Яруу найрагч Хулганайн ТЭРГЭЛ

Яруу найрагч Х.Тэргэл 1995 онд УБИС-ийн утга зохиол судлаач, зохиолч мэргэжлээр төгссөн. “Ардын эрх”, 25 дугаар суваг ТВ, “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан. Яруу найргийн “Болор цом”, хайрын шүлгийн “Цагаан уул” наадамд шагналт байр эзэлж байсан. Чөлөөт уран бүтээлч Х.Тэргэл эдүгээ АНУ-ын Висконсин мужид ажиллаж, амьдарч байгаа. Яруу найрагчийн сүүлийн үеийн уран бүтээлээс та бүхэнд сонирхуулья.
Өргөст шилбүүр
Харийн нутагт цөөхүүлээ хар ажилд зүтгэж
Харах нүдээ чилтэл хайртай бүхнээ санадаг ч
Сүү шиг сайхан үгсийг биедээ бага хэлэх юм даа
Сүүдрээн хүртэл муулах нь холгүй
Сүүтийтэл бид алхах юм даа
Ордны албат шивэгчин эмс
Олиггүй үгс хэлэлцэх шиг
Ховын хар ховоогоор сэтгэлийнхээ онгоцыг дүүргэчихээд
Худал үнэний хооронд шоргоолж мэт мөлхсөөр байтал
Хүн чанарын минь дээл аль хэдүйнээ цоорчихжээ
Хүсэн тэмүүлэх сайхан амьдралаа бид сөөм сөөмөөр нь мэрсэн байна
Чамайг хүн хайрлаж байвал
Чадлынхаа хэрээр хайрлаарай!
Чамайг хүн гомдоож байвал
Чагнаагүй л юм шиг хаячихаарай!
Монгол хүний нас дэндүү ахархан юм шүү
Модон өргөст шилбүүрээр биенээн бага ороолгоё доо...
Утаа униар
Утаа униартай ч санаж байна
Улаанбаатарынхаа гудамжийг
Уушиг тэнийтэл амьсгалдаг
Хөдөөх нутгаан санаж байна
Хөгшин Европынхноос дутахгүй гоёсон
Ганган дэгжин хүүхнүүдээ санаж байна
Хөлсөө гоожуулан халуун цай оочлох
Хөгшдөөн би санаж байна
Энхрий жааахан хэлгий охиноо санаж байна
Энгэрт нь эрхлэн наалдах ханиан би санаж байна
Эд хогшил, гэр орноо санаж байна
Эцэст нь би эх орон гэгдэх Монголоо санаж байна
Миний муужгайхан
Тэр сайхан бүсгүй ч
Сар шиг хүйтэн
Тэр сар шиг хүйтэн ч
Нар мэт намайг татнам
Тэр эрх бяцхан муужгай мэт
Энхрий ялдам ч
Эргээн шидлэн уурсах далай мэт огцом ууртай
Тэр олон ааштай чивэлт эм шиг
Тэр олон ааштай чивэлт эм шиг ч
Тэнгэрлэг бардамхан атлаа торго мэт зөөлхөн
Тэгснээ бас ойлгомжгүй
Тэнгэр задарч цахилгаан гялбахын адилаар
Тэрнээс ямар ч зан гарахад би гайхахгүй
Тэгэвч би тэр бүсгүйд татагднам
Тэгэхдээ бас зугтахыг хүснэм
Орчлон дээр ийм бүсгүй олон бол
Одоохон би үхэхийг хүснэм
Орчлон дээр тийм бүсгүй цөөхөн тул
Одоо хүртэл би татагднам, түүнд
Гоёном би түүнийг
Нас минь надаас үл хамаарч
Навчис хаялах бүрийд нэмэгднэм
Өглөө бүр толинд харж
Өөртэйгөө ижил хүүхнийг би гоёном
Нүүрэн дээр нь зураг зурж
Нүдийг нь очтой байлгах гэж
Наснаас нь залуу харагдуулахыг хүсч
Намба суугаагүй охин мэт болгон зурнам
Гоёном би тэр бүсгүйг
Гологдож бусдад, бүү шаналаасай гэж
Дүүрэн жаргалтай яваасай гэж
Дуулж, баясаж амьдраасай гэхдээ
Өөртэйгөө ижил бүх бүсгүйг гоёхыг хүснэм би
Бүтэлгүй дурлал, шаналал
Бүгд тэднийг тойрох болтугай
Гэрэлтсэн цагаан царайнаас нь үрчлээ хүртэл зугатаж
Дэрэвгэр урт сормуусанд нь эрвээхэй хүртэл бүдэрч
Дэлхийд, монгол бүсгүй гэж ийм сайхан байдгийм гэж
Дэндүү ихэмсэг агаад бардам алхахыг тань би хүснэм
Гоёном би тэр бүсгүйг...
Биэвэр Дам, Висконсин. 2007 он
уянгын 100 н дуу сонсоорой