Шаргал өдрүүд / , Шаргал өдрүүд Хөхөмдөг зэрэглээ татсан намрын шаргал өдрүүд Хөдөөх тал нутагт минь энэ л өдрүүдэд үргэлжилж Хөгшин буурал аав минь алсын барааг ширтэн Хүүгээ ирнэ гэж хараа тавин хүлээгээ дээ Харанхуйг сүлэн бүүвэйн дуугаа түгээсэн Хайртай буурал ижий минь сүүний дээжээ өргөн Харьд одсон хүүгээ хүслийнхээ үзүүрт шивнэж Хацар дагах нулимстайгаа харуулданхан зогсоо доо Нутгийн хөх өвгөд нэрмэлийн охинд халамцчихаад Нуг нуг инээн хууч хөөрөлдөн суухад Намрын шар наранд хөгшид гадаа налайцгаан Намдуухан гэгч нь хөхрөлдөн дурсамж хүүрнэлдэн суугаа даа Оройн наран жаргахад жаргалтай хосууд зугаалцгаан Оддын дор биесдээ хайрын үгсээ шивнээ дээ Орь залууу насны цангинасан инээд цууриатаж Олон олон залуус болзоонд яаран байгаа даа Хөөрхөн бор дүү нар минь гэр барин тоглоцгоож Хөл нь газар хүрэхгүй дүүрэн инээмсэглэлтэй гүйгээ дээ Хөрслөг бор залуучууд ажлын амтанд шимтэн Хөнгөн сүхийн хурцаар байшин урлаж байгаа даа Улаа бутарсан хацартай сайхан Монгол бүсгүй Ур ухаанаа шавхан дээл шаглаж суугаа даа Уртын дуу аялаж морин дэл дээр хийссэн Ухаалаг бор хүү адуугаа дөхүүлж байгаа даа Анхны цас унахаар анд гархаар хүлээцгээн Андууд минь одоо нохдоо зэхэн байгаа даа Ай даа нутагт минь одоо Алтан шаргал намар үргэлжилж байгаа даа
<