Гэр бүлийн зуучлал хүлээн зөвшөөрөх үйлчилгээ мөн үү- А.Хас Хүмүүн төрөлхний дотроосоо Хүнд бэрхийг амссан Хөөрхий бидний бүсгүйчүүд Хүмүүжихийн замыг сонголоо… гэж тэртээ зуунд монгол хүүхнүүд дуулж байсан сан. Зүүний завхралаар хувийн хөрөнгийг хурааж, хүүхнүүдийн үсийг хүчээр хяргаж байхад эрэлхэг Бор тэргүүтэй зоригт бүсгүйчүүд амь биеийг огоорон тэмцэж орчин цагийн жендэрийн хувьсгалыг эхлүүлсэн юм.
Монгол хүүхнүүдийн дарлагдсан түүх Азийн бусад орны бүсгүйчүүдтэй жишихэд бардам эрх чөлөөтэй. Уламжлалт монгол гэр бүлд эхийн эрхт ёс хадгалагдан үлдсэн нь шинэ цагийн хүүхнүүд соёлжин, эрдэмжихийн үндэс болсон. Цаг улирахын хэрээр монгол бүсгүйчүүдийн амьдралын хэм хэмжээнд дэвшил гарсаар өдгөө нөхрийн хоол хийж, хүүхэд гаргадаг тогооны хүн байхаа больж, өрх гэрээ авч явдаг эзэгтэй нар болжээ. Монгол бүсгүйчүүдийн төрөлх шинж чанарыг тодорхойлбол дайчин шаргуу, ухаалаг, хөдөлмөрч. Vгүй гэж хэлэх зүрхтэй эр олдохгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Амьдралаас харъя л даа. Өнгөтэй, өөдтэй, сайн сайхан яваа эрчүүдийг тандахад ар тал нь үнэнхүү бахархам гэргийгээр бэхлэгдсэн байдаг. Гэтэл унаж доройтсон олонхи гэр бүлийг ажиглахад унхиагүй эрчүүдээс болсон байдаг. Монгол бүсгүйчүүд эрдэм мэдлэгээрээ эрчүүдийг хол хаяж, өрх гэрээ толгойлон, улс орны амьдралын жолоог атгалцаж явна. Тийм ч учраас бүсгүй хүний үс урт, ухаан богино гэсэн хэллэгийг эр хүний хөл урт, ухаан ахар гэж шинэчилвэл таарна. Заяамал бус олдмол араншингаараа бүсгүйчүүдийнхээ сэтгэлд тэр бүр нийцэж чадахаа больсон эрчүүдээс болж гэр бүлийн тогтвортой байдал алдагдаж, өрх толгойлсон хүүхнүүд, эцэггүй хүүхдүүд олширч байгаа нь энэ цагийн эмзэглэл болжээ. Байдлыг нь л оношильё. Таван монгол хүүхний хоёр нь гэрлэлтээ цуцлуулсан, хоёр нь нөхөргүй, ганц нь нөхөртэй байвал яах вэ? Таавар биш шүү, бодит байдал ийм л байна. Хадамд гарсан хүүхэн үнэд орж, ихэнх нь нөхрийн эрэлд морджээ. Хүн амын хүйсийн тэнцвэргүй байдал үүнд нөлөөлөв үү? Vндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн тоо харьцангуй их байгаа бөгөөд төрөх үеийн хүйсийн харьцаа 100 эмэгтэйд 105 эрэгтэй ногддог ажээ. Эрчүүдийн нас барах магадлал эмэгтэйчүүдийнхээс илүү байдгаас шалтгаалан нас ахих тусам хүйсийн харьцаа буурч байгаа ч 20-24 нас хүртэл 100-гаас дээш байна. 25-64 насанд хүйсийн харьцаа 96-99 байгаа бол 70-аас дээш насанд 100 эмэгтэйд 64 эрэгтэй ногдож буй. Эндээс харахад хүйсийн харьцаа тийм ч санаа зовохоор төвшинд биш юм. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” гэсэн зарчимтай Хятад Улсын бодлого хүн амынхаа хүйсийн тэнцвэрийг эрс алдагдуулаад буйг та бид сайн мэднэ. Эхнэрийн эрэлд хатсан хятад эрчүүд хөрш монголтой худ барилцах дуртай нь ч дээрх шалтгаан. Гэтэл ид нөхөн үржихүйн насны монгол эрчүүд маань харь улсад мөнгө олохоор олон мянгаараа “экспортлогдож” байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хөндөх ёстой асуудал болж байна. Хүний эрхийн болоод эмэгтэйчүүд, эрчүүдийн холбоо, төрийн бус байгууллагууд анхааралдаа авах зайлшгүй үе ирж. Нөхөн үржихүйн насны бүсгүйчүүд олноороо ганц бие явах нь ч хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж буй. Сүүлийн үед монгол хүүхнүүд гадаадын иргэдтэй гэр бүл болох нь ихэссэн. Аав ээж, албат ноёны “зуучлал”-аар зүс мэдэхгүй, зөвийг танихгүй эртэй тостой тогоонд хушуу холбож, тоонот гэрт толгой хорогдож байсан монгол хүүхнүүд ардчилсан нийгэмд наашаа харсан нэгнийг нар сар хэмээн зөрүүлж, цаашаа холд гэснийг нь зөн тавиланд нь орхиж сурчээ. Амьдралыг яалтай. Гэхдээ даяаршлагдлаа, хөгжлөө гээд үүдээ хамаагүй нээмээргүй байна. Тухайлбал гэр бүлийн зуучлал монголчуудад таарах зүйл мөн үү гэдгийг төр засгийн төвшинд хөндөж хэлэлцэх цаг болжээ. Хуульчлаагүй байхад л гадаад, дотоодын сүйхээтэй хэдхэн хүн бидний ая данд тааруулж байгаад л нэгэн төрлийн бизнес болгоод цэцэглүүлчихэж. Гэр бүлийн зуучлалаар сайн сайхан амьдарч яваа бүсгүйчүүд бий л биз. Даанч дийлэнх нь хүний наймааны золиос болоод зогсохгүй өрөвдөм гашуун амьдрал туулж явна. Гэр бүлийн зуучлалыг хяналтгүй орхисон нь ихээхэн хор уршиг дагуулж байна. Монгол эхнэр авахаар шийдсэн нэг солонгос эр дор хаяж арваад бүсгүйчүүдтэй дотносон сонголтоо хийдэг гэнэ. Гадагшаа л явж байвал юу ч хийхэд бэлэн охид бүсгүйчүүд маань сонгогдоогүй байхдаа л өврөө нээж жирэмсэн хоцрох, бэлгийн замын өвчин авах тохиолдол элбэг байдаг аж. Эмгэнэлтэй хэрэг шүү. Хэн дуртай нь бүсгүйчүүдийг маань бузарлаж, дураараа авирлаж байгаа нь “тэр хүүхний хохь” биш баймаар байна аа. Ганц муу хүүхэн нөхөртэй байна уу, гадаадтайгаа сууна уу юуны хамаа гэж эрхмүүд хэдий болтол чихээ бөглөж, нүдээ таглах юм бэ? Vүний цаана улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал хамт бий.
Эх сурвалж: Үнэн |