
ОХУ-ын нийслэл Москва хотноо зохиогдож буй “AIBA World Cup-2008” буюу “Дэлхийн цом”-ын тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас хоёр тамирчин эх орноо төлөөлөн хүч сорихоор мордсон билээ. Тэмцээний 48 кг-ын жинд өрсөлдсөн “Бээжин-2008” олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Сэрдамба эхний тойрогтоо Казахстаны боксчин Биржан Жакиповт 13:5 харьцаатай ялагдсанаар тэмцээнийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харин ОУХМ У.Мөнх-Эрдэнэ өчигдрийн тоглолтод Францын тамирчин Алексис Вастинтай өрсөлдөж, 11:8 харьцаагаар буулгаж авснаар мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрбээр энэ үдэш “Дэлхийн цом”-ын төлөө Кубын шилдэг тамирчин Роньель Иглесиастай өрсөлдөх юм. Иглесиасын хувьд мөнгөн медалийн төлөөх тулаанд ОХУ-ын боксчин Александр Ивановыг 18:6 харьцаатай ялсан байна. Манай тамирчин У.Мөнх-Эрдэнэ тэмцээний эхний өрсөлдөгч болох Тажикистаны Мадади Нагзибековыг 18:3-аар ялснаар шөвгийн дөрөвт шалгарсан юм.
>-)