Чи бид хоёр Анхнаасаа л чи бид хоёр хамт байсангүй Амьдрал аз жаргал алаг үрсийн тухай ярилцаж байсангүй Алсын одны бүдэгхэн туяа, сарны өнчин гэрлээс өөр Орчлонд чи бид хоёрыг холбосон гүүр гэж байсангүй Намайг уйлахад чи нулимсыг минь арчих гэж ирэхгүй Чамайг даарахад би гарыг чинь атгах гэж очихгүй Ирж яваа цагийн хором бүхэн чи биднийг холдуулна Ийм хөндүүрхэн гунигыг орчлон бидэнд ав адилхан бэлэглэнэ Он цагийн мөрөн чи бидний залуу насыг Онож алдсан шүлгүүдийн минь мөрөөр урсгаж одно Хэзээ эртний зүүд мэт уулын үзүүр ширтэн чинийхээ тухай бодоход Хэнч анзаарахгүй миний орь залуухан цээжинд чиний зүрх цохилно Эхнээсээ чи бид хоёр хамт байгаагүй болохоор Эгэл амьдралын өдөр хоногууд, ертөнцийн шуугиан бидэнд хэрэггүй Хувь тавилан зурсан зураг амьдралын жимээр холдсон ч Хамт байхын учрыг бид огт өөрөөр тайлна аа Хагацах л гэж учрал ирдгийм, хонгор минь Хайр амталсан энэ тавиланг юугаар ч би солихгүй ээ.