
Г.БАЯРСАЙХАН Монголын анхны хувийн их, дээд сургуулиудын нэг “Шонхор” дээд сургууль байгуулагдсаны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол улсын дархан аварга, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнхийн үүсгэн байгуулсан уг сургуулиас олон арван хүчтэн төрөн гарсан билээ. Ойн баярын өмнөхөн сургуулийн захирал Х.Баянмөнхтэй уулзаж ярилцсанаа хүргэе.
-1988 онд хувийн сургууль, клуб байгуулах ойлголт үгүй байсан. Та тэр үед яагаад хувийн сургууль байгуулахаар шийдсэн юм бэ?
-Бөх хүн эрдэмлэг, гэгээлэг байгаасай гэж би боддог. Гэтэл хүмүүсийн дунд бөхчүүд бүдүүн баараг, нэг дор 100 бууз идчихдэг, авдар архи уучихдаг гэсэн таагүй ойлголт байдаг. Тиймээс би бөх хүн яагаад эрдэм номтой, ухаалаг байж болдоггүй юм бол гэж дандаа боддог байлаа.
Миний энэ бодож явдаг зүйлтэй холбогдолтой гэрээс надад байдаг юм. Би айлын отгон хүүхэд. Аавынхаа 56-ны насан дээр төрсөн. Багадаа их эрх танхи, аавынхаа амь нь болсон хүүхэд байлаа. Харин аав минь намайг 10 настай байхад бурхны оронд одсон юм. Тиймээс би аавтайгаа ярьж, аавынхаа захиас сургаалыг сайн сонсож чадаагүй. Би үүнд их харамсаж явдаг. Гэхдээ аавын минь үлдээсэн хоёр том гэрээс байдаг юм.
Ээж надад “Чамайг унтаж байхад аав чинь толгойг чинь илж, миний хүү эрдэм номтой, ухаантай хүн болно оо гэж дахин дахин хэлдэг байсан” гэж ярьж байсан. Эндээс аав минь намайг эрдэм номтой, ухаантай хүн болоорой гэж гэрээс үлдээжээ гэж боддог юм. Нөгөө нэг гэрээсийнх нь тухай ярья. Би есөн настай байхдаа аавтайгаа хамт Хяргас сум орохоор явж байлаа. Замдаа харз уснаас морио услаад зогсож байв. Гэтэл морьтой хоёр хүн ирээд аавыг их хүндлэн уулзлаа. Ер нь манай нутгийнхан аавыг их хүндэлнэ. Нэрийг нь хүртэл хэлдэггүй байсан. Үе тэнгийнхэн юм уу настай улс “шударга” гэж дууддаг. Харин дүү хүмүүс нь “дайдай” гэдэг.
Би арван нас хүртлээ аавынхаа жинхэнэ нэрийг мэддэггүй байлаа. Тэр хоёр хүн ирээд аавтай их олон юм ярьсан. Дараа нь над руу хараад “Танай бага хүү Мөнх шив дээ” гэж асуусан. Тэгээд “Үеийнхэн дотроо шаггүй барилдаж байна гэж сонссон. Бөх болох юм байгаа биз дээ” гэж ааваас асуулаа. Аав хариуд нь “Овоо л барилддаг сурагтай юм аа. Үеийн хүүхдүүдээ дийлж байна гэх юм. Бөх болох эсэхийг нь би яаж мэдэхэв. Удмаа дагавал сайн л бөх болох ёстой доо” гэж хэлээд тамхиа татан бодол болоод зогсон байсан дүр зураг миний сэтгэлд үлдэж.
Эндээс би аав минь намайг бөх болоосой гэж үнэн сэтгэлээсээ хүсч явсан гэдгийг мэдэж авсан. Миний аав надад үүгээрээ бөх хүн эрдэмтэй, ухаалаг байх ёстой гэдгийг захиж, гэрээсэлж өгсөн юм. Тиймээс би эрдэм ном, бөх хоёрыг шүтэж амьдарсан.
Гэтэл энэ бодлыг минь амьдралд хэрэгжүүлэх нэгэн явдал 1988 оны дөрөвдүгээр сарын 18-нд боллоо. Би тэр үед чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувиар тамирчдаа Сөүлийн олимпод бэлдэж байсан. Гэтэл тэр өдөр БТСУХ-ны коллег хуралдаж байна, маш яаралтай ир гээд намайг дуудлаа. Би бэлтгэлийн хувцастайгаа, хүзүүндээ шүглээ зүүчихээд шууд яваад орсон. Ороод олимпод бэлдэх асуудлыг эрчимжүүлэх тухай ярих байх гэж бодож суулаа.
Гэтэл байдал өөрөөр эргэдэг юм байна. “Нөхөр Баянмөнхийг улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн албанаас халж, Говь-Алтай аймгийн БТСХ-ны ахлах дасгалжуулагчаар ажиллуулсугай” гэсэн тогтоолын төсөл уншлаа. Тэнд байсан хүмүүс бүгд л үе тэнгийн, таньдаг хүмүүс байсан болохоор надаар тоглож байна даа гэж эхэндээ бодлоо. “За нөхөр минь, олимпод муу оролцвол ийм л тогтоолын төсөл уншина шүү дээ” гэж хэлэх гэж байна гэж бодохгүй юу. Гэсэн ч нөгөөдөх чинь үнэн болоод хэлэлцэж эхэлсэн. Сарын өмнө “Үнэн” сонинд миний тухай материал гарсан юм. Баянмөнх аварга ирснээс хойш чөлөөт бөхийнхний амжилт муудлаа гээд бичсэн байсан.
Тэр үед “Үнэн” сонин дээр л бичигдвэл түүний мөрөөр заавал арга хэмжээ авдаг байлаа. Тэгээд таван цаг хуралдаад, бөөн маргаан болсны эцэст нөгөө хүмүүс дийлээд намайг халсан даа. Гэхдээ арай ч Говь-Алтай руу хөөгөөгүй. Намайг залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч хий гэсэн, гэхдээ би зөвшөөрөөгүй. Үүнээс хойш гурав хоног гэртээ хэвтэхдээ маш их юм бодсон.
Ингээд эцэст нь өөрийн гэсэн сургууль байгуулья гэж шийдсэн юм. Заавал төрийн юманд захирагдаж байхаар өөрөө юм байгуулаад өөрөө мэдээд зааж болдоггүй юм уу гэсэн бодол төрлөө. Тэгээд Дашдовдон дарга дээр ороод заал, дэвсгэр өг, би өөрийн гэсэн клуб байгууллаа гэж хэлсэн. Тэгээд надад одоо “Шонхор”-ын байгаа заалыг нэг хуучин дэвжээтэй өгсөн. Ингээд шавь нараа цуглуулах ажилд орсон доо.
Залуучуудын шигшээ багаас Ц.Цогтбаяр, Л.Сэргэлэнбаатар, Төв аймгаас Ж.Намжилдорж, Батмөнх, Увсаас Д.Бумбаярыг, Баянхонгороос Г.Чадраабалыг, Өмнөговиос Д.Занданбатыг, Хонхороос А.Сүхбатыг, цэргийн ангиас Б.Эрдэнэбилэг, Хөвсгөлөөс Лхагвасүрэн гээд том биетэй хүүхдийг авлаа. Энэ мэтээр шавь нараа цуглуулж эхэлсэн. Гэхдээ хүүхдүүдийг сонгохдоо бөхийн удмыг нь харгалзан авсан. Ингээд 1988 оны зургадугаар сарын 6-нд анхны бэлтгэлээ хийж билээ. Тэр үед өдөрт хоёр цаг бэлтгэл, хоёр цаг хичээл орж байсан. Эхэндээ англи хэл, дараа нь монгол бичгийн хичээл ордог байлаа. Ингэж л миний сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн дээ.
-”Шонхор” гэдэг нэрийг хэрхэн өгч байсан бэ?
-Эхэндээ сургуульдаа ямар нэр өгөхөө мэддэггүй ээ. Янз бүрийн санал гарч л байлаа. Нэг өдөр сургуулийнхаа 20 гаруй хүүхдийг цуглуулаад ярилцахад бидний хамгийн том цолтой бөхийн цолны нэр өгье гэсэн санал гарсан. Гэсэн ч тэр дунд цолтой бөх байдаггүй. Харин Гантогтох тэр үед наадмын хүүхдийн барилдаанд түрүүлээд “Шонхор” цол авчихаад байв. Тэгж сургуулийнхаа нэрийг “Шонхор” гэж өгөхөөр шийдсэн юм.
Тэр оройноо О.Шагдарсүрэн гэж доктор дээр очоод шонхор шувууны тухай асуулаа. Тэр хүн надад шонхор бол маш хурдан нисдэг, өндөр настай, жижиг шувуунуудаас хамгийн гарамгай нь. Хүнд дасамтгай, яг бариад тэжээвэл зөөлөн сэтгэлтэй, тэгсэн мөртлөө юманд хандахдаа маш ширүүн гэж хэлж өгсөн. Ерөөсөө л бөх хүний шинж байсан даа. Клуб маань бүтэн жил нэргүй явж байгаад 1989 онд албан ёсоор нэрээ өгч бүртгүүлсэн түүхтэй дээ.
-Анх сургууль байгуулахад зовлон бэрхшээл их л байсан байх. Тэр бүхнийг хэрхэн даван туулж ирснээ яривал сонин байх болов уу?
-Тэр үед асар их зовлон үзсэн дээ. 20 гаруй хүүхэд минь хоол, өмсөх хувцас, цалин байхгүй мөртлөө л зүтгэнэ. Наад захын шаардлагатай бүхнийг бусдаас гуйж олно. Хүүхдүүдээ бэлтгэл хийлгэчихээд л гараад явна. Нөгөө хэд намайг хараад л үлддэг байлаа. Тэгээд намайг ирж явахаар царайны байдлыг хардаг гэсэн. Баргар царайтай байвал хоосон ирлээ гэсэн үг. Тэр үед “за хүүхдүүдээ, одоо тарцгаая” гэж хэлнэ. Жаахан мөнгө олчихвол бүгдээрээ хоолонд орьё гээд шуугиад гарна. Сүүлдээ мөнгө олдохоо байлаа. Би хүүхдүүддээ сард 250 төгрөгний цалин өгдөг байв. Ингээд нэг удаа “Monel” компанийн захирал Ялалт гэдэг хүн дээр орлоо. Тухайн үед Монголдоо л анхны баян хүний нэг байсан.
Намайг ороход “Танд өгчихөөр бэлэн мөнгө алга. Оронд нь 40 шуудай цагаан будаа өгье” гэж билээ. Ингээд хүүхдүүдийнхээ цалингийн оронд нэг нэг шуудай цагаан будаа өгөөд явуулсан. Орой нь бүгд шуудайтай будаа үүрээд явж байлаа. Ийм маягийн амьдралтай байж байгаад 1991 онд золгосон. Тэр үед шинэ Үндсэн хууль батлагдаж, хувийн их, дээд сургууль байгуулж болно гэсэн заалт орсон юм.
Ингээд 1991 оны тавдугаар сарын 11-нд Сайд нарын Зөвлөлийн хурлаар орсон. Тэр үед надад “За Баянаа аваргаа, та анх удаа бөхийн сургууль байгуулж байна. Сайн бөх бэлдээрэй” гэж хэлээд гаргаж байсан. Эргэж ирээд сургуулийнхаа нэрийг өгөх гээд чаддаггүй. Би “Шонхор” гэсэн нэр өгөх санал гаргасан ч Г.Лхагвасүрэн Үндэсний спортын сургууль гэсэн нэр өгье гэсэн. Тэгээд Анагаахын их сургуулийн захирал байсан Балдандорж бид гурав ярилцаж байгаад Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг байгуулж байлаа.
Гэтэл 1995 онд анхны төгсөлтөө хийсний дараа манай сургууль 600 гаруй оюутантай болж, байшин савандаа багтахаа болилоо. Тэгээд нэг өдөр Г.Лхагвасүрэнг дуудаад “Чи нийтийн биеийн тамир, спорт тоглоомоо авч өөр сургууль байгуул. Би бөхийн төрлүүдээ дагнаж явья” гэж хэлсэн. Ингээд Г.Лхагвасүрэн ҮБТДС гэсэн гэрчилгээгээ аваад, би “Шонхор” дээд сургуулийг байгуулж билээ. Саяхан Г.Лхагвасүрэн маань гавьяат болж, бидэнд баярт үйл явдал тохиолоо. Бид өдийг хүртэл хоорондоо холбоотой, хамтран ажиллаж байна.
-”Шонхор”-ын түүх гээд яривал их зүйл болох нь тодорхой. Танай сургуулийг хэдэн хүн төгсөж гарав, ямар амжилт үзүүлэв гэдэг тухай тоо баримт сонирхуулна уу?
-”Шонхор” клубийн хүүхдүүд бүгд “Шонхор” дээд сургуулийг төгссөн л дөө. Одоогоор манай сургуулийг 1280 орчим оюутан төгсөөд байна. Эндээс улсын цолтой 36 бөх байна. Аварга нэг, гарьд нэг, гурван заан, найман харцага, 22 начин. Мөн аймгийн арслан цолтой бөх 50 гаруй, заан цолтой нь 40 шахам, начин цолтой нь 50 шахам байна. 400 гаруй сумын заан төрж. За тэгээд олон улсын шүүгч, бөхийн нэвтрүүлэгч, сэтгүүлч, тайлбарлагч, хурдан морины уяач гээд олон янзын мэргэжилтэй хүмүүс төгссөн байна.
20 жилийн ойдоо зориулж сургуулийнхаа бүх алдартнуудыг оруулсан ном хэвлэн гаргах гэж байна. Үүнд манай сургуулийн 20 жилд хийсэн ажил тэр чигтээ харагдах юм. Түүнээс гадна бидний бахархдаг юм их бий. Манай сургуулийн оюутнууд жил бүр 100 гаруй сумын наадмын түрүүг авдаг юм. Мөн жил бүр 2-6 аймгийн наадамд түрүүлчихнэ. Улсын наадамд янз бүр л байна.
Түүнчлэн найман жилийн сургууль төгссөн зарим хүүхэд 10 жилдээ орж чаддаггүй. Учир нь суралцах явцдаа сургуулийнхаа нэрийг гаргах гэж янз бүрийн тэмцээнд оролцсоор байгаад хичээлээсээ хоцорчихсон. Барилдах авьяастай мөртлөө хичээлээсээ хоцорсон ийм хүүхдүүдэд зориулаад лицей сургууль байгууллаа. Энд хүүхдүүд бөхийн дасгалаа хийхийн зэрэгцээ 10 жилийн боловсролоо эзэмшиж байгаа. Иймэрхүү тоо баримттай сууж байна даа.
-Сургуулийн 20 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан удахгүй болох гэж байгаа. Энэ барилдааныхаа талаар тодруулж өгнө үү?
-13-нд 13.00 цагаас Улсын циркт манай сургуулийг төгссөн 256 бөх барилдах гэж байна. Одоогоор улс, аймгийн алдар цолтой 128 бөх бүрдээд байна. Бусад нь сумын заанууд аманд гарах байх.
-Үүнтэй холбогдуулаад нэг юм лавлаж асууя. Танай сургуулийг төгссөн бүх хүн зодоглоно гэлээ. А.Сүхбат аварга, Б.Гантогтох гарьд энэ удаа зодоглох болов уу?
-Би Сүхбаттай саяхан ярьсан. “Чи гарахгүй бол би барилдахаас” гэхэд “Тэр чинь хэцүү үг байна даа” гэж байсан. Яахыг нь сайн мэдэхгүй юм. Бусад нь барилдаандаа бэлдэж байгаа. Ө.Даваабаатарын хувьд гарны гэмтэл нь амжиж эдгэх эсэх нь мэдэгдэхгүй байна. Мөн Г.Ганхуяг харцага бага зэрэг гэмтэлтэй байгаа юм байна. Бусад нь ирэх байх. Бид энэ барилдаанд түрүүлсэн бөхдөө машин өгөхөөр бэлтгэж байгаа. Ямар ч байсан барилдааны бай шагналд зориулж 15 сая төгрөг төсөвлөсөн.
-”Шонхор” дээд сургууль “Олимп” дээд сургуультай нэгдээд “Шонхор-Олимп” нэртэй болсон гэл үү?
-”Шонхор” сургууль маань ноднин жилээс “Олимп” сургууль болсон. Энэ сургууль маань дороо “Олимп” клубтэй байх юм. Хүүхдийг бүр багаас нь авч ерөнхий боловсрол эзэмшүүлэхийн зэрэгцээ бэлтгэл хийлгээд том болохоороо “Олимп” дээд сургуульд элсэж орох юм. Ингээд багаасаа бэлдсэн тамирчдаа олимпод барилдуулах зорилготой. Ийм том зорилго тавьж ажиллаж байгаа учир сургуулиа “Олимп” гэж нэрлэсэн. Нэгэнт 19 жил “Шонхор” нэрээр явсан учир “Шонхор-Олимп” гэж нэрлээд ойгоо хийчихье. Харин маргаашнаас нь эхлээд сайдын тушаалын дагуу “Олимп” дээд сургууль гээд явах юм.
-Сонирхолтой сайхан ярилцлага өгсөнд баярлалаа. Танай сургуулийн цаашдын ажилд амжилт хүсье.
-Эцэст нь өөрийнхөө сургуулийг төгссөн 1280 оюутан, тэдний гэр бүл, үр хүүхэд болон зодог шуудагны садан төрөл Монголын нийт бөхчүүддээ сургуулийн 20 жилийн ойн мэнд хүргэе. Та бүхэн эрдэмлэг, гэгээлэг байж, бөхийн спортын хийморийг өргөж яваарай гэж хүсье. Монголын бөхийн босоо цагаан хийморь дандаа өөдрөг, бадарч явах болтугай гэж ерөөе.