Хангайн мод олон ч

Жимстэй мод нэгэн хоёр

Хамаг амьтан олон боловч

Халамжтай хань нэгэн хоёр


Замын тоос гарвал нь

Зандан хүрний тоос юм

Залуу бага насанд

Зальхай явдал ичгүүр юм


Хив хадаг зөөлрөвч

Бурханы яндар болдог юм

Хиргүй цэвэр цаасч

Номын хуудас болдог юм


Нарнаас наагуур хөшиглөсөн

Үүлэн чамайг яах вэ.

Насны багад ханилсан

Үүнийхээ сэтгэлийг яах вэ


Хариас ирэх шувууны

Хангинах дуу нь янзтай

Хайртнаас салах хүний

Харамсах сэтгэл уяралтай.


бас Д.Равжаа гуайн хэлсэн онч мэргэн үгсийг та нартаа толилуулая


***Нохой ч бол сүүлтэй нь сайхан.

     Гуйранч ч бол журамтай нь сайхан.

     Арслан баатар ч бол галаас цочдог.

     Хүн сайн ч бол нэг юманд гэнэддэг.


***Алдартай хулгайчийг явбал

     Шөнө байтугай өдөр ч хардана

     Атаач хүнийг мэдвэл

      Муухай байтугай сайхан загнавч үл үнэмшинэ.


***Унасан морь гижигээ хүрвэл

     Эс үргэвч өшиглөх

     Удаан ханилсан нөхөр уураа хүрвэл

      Эс ноцолдовч хэрэлдэх.


***Дайсны дэргэд амрагаа битгий магт

     Амрагийнхаа дэргэд дайснаа бүү нуу


*** Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс.

      Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий


***Баяссан бүгд тусыг эрнэ

     Гомдсон бүгд хорыг эрнэ


***Уургач морио удаан битгий уна

     Учирсан нөхөртөө уйдах үгс бүү хэл


***Мэдэвч нуудаг,

     Чадавч тусалдаггүй,

      Асуувч хэлдэггүй,

      Ававч ханадаггүй,

      Аргадавч баясдаггүй,

      Тийм хүмүүст бузгай эрдэм хичнээн байвч

       Усгүй газрын ногоо мэт хүртэмжгүй тул бушуу холд.


***Авах хүнд хэрэгтэй үг хатуу ч бол яруухан

     Орхих хүнд зөөлөн үгээр өгүүлэвч уйддаг


***Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ

     Буруу сэтгэлтэй хүн зөв үгийг ч хардана


***Ханилах тусмаа ганц зантай

     Асуух тусмаа үнэн үгтэй

     Дээдсийг хүндэлж адис ачийг хүртэх

     Дордсыг ачилж буян ерөөлийг олох

     Мал гэж махарч насаа барахгүй

     Нэр гэж нэхэж сүнсээ барахгүй хүнийг

     Буянт нөхөр,сайн хувьт хэмээжээ.


***Буян сайтай хүнд бурханы туяа тусдаг

     Нойтон чийгтэй газраас ногоо жимс ургадаг


***Өөдгүй үг хэлэх гэвэл үхсэн хүн шиг дуугаа хорь

     Өөрт тустай үгсийг амны уншлага мэт давтаж яв


***Энэ бие зээлийн байшин мэт

     Энэ нас зүүдний үзэгдэл мэт

..........