Таван монгол хүүхний хоёр нь гэрлэлтээ цуцлуулсан, хоёр нь нөхөргүй, ганц нь нөхөртэй байвал яах вэ? Таавар биш шүү, бодит байдал ийм л байна. Хадамд гарсан хүүхэн үнэд орж, ихэнх нь нөхрийн эрэлд морджээ. Хүн амын хүйсийн тэнцвэргүй байдал үүнд нөлөөлөв үү? Vндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн тоо харьцангуй их байгаа бөгөөд төрөх үеийн хүйсийн харьцаа 100 эмэгтэйд 105 эрэгтэй ногддог ажээ. Эрчүүдийн нас барах магадлал эмэгтэйчүүдийнхээс илүү байдгаас шалтгаалан нас ахих тусам хүйсийн харьцаа буурч байгаа ч 20-24 нас хүртэл 100-гаас дээш байна. 25-64 насанд хүйсийн харьцаа 96-99 байгаа бол 70-аас дээш насанд 100 эмэгтэйд 64 эрэгтэй ногдож буй. Эндээс харахад хүйсийн харьцаа тийм ч санаа зовохоор төвшинд биш юм. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” гэсэн зарчимтай Хятад Улсын бодлого хүн амынхаа хүйсийн тэнцвэрийг эрс алдагдуулаад буйг та бид сайн мэднэ. Эхнэрийн эрэлд хатсан хятад эрчүүд хөрш монголтой худ барилцах дуртай нь ч дээрх шалтгаан. Гэтэл ид нөхөн үржихүйн насны монгол эрчүүд маань харь улсад мөнгө олохоор олон мянгаараа “экспортлогдож” байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хөндөх ёстой асуудал болж байна. Хүний эрхийн болоод эмэгтэйчүүд, эрчүүдийн холбоо, төрийн бус байгууллагууд анхааралдаа авах зайлшгүй үе ирж. Нөхөн үржихүйн насны бүсгүйчүүд олноороо ганц бие явах нь ч хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж буй.