Домогт жүдоч Ким Жэ-Бум Монголд бэлтгэлээ базааж байна
Олимпийн наадмын алт, мөнгөн медальт, ДАШТ-ий хошой алт, хүрэл медальт, Азийн наадмын хошой аварга, Азийн зургаан удаагийн аварга БНСУ-ын домогт жүдоч Ким Жэ-Бум манай үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэлд гарсан байна.
Тэрээр ирэх нэгдүгээр сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлэээ хийхээр ирсэн нь энэ аж.
БНСУ-ын жүдоч Ким Жэ-Бум 1985 оны нэгдүгээр сарын 25-нд Кимчеон хотод төрсөн. Анхны том амжилтаа 20 настайдаа буюу 2005 онд гаргаж, Ташкент хотод болсон Азийн аваргад түрүүлжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл “Лондон 2012” зуны Олимпийн алт, “Бээжин 2008”-ын мөнгө, жүдо бөхийн дэлхийн аваргаас “Токио 2010”, “Парис 2011”-т алт, “Роттердам 2009”-т хүрэл медаль энгэртээ зүүж, дэлхийд данстай бөх болсон юм. Мөн тивийн хэмжээнд “Гуанжоу 2010”, “Инчон 2014” Азийн наадмын хошой алт, “Чежү 2008”, “Тайпей 2009”, “Абу Даби 2011”, “Ташкент 2012” Азийн аваргын алтан медаль хүртсэн байна.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д Германы О.Бисчофи, ОХУ-ын И.Нифотов, Канадын А.Фортиер, Гүржийн А.Цыркисвишили, Францын Л.Пиетри зэрэг олон хүчтэн дэлхийд хүчтэй өрсөлддөг. “Бээжин 2008”-ын 81 кг-д аваргын төлөө Герман-БНСУ-ын хоёр бөх учраа таарч Ким Жэ-Бум ялагдсан. Түүний өрсөлдөгч нь хашир туршлагатай О.Бисчофи байв. Нэгэн цаг үед гарч ирсэн хоёр шилдэг жүдоч дөрвөн жилийн дараа буюу “Лондон 2012”-т дахин финалдаж Солонгос залуу хүсэн хүлээсэн Олимпийн алтан медалиа энгэртээ зүүсэн түүхтэй аж.