
1990-ээд оны дундуур Ховор хуучин номын дэлгүүрээс В.Шекспирийн “Лир ван” зохиолыг худалдан авч билээ. “Лир ван”, “Отелло” хоёр жүжгийг Э.Оюун, Ч.Чимид нарын орчуулгаар 1964 онд хэвлэсэн энэ номыг олон удаа уншсан даа. Унших дуртай номуудын минь нэг эл номыг нэгэн өдөр дүү маань гуйж авлаа.
Миний дүү Баянмөнх ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн байгуулсан Бэсрэг жүжгийн театрт нэг хэсэг жүжигчин байсан юм. Г.Гомбосүрэн гуайн удирдлаган доор дан залуучуудаас бүрдсэн тэдний театр “Отелло” жүжгийг тавих юм гэнэ ээ. “Хүн юм хийе гэж байхад дэмжилгүй яахав. Харин номыг минь муухай болгов, алга болгов оо, чи” гэж баахан захиж байгаад өгч явууллаа. Хэдэн сарын дараа тэдний театр “Отелло” жүжгийг Улсын филармоны тайзан дээр тавьж тоглуулдаг юм байна. Нээлтэн дээр нь очиж үзлээ. Урьд өмнө жүжигт тоглож байгаагүй 18-25 насны дан залуучуудаас бүрдсэн баг тавьсан гэхэд тун зүгээр. Сонгодог жүжгийг сонирхолтой хэлбэрээр найруулан тавьж, дан залуучууд тоглуулан авьяасыг нь нээсэн Гомбосүрэн гуайдаа баяр хүргээд буцлаа. Сүүлд нь дүүгээсээ номоо нэхвэл “багшид байгаа” гээд өгдөггүй ээ. Хэд хэд дахин нэхээд сүүлдээ бүүр уурлалаа. “Чи ямар хаашаа янзын хүн бэ? “Отелло” жүжиг найруулан тавих гэтэл зохиол нь олдохгүй байна. Номоо өгөөч. Ээ, гэгээн минь аминд орооч. Аврал тус болооч. Алга болгохгүй ээ, амалж байна. Жүжгээ тавьчихаад бүрэн бүтэн буцаагаад өгнө гэсэн яалаа. Та нар жүжгээ тавьлаа. Одоо болоо юм биш үү? Тэр багшаасаа номыг минь олж ир” гэж муу дүүгээ зад загнаж өдөр шөнөгүй нэхэж байж арай гэж номоо эргүүлж автал яасан гээч? Миний номыг хайр найргүй зурж тэмдэглэл хийсэн байх аж. Эрээчиж цоохорлоогүй ганц ч хуудас алга аа. Зарим хуудсан дээр “диктор, хөгжим, хөтлөгч, чимээ, эхлэл” гэхчлэн улаан өнгийн тосон балаар бичиж, хуудасны хажуу зайнд монгол бичгээр баахан тэмдэглэгээ хийсэн байх юм. Арай ч дээ! “Танай багш чинь ямар сонин хүн бэ? Хүний ном гуйж авчихаад эрээн цоохор болгосон байх юм. Тийм мундаг алдар хүндтэй жүжигчин хүн байж ямар хэнэггүй юм бэ. Та нарт дахиж номоо өгнө байх аа! Тийм их хэрэгтэй юм бол өөрсдөө олж авдаг юм байгаа биз. Би л лав дахиж номоо өгч чадахгүй шүү! Манай ах жигтэйхэн уурлаж байна лээ гэж цаад багш өвгөндөө хэлээрэй, чи” гээд л баахан цамнаж билээ.
...Өнөөдөр энэ хорвоод Гомбосүрэн гуай минь алга. Бас муу дүү минь ч алга. Хэн хэн нь энхжингийн орныг зорьж, харин өнөө эрээн цоохор болсон ном л тэдний тухай дурсамж сэргээн номын сангийн минь чимэг болон үлдсэн байх юм.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуайн мэндэлсний 90 насны ой энэ жил тохиож байна. 1942 оны долоон сард театрын тайзнаа анх “Хатанбаатар Магсаржав” хэмээх жүжигт цагаан цэргийн офицер болж гарснаас хойш “Учиртай гурван толгой” жүжгийн Юндэн, “Сэтгэлийг шинэтгэсэн нь” жүжгийн Нагульнов, “Ээдрээ” жүжгийн Мөнх-Очир гүн, “Арвай хээрийн тал” жүжгийн Халзан Тавхай, “Отелло” жүжгийн Отелло, “Лир ван” жүжгийн Лир ван, “Эдип хаан” жүжгийн Эдип зэрэг Монголын театрын алтан сан хөмрөгт орсон үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжгийн гол дүрийг бүтээн туурвисан театрын урлагийн ноён оргилуудын нэг Гомбосүрэн гуайн эрээн цоохор болтол нь зурж, элдэв тэмдэглэл хийсэн ном одоо надаас өөр хүнд байна уу? Тухайн үед “номыг минь муухай болголоо” гэж уурлаж ундууцаж байсан би өнөөдөр харин баярлан бахархаж сууна.
Нэгдүгээр хорооллын 27 дугаар байранд олон жил айл хөрш байж, бие биенийхээрээ орж гаран, дурсамж яриаг нь сонсож байсан би бас азтай хүн шүү. “Хайрламаар хүнд халдах хэрэггүй, өширхмөөр хүнийг өрөвдөх хэрэггүй” хэмээсэн хуучны сайхан үг бий. Хайрлахгүй байхын аргагүй энэ эрхэм хүний 90 насны ойг тохиолдуулан дурсан ярьж, дуулан бичих зүйл надад олон бий. Зав гарвал удахгүй “Венецийн моор Отелло” хэмээсэн бичлэг оруулахыг бодно оо.