Хамрын самсаа шархирч, цээж өөд нэгэн зүйл огшиж, хоолой зангирна... Нулимс минь гарч байвч би инээнэ. Эргэн тойронд бүх зүйл нэг л өнгөлөг гэгээлэг харагдаж, өөрт минь нэг л сайхан зүйл мэдрэгдэнэ. Юуг сайн мэдэхгүй ч би арай л өөр, магадгүй жаахан ихэмсэг болоод байх шиг... Бээжингийн олимпоос О.Гүндэгмааг мөнгөн медаль авсныг сонсоод бид өдөржингөө баяр хөөртэй, ажил маань илүү амархан хөнгөн болчихсон юм шиг...Бүх өдрийн ярианы сэдэв маань олимпийн мөнгөн медаль, бас түүний эзэн О.Гүндэгмаа байлаа. Хэд хоног жаахан харанхуйлж байсан сэтгэлд минь энэ мөнгөн медаль яг л сүү шиг, цав цагаан өнгө гэрэл гэгээ авчирсан юм. Харин маргааш өглөө нь сонссон олимпоос авсан Монголын анхны алтан медаль ердөө л нарны алтан шар цацрагаар сэтгэл болоод бүх биеийг минь гэрэлтүүлж орхилоо. Хамт ажилладаг бидний хэдэн Монголчууд яг л жаахан хүүхэд шиг дэвхцэж, хөдөө талд яваа юм шиг хашгирч, ичиж зовох юмгүйгээр бие биенээ тэвэрч, нүдэнд гялалзах очоор бие биеэ мялаана. Ядрал, сэтгэлийн шаналал гуниг ердөө л салхинд хийссэн мэт алга болж, сэтгэл хөнгөрлөө. Орой нь ажлаа дуусгаад нэгэн андындаа очиж бүх бичлэгүүдийг үзэнгээ хөөрч баярласан сэтгэлээ жаахан пивоор даруулна. Олимпийн аварга болсон Н.Түвшинбаярын барилдаан бүрийн бичлэгийг үзэж суухад хөөрч догдолсон сэтгэл дэвэрч асгарчих гээд бүр хэцүү. Яг шагнал гардах мөчид Н.Түвшинбаярын энгэрт гялалзах алтан медаль, алгуурхан хөөрөх алтан соёмбот далбаа, сэтгэл зүрхэнд минь хамгийн ойр төрийн дуулал эгшиглэх агшин хамрын самсааг минь шархируулж, өөрийн эрхгүй нулимс цийлэгнүүлж, цээж өөд огших нэгэн зүйл хоолойг минь зангируулна. Үнэхээр гайхамшиг байлаа. Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа болон одоо медаль авахаар тэмцэлдэж байгаа Монголын тамирчид та нартаа үнэхээр их баярлалаа. Энэ медаль Монгол орны тусгаар тогтнолын баталгаа байлаа Н.Түвшинбаярын энэ олимпоос хүртсэн анхны алтан медаль Монгол төрийн далбааг Бээжингийн тэндэрт мандуулж, Монгол төрийн дууллыг Хятад улсын газар нутгаас даян дэлхийд сонсгосон нь Тусгаар Монгол улсыг тунхагласан том дуулал байлаа. Тусгаар тогтносон Монгол улсыг үүнээс илүү яаж дэлхий дахинд тунхаглах юм бэ? Хэзээ нэгэн цагт хэн нэгэн санаатай буюу санамсаргүйгээр миний нутгийг газрын зурагт мартах ахуйд зөвхөн энэ бичлэгийг үзүүлж, сануулж байх болно. Тийм ээ!Дэлхийн бүх гүрнүүд туурга тусгаар Монгол улсын сүр хүчийг мэдэрч байна. Өөр хаана ч биш зөвхөн Хятад улсын нийслэл Бээжинд болсон олимпод ийнхүү сүр хүчийг үзүүлсэнд аугаа их өвөг дээдсийн минь сүнс таалан харж байгаа. Н.Түвшинбаяраа! Зөвхөн үүний төлөө чи үеийн үед Монголын төр, Монголын ард түмэнд хайрлан хүндлэгдэх болно. Энэ их хайр хишгийг дааж явах нь олимпийн аваргаас илүү үүрэг хариуцлага шүү. Энэ медаль Монголчуудад их итгэл найдвар бас эв нэгдлийг авч ирлээ Энэ медалийн дараа харьд ажиллаж амьдарч байгаа Монголчууд бусдыг арай л өөр ихэмсэг төрхөөр харж байгаа. Бусад хамт ажилладаг харийнханд хөөр болгон онгирч байгаа. Монгол хүн олимпоос алтан медаль авч чадсан нь олон монголчуудын өөртөө итгэх итгэл, "монгол" гэдгээрээ бахархах омгорхлыг авчирч байна. Энэ мөчид гадаадад байгаа монголчуудын гар утас улайстал ажиллаж баяр хөөрөө бусад монголчуудтайгаа хуваалцаж байлаа. Тэд өөрсдөө ч анзаарахгүй бие биедээ инээмсэглэж, эелдэг найрсгаар хандаж байна. Хүн бүр л олимпийн алтан медалийг сэтгэлдээ хүлээж байсан нь Монгол орны нэр дэлхийн тавцанд их чангаар дуурсаасай, бид бүгд хамтдаа талархан дэмжиж байх нэгэн "баатар" төрөөсэй гэж хүсч байсны илрэл байжээ. Энэ мөчөөс хойш олон сайхан хүүхэд залуус өөрийгөө дайчилж "баатар" болохын төлөө хөдөлмөрлөж тэмцэж эхэлнэ. Тэд бие биеэ дэмжиж энэ олж харсан боломжинд хүрэхийн төлөө зүтгэцгээх болно. Монголчууд бид эв найртай байхын эхлэл бас энэ билээ. Энэ медаль цоо шинэ залуу үейиг бидэнд харууллаа Яг үнэндээ оноо цуглуулж олимпод оролцсон Н.Түвшинбаярыг ийм амжилт үзүүлнэ гэж хэн ч төсөөлөөгүй. Өнгөрсөн наадмаар шинэ залуу бөхчүүд аварга арслангуудыг өвдөг шороодуулж наадмын үзүүр түрүүг авна гэж хэн ч төсөөлөөгүйн адил. Н.Түвшинбаярын өөрийн өрсөлдөгчидтэйгээ айж бэргэхгүйгээр өөртөө итгэлтэй дайчин барилдаж , аварга болж байгаа нь бидэнд олон зүйлийг ойлгууллаа. Өөртөө итгэлтэй дайчин, эрч хүчтэй залуу үе гарч ирж байна, Тэд бидний хүсч үгүйлж байсан шударга өрсөлдөөний "бэлэг тэмдэг". Тэд элдэв луйвар шударга бус явдал, дарамт, хуйвалдааныг зад татан гарч ирж байна. Тэд цаашид ч их спорт төдийгүй Монголын нийгэмд шударга бус , увайгүй бүхнийг зад татан гарч ирцгээх болно. Харин тэднийг дэмжих хэрэгтэй. Одоо харин тэднийг бүү эвдэгтүн Монголчууд бид баахан туйлшрамтгай. Амжилт гаргасан нэгийгээ тэнгэрт тултал нь магтан хөөргөж, үүнийгээ архи согтууруулах ундаагаар даруулан газарт буулгадаг муу зуршил бидэнд бий. Бид ийм заншлаар олон авьяас, хөдөлмөрийг "согтоосон" гашуун туршлага бий. Баярлаж бахадсан сэтгэлээ "идээний дээж"-тэй очиж бүү илэрхийлээрэй. Архи худалдаж авах мөнгөө алд цэнхэр хадаг дээр тавьж сэтгэлээ шингээн очоорой. Амьдралд нь санаа зовж "мисс" болон "жентельмен"-тэй гэрлүүлэх гэж бүү тэвдээрэй. Тэд урьд нь яаж амьдарч хэнтэй нөхөрлөж байсан тэр л хэвээрээ байг. Гавьяа байгуулж баатар болсон гэж гар хөл илүү ургах биш хүн хүнээрээ байг. Харин авсан шагнал болон бэлэг нь ахиад илүү амжилт үзүүлэх боломж болог. Би та нараас хичээнгүйлэн гуйя, эднийг бүү эвдэгтүн. Бусдын хайрыг даана гэдэг амаргүй. Залуус минь алтан медаль дааж чадсантайгаа адил хайр хүндлэлийг дааж сураг. Бас бусдад үлгэр болог. Та нартаа маш их баярлалаа. Та биднийг хөх тэнгэр, монгол төрийн алтан сүлд ивээг. Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах 2008-08-16 e-mail: gala_mn@yahoo.com эх сурвалж:www.orloo.com