Р.Чойном

40.jpg














Хатмал цөлд явахад хар ус амттай
Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй
Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай
Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай
Ингэхэд ер нь жаргал гэж илэрхийлж юуг хэлдэг юм болоо
Хүндэт тэр жаргал тэгээд хүн бүхэнд адилхан уу

Үгүй ээ
Үүлэнд хэлбэр байхгүй
Үйсэнд ширхэг байхгүй
Үнсэнд тоо байхгүй
Усанд өнгө байхгүй
Утаанд үнэ байдаггүй
Ургамалд дуу байдаггүй
Учир нь гэвэл хэтэрхий баян байгаль
Хэлбэрт захирагдах дургүй гэнэ
Хэнд юу сайхан бэ гэдгийг
Хэлж тогтоож болдоггүй гэнэ
Амттаны сайханыг идэж өнгөтний сайханыг өмсөж
Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг
Зарим хүн жаргал гэнэ
Залхаж хагас нь зовлон гэнэ
Гэтэл бусдаас харамлах өмчгүй
Будаж гоодох гоёлгүй
Буруудсан ч зөвдсөн ч
Хувьдаа буйдхан тэнэж явахыг
Эр хүний жаргал гэнэ
Энэ насны зовлон ч гэнэ
Сайн хүлэг унаад сайхан эмээл тохоод
Хүүхний сайхантай ханьлаад хүнд гайхуулж явахыг
Хамгийн дээд жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Гэтэл хүн тоохгүй унаатай хүүхэд ч тоохгүй эмээлтэй
Амьтан тоохгүй эхнэртэй амиа борлуулж суухыг
Алд биений жаргал гэнэ
Арчаа байхгүй зовлон ч гэнэ
Төрийн тушаал тэвшиж
Төмөр царай царайлж
Эгэл олныг айлгаж
Эрх ямбатай явахыг
Дурлаж зарим нь жаргал гэнэ
Дургүйцэж зарим нь зовлон гэнэ
Гэтэл халагдахаасаа өөр сэтэргүй
Хавийнхнийгаа айлгах сэнтэггүй
Хар гэртээ хаан бор гэртээ богд байхыг
Хал палгүй жаргал гэнэ
Хагас нь бас зовлон гэнэ
Намба ухаан төгс
Нас тогтсон авгайтай
Энхрийлэл халамж хоёрт нь
Эрхлэн хөлчүүрч хэвтэхийг
Зарим хүн ухаалаг жаргал гэнэ
Зарим хүн уйтгар зовлон ч гэнэ
Гэтэл амьдрал мэдэхгүй багачуулыг
Амрагаа болгож аваад
Ноолуулж эрхэлүүлэх ялдамд
Номорхож томорхож суухыг
Энэ биений жаргал гэнэ
Эр хүний зовлон ч гэнэ
Ай элдэв жаргал хэмжээтэй
Эцэст нь төлөх үнэтэй
Эрдэм сурах санасандаа хүрэх хоёр л
Энэ насны жаргал гэлтэй
Ай даа хожмын үр сад минь дээ
Хорин зууны бичиг судлахдаа
Зовлон гэж юу байдаг юм болоо гэж
Зон олноосоо сураглаж явах болтугай
Энэ үеийн бидэнд уух ус, идэх талх шиг
Элбэг байсаар байгаа
Зовлон гэдэг сүүдрийг нэвтэрхий толын хуудаснаас
Холын удам минь нэн ч зүдэж байж олж ойлгох болтугай
Энэ миний үеийнхэн хэн маань ч ялгаагүй
Элс шороотой хөдөөрхүү нутагт
Жаргал дунд биш зовлон дунд
Жаалхан биеэрээ унаж тусан төрсийм
Унахдаа дуулж төрөөгүй уйлж төрсийм
Өргөс ихтэй энэ хорвоод
Өөрөөн ч мэдэлгүй зовлон тоочсон нь тэр
Ой мод шиг зовлон дундаас гээсэн сүх шиг жаргалыг
Олох гэж яваад нэгэн насаа бардаг
Олон зууны олон олон үеийнхэн
Олсноосоо олоогүй нь ихээ
Эх дэлхийн минь тансаг амьдрал дунд
Энэ их зовлон чухам хаанаас ундранам бэ
Элж улирдаг их түүхийн турш
Элдэв зовлон барагддаггүй юмуу
Үгүй ээ
Барагдах нь байтугай багассангүй
Үндсийг нь хүн өөрөө тариж
Үр жимс мэт энэ зовлонгоо ургуулж
Үржүүлж
Бие биендээ тараасаар байнам
Өвөг дээдэс болсон сармагчин ажаагаа
Өвчиж төрдөг хүн гэдэг амьтан
Өөртөө дандаа дайсан болж
Өег жаргалын оронд
Өвчин зовлон санаачилна
Үстэй чихэвчтэй малгай зохиосон мөртлөө
Үдэш өглөөний жаварт гоёж явж чихээ хөлдөөнө
Ган халуун зун олны өмнө нэрэлхэж гангалж
Бариу гутал өмсөөд хөлөө сүйтгэнэ
Хортойг нь мэдсээр байж архи дарсанд
Хорхойтсон баавгай шиг шунан согтоод
Хонуут өнжүүд огиж бөөлжөөд
Хоосон хохийн шартахын зовлонг эдлэнэ
Унд хоол байсаар байтал
Тамхины утаа залгилж бохь жажилж
Авсанд ортлоо зэрэмдэг болоод
Ам чөлөөгүй зовлон тоочино
Хүсч өөрий нь тоох нь байтугай
Хүн байна ч гэж хараагүй
Хар элгийн хүнд шохоорхон
Хайртай боллоо гэж давхиад
Эвий нь ололгүй сээтэгнэж
Эгдүүг нь хүргэж орхиод
Эцэст нь өөрийг нь тоосонгүй гэж
Элдвээр харааж цүхэж үлддэг
Тэрүүнийгээ өсгөн өсгөн
Тэнгэрт тулсан зовлон тоочдог
Тоочсон зовлондоо өөрөө итгэж
Толгой мэдрэлийн солио тусдаг
Элдэв хуулийг өөрөө батлаж
Эцэст нь тэрнийгээ өөрөө зөрчиж
Эрүүгийн хэрэгтэний сандалд сууж
Элгэн саднаараа зовлон болдог
Хэтэрхий бөх шорон баричихаад
Хэрэг тариж өөрөө орчихоод
Хэл мэдэхгүй адгуус хэмээн
Хэв хэнэггүй орилж цамнадаг
Өөрсөндөө эцэст нь амар заяа үзүүлэхгүй
Өөдгүй хэнхэг хүнд их эрх эдлүүлээд
Хариуд нь тэрүүндээ үе удмаараа
Харгислуулж гашуун зовлон эдлэнэ
Төрсөн үрээ үг сүггүй эрхэлүүлж
Төрхгүй мунхаг болгож өсгөөд
Хөлд нь сүүлд нь өөрснөө үрэгдэж
Хөрөнгө хогшил нэр төрөө баллуулдаг
Хүмүүс минь дээ
Хүсэл чинь их ухаан чинь урт ч гэлээ
Хүлээх тэвчээр чинь даанч богиноос
Хүүхэд мэт сониучхан аашиндаа хөтлөгдөж
Эртнээс эдүгээ хүртэл та нар
Эрэг сондуул мэт нуран нурсаар иржээ
Эзэгнэн захирч чадаагүй өөрөөсөө болоод
Энэ мэтчилэн та нар зовсоор байх юмуу