Хойт эцэг
Надад аав байсан. Дуу дуулж хүзүүн дээрээ суулгадаг тийм л аав. Гэнэт тэр явчихсан. Гэхдээ тийм ч холгүй. Аавгүй өнгөрсөн миний он жилүүд урт. Үүнийг хойт эцэг нөхсөн. Түүнийг миний эцэг мөн гэдэгт итгэхийг хичээсэн. Гэтэл тэр аав их ууртай хүн байлаа. Бас харгис. Намайг зодно. Бараг өдөр бүр энэ аймшигт тарчлаан үргэлжилнэ. Суран бүс, модон сандал, гитарын утсаар тэр надад гарын үсгээ үлдээсэн. Харин би удаан тэвчсэнгүй. Арван таван жилийн дараа ааваасаа зугтсан. Тэгээд дуу дуулж хүзүүн дээрээ суулгадаг байсан аавыгаа хайлаа. Төдөлгүй олсон.
Гэтэл би том болчихож. Тэр одоо намайг дахин хэзээ ч хүзүүн дээрээ суулгахгүй. Хүсэх ч үгүй. Түүнд хоёр настай охин байдаг. Би зогслоо. Эхнээс нь удаан бодов. “тэр явчихсан. Бүр хоёр настай байхад минь явчихсан. Үүгээрээ л дуусаг.”
Надад аав байсан. Миний хойт эцэг. Ганцхан түүний тухай л дурсах зүйл надад олон бий. Би зоригтой, тэвчээртэй бас дэг журамтай. Яг л цэрэгт явсан хөвгүүд шиг миний бага нас ёслохоос бусдыг заалгасан. Тэр үүнийг надад сургасан. Хойт эцэг. Миний аав. Түүнийг би сайнаар дурсана.