Бичлэгийн тоо 2,391
Гадаадын гэрээт ажилчдыг нэмэгдүүлж, хууль бусаар ажиллуулах явдлыг хязгаарлах зорилгоор БНСУ-ын Хууль зүйн яам саяхан өөрийн веб хуудсанд дараах мэдээ тавьсныг Солонгост ажиллаж, амьдарч буй монгол иргэд Та бүхэнд сонордуулж байна. БНСУ-ын Хууль зүйн яам тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын 220 мянган иргэний тоог энэ онд 20 мянгаар, ойрын таван жилд 10 хүртэл хувиар /хууль бусаар оршин суугчид нийт гадаадын иргэдийн 19.3 хувийг эзэлж байгаа/ хорогдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Энэ шийдвэрийн дагуу юуны өмнө үйлдвэрийн эздэд гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулах явдлыг зогсоохыг сануулсан санамж бичгийг метроны буудлууд, хот хоорондын автобусны терминал, үйлдвэрүүд төвлөрсөн дүүргүүдэд тараах, улмаар үйлдвэрийн газруудад шалгалт хийх нэгдсэн компанит ажлыг тус улсын Хууль зүйн яам, Хөдөлмөрийн яам хамтран явуулж байгаа юм байна. Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэдийг ажиллуулсан үйлдвэрийн эздэд 20 сая хүртэлх воны мөнгөн торгууль ногдуулж, гурван жил гадаадын ажилчин ажиллуулах эрхийг нь хасахыг санамж бичигт анхааруулснаас гадна өөрийн саналаараа эх орондоо буцаж буй гадаадын иргэнийг дахиж тус улсад орж ирэх эрхийг нь нэг жилээс илүүгээр хоригдохгүй байх, ажиллуулж байсан үйлдвэрийн эзнийг дээрх шийтгэлээс чөлөөлөх тухай дурдсан байна. Веб хуудсанд тавьсан энэ мэдээнээс үзэхэд, энэхүү компанит ажлын дараагийн шатанд хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг шалгах ажлыг нэлээд эрчимжүүлэхийн зэрэгцээгээр гадаадын ажилчныг хууль бусаар зориуд ажиллуулсан, шалгалтын ажилд саад тотгор учруулсан үйлдвэрийн эздэд эрүүгийн хариуцлага хүртэл ногдуулах арга хэмжээ авахыг анхааруулсан байна. Түүнчлэн дотоодын үйлдвэрийн газрууддаа гадаадын гэрээт ажилчдыг аль болохоор олноор нь авч ажиллуулахтай холбогдсон бүх төрлийн мэдээллийг тус яам өөрийнхөө веб хуудсанд (Law Education Life ) мөн байрлуулжээ.