Энэ жилийн баяр наадмаар дархан аварга А.Сүхбат барилдана гэдгээ мэдэгдэж зүүний магнайд гарахаа илэрхийлсэн. Үүнээс болж сүүлийн хэд хоногийн турш хоёр аваргын хооронд маргаан дэгдсэн. Бөхийн холбоо наадмын өмнө маргааныг цэгцэлж, Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайг магнайлах ёстой гэж үзсэн. Мөн хоёр бөхөд наадамчин олон түмнээ хүндлээд эв найрамдалтай барилдахыг хүслээ. Мөн бөхийн холбооноос дархан аварга А.Сүхбатад албан бичиг хүргүүлжээ.
Уг албан бичигт “2015 оны долдугаар сарын 7-ны өдөр хуралдаж хоёр бөхийг өнгөрсөн жил эрэмбэлсэн нь зөв байсан. Одоо ч тэгж эрэмбэлэх нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурьтай байгаагаа дахин нотолсон болно. Иймд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 зүйлийн 10.1, 10.4 дэх заалтаар дээрх эрэмбээр гарч барилдана гэдэгт найдаж байна. Хэрэв эс биелүүлбэл уг хуулийн 14.1 дэх заалтын дагуу хариуцлага тооцох болохыг анхаарна уу” гэжээ.
Энэ шийдвэрийг дархан аварга А.Сүхбат биелүүлэхгүй гэдгээ хоёр хоногийн өмнө хэвлэлээр илэрхийлсэн. Тэгвэл “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 14.1-т энэ хуульд заасан үүргийг зөрчсөн бөх, уяач, харваачид дараахь шийтгэлийн аль нэгийг ногдуулна:
14.1.1.тухайн баяр наадамд оролцуулахгүй байх буюу тухайн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын харваанаас хасах;
14.1.2.тухайн баяр наадмын бай, шагналыг олгохгүй байх;
14.1.3.баяр наадамд оролцох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасах гэж байдаг юм байна.
Тиймээс дархан аварга А.Сүхбат дээрх эрэмбийг дагахгүй гэвэл маргааш наадамд барилдуулахгүй байх бүр цаашилбал баяр наадамд зодоглох эрхийг нь 2 жил хүртэл хугацаагаар хасч магадгүй юм.