Өмнөд Солонгос улсын Чүнгбүк аймгийн цагдаагийн газар тус аймагт амьдардаг Монгол улсын иргэн, тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг компанийн захирал 39-н настай эмэгтэй Т-г саатуулжээ.
Т нь Сөүл хотын Түндэмүн дүүрэг дэх Монгол Таунд байрлах ачаа тээврийн компаниараа дамжуулан Монгол руу ердөө нэг хувийн хүүтэй мөнгө илгээж байсан бөгөөд 2013 оноос өнөөг хүртэл 8241-н удаагийн үйлдлээр 15-н тэрбум воныг илгээж, үйлчилгээний хураамжинд 600-н сая воны орлого олсон хэрэг үйлдсэн байна.
Түүнтэй хөдөө орон нутагт зоогийн газар, ачаа тээврийн компани ажиллуулдаг 21-н Монгол иргэнтэй хамтран ажиллаж бусдын мөнгийг Монгол илгээсэн хэрэгт холбогдоод байгаа юм. Дээрх иргэд одоогоор гадаад руу мөнгө шилжүүлэхдээ бусдын нэр дээрх банкны дэвтэр ашигласан, мөнгөн гүйлгээ хийж буй тухайгаа хуулийн дагуу Солонгос улсын Санхүүгийн хороонд мэдэгдэж татвараа төлөөгүй зэрэг хэрэгт буруутгагдаж байгаа ажээ.
Солонгос улсын хуулийн дагуу гадаад руу мөнгө шилжүүлэхэд заавал иргэний үнэмлэхтэйгээ өөрийн биеэр банкин дээр очиж тодорхой бичиг баримт бөглөсний дараа мөнгөө илгээж, түүнийг 2-3 хоногийн дараа авдаг бол Монгол иргэд ямар нэгэн бичиг баримтгүйгээр 10-хан минутийн дотор, бага хүүтэй мөнгө илгээдэг байсан байна. Тиймээс үйлчлүүлэгчдийн тоо их бөгөөд тэдний ихэнх нь Солонгос улсад хууль бусаар ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд байсан ажээ.