Бичлэгийн тоо 5,522
Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлүүд
Элгэн минь дээ
Сэлэнгэ минь Байгаль руу
яарсан ч гэлээ
Сэвх нь ногоо болж ургадаг аа
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон, гээсэн, нүгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм
Жигүүртэн жигүүртэн гээд
Тэнгэрт өндөглөх биш
Жиргэж жиргэж газарт л буудаг
Тал наргүй, бүтэн дэлхийн
Татах хүч нь газар
Тэнүүн талын минь гар дэлхийн
алд болно
Тэндээс хумсын чинээг ч бүү хороо
Өндөлзөнхөн ургаа уулс бүхэн минь амьтай юм
Үрсийг нь битгий зовоо
Давж ургадаг түүх минь
ертөнцийнх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцуй наймаа омог огшуун
байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буурь, хонины бууц, хүйн чулуу
Ганцыг нь ч бүү хөнд дөө,
ертөнц хөлсөнө
Хот балгадаар орчлонг дүүргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ
Юу ч үгүй ирсэн, юүдэнгүй, цувгүй
Юндэн, Балган нөхөр ч үгүй
Газартаа газар болох гэж
Ганцхан түүндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа үлдээх гэж
Гавьж төрсөн юм, гийж төрсийм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Довыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ, эмтэрнэ
Эхлэл гэдэг төгсгөл байдаг шиг,
тэр цагт
Зөнөсөн хорвоо бүгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж мөхнө
Газрын үг үнэн билээ
Гашуун ч гэсэн мэдтүгэй
Галавын галавт дагасугай
