Өнөөдөр Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 104 жилийн ойн түүхт өдөр.
Яг 104 жилийн өмнөх энэ өдөр Монгол улс гэж Азийн цээжинд нэгэн улс байдгийг ертөнцийн чихнээ дахин дуурсгасан агуу үйл хэргийг өвгөд дээдэс маань бүтээж чадсан билээ. 200 гаруй жил Манж Чин улсын дарангуйлалд байсан Монгол улсад XIX зууны сүүлч XX зууны эхэн үед үндэс угсааныхаа төлөө тэмцэх, улс гэрээ сэргээн мандуулах үзэл ухамсар бүхий шинэ цаг үеийнхэн нэгэнт тодрон гарч иржээ.
Олон улсын байдал тэр дундаа шинэ колоничлолын бодлого баримтлагч тухайн үеийн Их гүрнүүдийн шахалт хавчлага, дарамтын дор жил, сар, өдрөөр доройтол мөхөл рүүгээ дөтөлж байсан Манж Чин гүрний дотоод гадаад байдал ч Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээж, улс орноо тусгаарлах их үйлсэд хөтөлсөн нэг шалтгаан байсан нь түүхэн үнэн юм. Манжууд гадаад талдаа колоничлогчдын шахалтад орж, дотоодод нь хятадууд төрийн эрхийг нь авч, “Шинэ засгийн бодлого” гээчийг гарган хэрэгжүүлж эхлэхэд түүнд нь бүрэн автсан байдаг.
“Шинэ засгийн бодлого”-оороо хятадууд Монгол нутагт суурьших, монгол хятад хүмүүс ураг барилдах, монгол хүн хятад нэр хэрэглэх зэргийг хориглосон манжийн хуулийг хүчингvй болгож, хятад иргэдийг олноор нь монгол нутагт нүүлгэн шилжүүлж тариалан эрхлүүлэх, ашигт малтмал бүхий газрыг нээн олж уурхай нээх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ. Үүнээс болж Монголын бүхий л хязгаар нутагт Манж-Хятадыг эсэргүүцсэн тэмцэл өрнөсөн. Тиймээс л Монголын эх орончдын Тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн ялалтанд хүрсэн нь тун тодорхой.
Гэвч дэлхийг шинээр хуваан захирахын төлөө өрсөлдөж байсан их гүрнүүдэд Төв Азийн бөглүү хоцрогдмол Монголын тусгаар тогтнол тийм ч сонин асуудал биш байлаа. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Тусгаар тогтнолоо сэргээн зарласнаасаа хойш Монголчууд 1921 онд Ардын хувьгал хийж, 1924 онд Үндсэн хуульт Бүгд найрамдах улсаа тунхаглаж, 1945 оны Бүх ард түмний санал асуулгаар тус бүр шат ахиж, бүхэл бүтэн 16 жилийн уйгагүй хичээл зүтгэлийн дүнд 1961 онд Дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-д гишүүн нь болж байж бүрэн тусгаар тогтнолоо баталгаажуулсан билээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголын тусгаар тогтнолын эхэн болохын хувьд хамгийн чухал ач холбогдолтой болохыг XX зууны Монгол улсын түүх бэлээхэн гэрчилнэ.
МОНГОЛЧУУД ХЯТАДААС Ч ТҮРҮҮЛЭН ТУСГААР ТОГТНОЛОО ЗАРЛАВ
1911 оны зун Халхын ноёдын нууц чуулган Их Хүрээнд болж, манжийн шинэ засгийн бодлогын талаар хэлэлцсэн байна. Энэ үеэр Халхын болон өвөр Монголын зарим ноёд тусгаар улсаа сэргээн байгуулах, уг үйл хэрэгт Хаант Оросоос дэмжлэг гуйхаар хэлэлцэн тогтжээ. Ингээд Монголын төлөөлөгчдөөр Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрмонголын Хайсан гүн нар явж Халхын хангуудын тамгатай тусламжийн бичгийн зэрэгцээ худалдаа болон төмөр зам тавих, шуудан харилцаа өргөтгөх хэлэлцээр байгуулах санал тавьжээ.
Оросын Засгийн газар Монголын асуудлаар хуралдаан хийж, Монголын асуудалд идэвхитэй оролцохгүй байх шийдвэр гаргав. Улмаар Оросын Засгийн газар Манж, Монголын хооронд зуучлан, монголчуудын язгуур эрх ашгаа хамгаалах явдлыг дипломат замаар дэмжих шийдвэр гаргасан.
Харин 1911 оны 10 дугаар сард Хятадын өмнөд мужид хөрөнгөтний хувьсгал гарч, Манжийн хааны байр суурь суларсан нь монголчуудад таатай боломж олгосон юм. Халхын ноёд “Халхын Хүрээний газрын хэргийг түр эрхлэн шийтгэх газар” хэмээх түр Засгийн газрын шинжтэй байгууллага байгуулжээ.
Түр Засгийн газар Монголын тусгаар тогтнолын бэлтгэлийг хангах үүрэгтэй байв. Тухайлбал тус газраас гадаад, дотоод Монгол, Хөх нуур, Барга, Алашаа зэрэг бүх Монголын засаг ноёдод Жавзандамба Хутагтыг хаан өргөмжлөн тусгаар улс байгуулах тухай мэдэгдэж, тус тусын харьяат хошуу нутгийг цэрэг томилон хамгаалах, манж, хятад тvшмэдийг хөөн гаргах тушаал хүргүүлжээ.
Ингээд 1911 оны 12 дугаар сарын 29-нд Жавзандамба Хутагтыг Богд хаанаар өргөмжилж, Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөх их ёслолыг хийсэн. Шашин, төрийг хослон барьсан наран гэрэлт, түмэн наст Богд хаанаа залсан нь тусгаар тогтносон Монгол улс байгуулагдсаныг албан ёсоор тунхаглан зарласан хэрэг байлаа. Тусгаар тогтнолын энэ өдрийг 1941 он хүртэл жил бүр дурсан тэмдэглэдэг байжээ. Монгол бол Хятад, Төвд зэрэг бусад улсын л адил Манжийн эзэнт гүрний харьяанд багтаж байсан улс. Гэхдээ Тусгаар тогтнолоо бусдаас түрүүлэн зарлаж чадсан нь гайхамшигтай. Монголынхоо Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид маань хятадууд Манж гүрнийг халж БНУ-аа тунхаглахаас хэд хоногийн өмнө ийнхүү Олноо өргөгдсөн Богд хаант Монгол улсыг тунхаглан зарласан юм.
НИЙТ МОНГОЛЧУУД ТУСГААР УЛСДАА НЭГДЭХЭЭР ТҮРХРЭН ХӨДӨЛЛӨӨ
Богд хаан анхны зарлигаараа таван яам бүхий Засгийн газар байгууллаа. Монгол улсын төр сэргэн байгуулагдмагц нийт Монгол даяар тусгаар улсдаа нэгдэн нийлэх хөдөлгөөн өрнөлөө. Хөлөнбуйрын Баргууд 1912 оны 1 нэгдүгээр сарын 2-нд Манж түшмэдийг хөөн гаргаж, Монгол улсад нэгдэн орж буйгаа албан ёсоор илэрхийлэв. Харин Ховдын хязгаар дахь манжийн амбан эсэргүүцсэн тул цэргийн хүчээр 1912 оны 8 сарын 7-нд Ховд хотоо чөлөөлсөн юм. Дарьганга хошуу 1912 оны 3 дугаар сард Богдын Засгийн газрыг хүлээн зөвшөөрч, Монгол улсад нэгдэн орлоо. Өмнөд Монголын хувьд 49 хошууны 35 нь Богдын Засгийн газрыг хүлээн зөвшөөрчээ. Улмаар тэд бүгд Монгол улсад нэгдэн нийлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн.
Хөх нуур, Алашаа зэрэг хэт алслагдсан газрын монголчууд тусгаар улсдаа нэгдэн орох боломжгүй шахам болсон нь харамсалтай. Манжийн хаад анх цагаан хэрмээс хойшхи нүүдэлчдийг гадаад муж хэмээн нэрлэж байсан ч хожмоо өмнөд Монголын 49 хошууг дотоод засаг, Халх, Ховдын хязгаар, Хөх нуурын зэрэг бусад 150 хошууг гадаад засаг хэмээн нэрлэх болсон байдаг. Зэрэг шахам Манжийн ноёрхлоос гарсан Хятадын Бүгд найрамдах улс Монголыг өөрийн нэгэн муж гэсэн байр суурийг тууштай баримталж, тусгаар тогтнолыг сонсохыг ч хүсэхгvй байлаа. БНХУ-ын 1912 оны 3 дугаар сарын 10-ны Үндсэн хуульд “БНХУ-ын газар нутаг 22 муж, Гадаад, Дотоод Монгол, Төвд, Хөх нуураас бүрдэнэ” гэж заажээ.
Гэвч БНХУ Монголын бодит байдал болон хууль ёсны Засгийн газрыг огт хэрэгсэхгүй байж чадаагүй билээ.
1997 оны энэ өдөр МУИС-ийн голдуу, сургуулиа төгссөн болон арай төгсөөгүй байсан хэдэн залуус оюутнууд бид Богд хаант Монголын улсынхаа ойн баярыг тэмдэглэх санаачилга гаргасан юм.
Анх Богд хааны Ногоон ордноо Олноо түүхт ойн баярыг тэмдэглэх санаачилга гарган эрдэмтэн мэргэд, холбогдох байгууллагууд, хэвлэлийнхнийг урьж билээ. Гэвч тухайн үед ганц нэг багш, эрдэмтдийг эс тооцвол үнэндээ биднээс өөр хүмүүс бараг ирээгүй юм даа. Бид жил бүр 12 дугаар сарын 29-нд Монгол улс тусгаар тогтнолоо сэргээсэн түүхт ойн өдрийг Богд хааны ордонд тэмдэглэж, судалгаа юугаа ярьсаар ирсэн. Ингэсээр 2007 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үедээ энэ өдрийг тэмдэглэлт өдөр болгох зарлиг гаргаж байлаа. Энэ хооронд бидний эгнээ өргөжсөөр түүхч, судлаачдаас эхлээд Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд, улстөрийн зарим нам хөдөлгөөнийхнөөр хүрээгээ тэлсэн билээ.
Харин 2011 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч зарлиг гарган энэ өдрийг Монгол улсын Тусгаар тогтнолын өдөр хэмээн баталж, нийтийн амралтын болоод баярын өдөр болгосон юм. Бидний жинхэнэ Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэхээр анх эхлүүлж байсан үйлс 18 жилийн дараа бүрэн утгаараа Монгол түмний их баяр болсон нь бидний хувьд бахархам сайхан үйл хэрэг. Мөн нийт Монголчуудын хувьд ч энэ өдөр шинэ жилээс илүүтэй Тусгаар тогтносон улс гэдгээ санан дурсах өдөр болсонд туйлын их баярлаж явдаг юм. Энэ зургийг өнгөрсөн жил бид Богдын ордонд очихдоо авахуулсан билээ.