаг хүнтэй байх гэж бодож байна. Тэднээрээ засал номоо хийлгэсэн байх аа. Ард түмэн ч тамирчдаа сэтгэлээрээ дэмжих хэрэгтэй. Оролцох улс орнуудын хувьд ч гэсэн хэн их бэлтгэл хийж, зохион байгуулалт сайтай байсан нь түрүүлэх байх.
-Олимпийн наадмын үеэр ямар нэг саад тотгор гарах болов уу?
-Тэр талаар гайгүй биз дээ.

                                        Sonin.mn-ээс

profile

bmbm