
Синайн хойгт дахин халдлага гарлаа. Хойгийн хойд хэсэгт орших Эль-Ариш хотын нэгэн зочид буудлын ойролцоо хоёр удаа тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна. Урьдчилсан мэдээллээр бол дэлбэрэлтэд гурван хүн өртөж, амь үрэгдсэн бол цагдаагийн есөн ажилтан шархадсан аж.
Мөн тус хотод явагдаж байгаа орон нутгийн парламентийн сонгуулийн явцыг хянаж байсан шүүгчид байрласан зочид буудлын дэргэд тавьсан тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна.
Гзар дундын тэнгисийн эрэгт оршдог Эль-Ариш хот Синайн хойг дахь хамгийн том хот бөгөөд аялал жуулчлалаас ихээхэн хэмжээний орлого олдог байна.
Орон нутгийн хэвлэлд мэдээлсэнээр, хоёр удаагийн халдлагын эхнийхэд хамгаалалтын автомашин өртөж, нэг цагдаа амь үрэгдэн хоёр нь шархадсан бол дараагийн дэлбэрэлтэд хүүхэдтэй эмэгтэй өртөж хоёулаа амь эрсэджээ. Эмэгтэй хүүхэд хоёр цагдаа нарыг онилсон дэлбэрэлт болох үеэр тэдний хажуугаар илжигтэй явж өнгөрөхдөө амиа алдсан аж.
Уг дэлбэрэлтийн хажуугаар мөн Египетийн Рафах хотын автозамын шалган нэвтүүлэх цэг дээр бөмбөг дэлбэрч хоёр цэргийн албан хаагч амь үрэгдэж, хоёр нь шархадсан байна. Тэсрэх бөмбөгийг автомашинд тавьсан байсан тухай StarAfrica сонин мэдээлжээ.
Синайн хойгт сүүлийн үед "Лалын улс" бүлэглэлийн Египет дэх салбар "Вилаят Синай" (урьд нь "Ансар Бейт аль-Макдис" гэх нэртэй байсан) бүлэглэлийн үйл ажиллагаа идэвхжсэн бөгөөд хэдэн арван удаагийн халдлага үйлдсэнээ зарлан мэдэгдээд байгаа аж.