Бүсээрээ ороолгоход охин минь уучлаарай ааваа гэсэн
- Т.Цогт: Бүсээрээ ороолгоход охин минь уучлаарай ааваа гэсэн -
ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид өчигдөр дөрөвхөн настай бяцхан охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаад буй Г.Маралмаа, хэргийг нуун дарагдуулсан хэрэгт буруутгагдаад буй Т.Цогт нарт холбогдох шүүх хурал боллоо. Хуралдаанаар уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, дахин шалгахаар болсон юм. Ингээд шүүхийн танхимд болсон үйл явдлыг тоймлон хүргэе.
Шүүх хурал эхлэх үеэр Г.Маралмаа “Би дутуу төрөх гэж байна” хэмээн шүүх хурал болж байсан танхимын үүдэнд хэвтэн орь дуу тавьсан ч шүүх бүрэлдэхүүн түүнд дусал залгуулж, хажууд нь эмч байлцуулан хурлыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Шүүх хурлын явцад Г.Маралмаа улсын яллагчийн зүгээс түүнд 23 жилийн ял төлөвлөж байгаа яллах дүгнэлтийг сонсонгуутаа ухаан алдаж унасан юм.
Нэгэн цагт хамтран амьдарч ирээдүйн амьдралаа төлөвлөж байсан Т.Цогт, Г.Маралмаа нар нэгнийхээ эсрэг мэдүүлэг өгч байв. Тэгэхдээ тэд нэгэн рүүгээ огт харсангүй. Эгц өөдөө харж мэдүүлгээ өгсөөр. Өдгөө зургаан сартай Т.Цогтын хүүхдийг тээж буй Г.Маралмааг хоёр ч удаа ухаан алдан шүүхийн танхимаас гарахад Т.Цогт Г.Маралмаа руу нэг ч удаа харсангүй.
Шүүх хурлын үеэр Т.Цогт охиныхоо талаар ярьж, нулимс дуслуулах үед шүүх танхимд буй “Ээж бүхний дуу хоолой” төрийн бус байгууллагын бүсгүйчүүд ихэр татан уйлцгааж, танхимд буй зарим нэг хүмүүсийн нүдэнд нулимс цийлэгнэж байхад харин охины төрсөн эх н.Өнөржаргал ямар ч эмоци гарсангүй бохь зажилж Т.Цогтын ярихыг хээв нэг сонсон суув.
Шүүх хуралд оролцож буй талийгаач охины төрсөн эцэг эх, хойд эх нарын дүр төрх нэг иймэрхүү. Шүүх хуралдаанд хэн юу гэж мэдүүлэв, ямар тайлбар өгөх нь маш чухал. Шүүгдэгчдийн мэдүүлгээс тухайн хүний зан төрх, засрах байдал зэрэг харагдана.
- Г.Маралмаа: Би охиныг алаагүй -
Талийгаач охины хойд эх Г.Маралмаа шүүх хурлын үеэр “Би охиныг алаагүй. Тиймээс надад оноох гэж байгаа ял тохирохгүй байна” гэх утгатай мэдүүлгийг дахин дахин өгч байв. Тэрбээр “Би охинд гар хүрч байсан тохиолдлууд бий.
Гэхдээ үхэлд хүргэхүйц, хөхөрч няцартал нь зодож байсан тохиолдол байхгүй. Хааяа бөгсөн дээр нь алгаддаг байсан. Би тэгж хүн зодох хэрцгий хүн биш.
Харин Т.Цогт охиноо цагдаагийн суран тэлээгээр хоёр ч удаа ороолгосон. Тэгэхэд охин толгойгоороо газарт унаж байгаа харагдсан. Охин өөрөө гүйж яваад үүдний шатнаас хоёр удаа унасан. Энэ нь үхэлд хүргэсэн байх. Ер нь одоо бодоод байхад тэр өдөр ГССҮТ-д сахиад үлддэг байж. Хүний хүүхдийг асран хамгаалж чадаагүйдээ харамсаж байна” гэсэн юм.
Г.Маралмаад шүүх хурлын бүрэлдэхүүн доорх асуултыг тавьсан юм.-Гэрчүүд буюу танай хөршүүд “Г.Маралмаа дөрвөн настай охиныг байнга зоддог. Өвөл цонхоо онгойлгоод нүцгэн зогсоодог байсан. Нүүр рүү нь пудр шингээгч цацчихаад нүдээ аньвал хохино шүү гэж уурлаж, цохиж байсан” гэж мэдүүлжээ. Яагаад охинд ингэж хандаж, зоддог байсан юм бэ?
-Би гар хүрдэггүй байсан.
-Тэгээд хөлөөрөө хүрдэг байсан юм уу?
-Үгэнд орохгүй болохоор нь бөгс рүү нь алгаддаг байсан.
-Усанд орохгүй байна гээд түлхтэл өөрөө орны хөл мөргөж унаад толгой нь хөхөрсөн гэж та өөрөө мэдүүлэг өгчээ.
-Би тэгээгүй.
-Охин “Г.Маралмаа аниагийн сахиус буухаар намайг өмнөө сөхрүүлж суулгаж байгаад гар дээр цохьдог. Тэгэхээр нь би “Баярлалаа өвөө” гэж хэлэх ёстой” гэж ээж, эгч нартаа ярьж байсан гэдэг. Сахиусаа буулгахаараа охиныг “Ээжийнх нь хормойн бузрыг арилгана” гээд зоддог байсан юм биш үү. Дөрвөн настай хүүхдэд бузар гэж байх уу?
-Би тэгээгүй. Т.Цогт болон гэрчүүд худал ярьж байна. Намайг охиныг зоддог байсан гэж мэдүүлэг өгсөн хүүхэн Т.Цогттой дотно харьцаатай байсан. Тэгээд л худал мэдүүлэг өгсөн байх гэсэн юм.
-Шинжээч охиныг шатнаас унаж биш зодуурын улмаас амь насаа алдсан гэж дүгнэсэн байна. Та бол охиныг шатнаас хэд, хэдэн удаа унасан гээд байгаа. Үүнд хариулт өгөхгүй юу?
-Мэдэхгүй.-Хүний хүүхдийг харж асарч, хайрлаж чадахгүй байсан үедээ төрсөн ээжид нь буцаагаад өгч, эсвэл өөрийнхөө төрсөн гэрт буцаад очиж болоогүй юм уу?
-Талийгаач охины ээж нь охиноо авахгүй, тэжээж чадахгүй гээд байсан юм. Би салъя гэхээр Т.Цогт “Чамгүй бол амьдарч чадахгүй. Амиа хорлоно” гэдэг байсан.
-Охиныг юунаас болж үхсэн гэж бодож байна?
-Аль, аль талтай л байх. Би охиныг хэрцгийгээр зоддоггүй байсан. Т.Цогт охиноо зодож байсныг харсан.
-Одоо танд яг юу бодогдож байна вэ?
-Тэр өдөр охиныг эмнэлэгт аваад хэвтдэг л байж гэж бодогдож байна.
-Охины үхэлд харамсахгүй байна уу?
-Өсгөж өгнө гэж авчихаад өсгөж чадаагүйдээ харамсаж байна гэсэн юм.
- Г.Маралмаа хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ -
Шүүгдэгч 24 настай Г.Маралмаа нь өмнө нь нөхөр, таван настай охины хамт амьдардаг байсан ч охиноо хадмууддаа үлдээгээд Т.Цогттой хамтран амьдарч эхэлсэн байна. Мөн 2013 онд бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэрэгт буруутгагдан шүүхээс хоёр жилийн ял авч нэг жилээр тэнсэж нэг жилийг нь шоронд өнгөрүүлж байжээ.
Т.Цогт: Охиноо алдсандаа харамсч байна. Би ямар ч ял үүрэхэд бэлэн байна
Хойд эцгийн гар харуулахгүй гэж охиноо авчихаад ийм байдалтай байгаадаа Өнөржаргалаас уучлал гуйж байна. Эцгийнхээ үүргийг гүйцэтгэж, бяцхан охиноо хамгаалж, асарч чадаагүй миний буруу. Ажил амьдрал, нэр төрөө алдсандаа, цагдан хоригдсондоо харамсах зүйл надад байхгүй. Би хайртай бяцхан үрээ алдчихсандаа л харамсаж байна. Ханиа сонгож чадаагүй нь миний буруу. Ямар ч шийтгэл хүлээхэд би бэлэн байна хэмээн охины эцэг Т.Цогт ярьж эхлэхэд шүүх танхимд байсан эмэгтэйчүүд ихэр татан уйлалдаж байв.
-Би н.Өнөржаргалаас салаад /талийгаач охины ээж/ өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн нийтийн байр түрээсэлж, Г.Маралмаатай амьдарч эхэлсэн. Анхандаа Г.Маралмааг бөө байсан гэдгийг мэдээгүй. Гэтэл удалгүй Г.Маралмаа “Би бөө. Чи ч бас сахиустай юм байна, бөө бол. Бөө болж сахиусаа авахгүй бол охин чинь үхэх юм байна” гэсэн. Би ч айгаад бөө болсон. Г.Маралмаа сахиусаа буулгах үед ихэвчлэн түүний өвөө нь орж ирдэг гэж хэлдэг байсан. Тэр үедээ “Эхийнхээ хормойны бузар шингэсэн” гээд охиныг минь банжигаар /төмрөөр тоноглосон мод/ ороолгодог байсан юм билээ. Би ямар нэгэн бөөгийн үйл хийгээгүй байгаа.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд ломбарданд тавьсан бөгжөө авахаар хэсэг хугацаанд гараад ирсэн. Гэтэл охины минь хөмсөгний дээд хэсэг хөхөрч, уруул, эрүү нь шалбарсан байсан. Г.Маралмаа охиныг үүдний шатнаас уначихсан гэсэн. Би ч Г.Маралмаад итгэсэн. Маргааш нь /02.15/ мөн өнөөх ломбард руугаа очихоор явж байтал Г.Маралмаа утасдаад “Охин чинь бөөлжиж, өмдөндөө бааж шээчихээд цэвэрлүүлэхгүй байна. Хурдан ир” гэсэн.
Би 30 минут орчмын дараа очиход талийгаач охин минь гэрийнхээ үүдэнд номхон зогсож байсан. Би ч бас тэрүүхэн үедээ уур хүрээд баасыг нь цэвэрлээгүй. Тэгээд дахиж өмдөндөө бааж болдоггүй гэдгийг ойлгуулахаар суран бүсээрээ хоёр удаа бөгсөн дээр нь ороолгосон. Тэр үед охин минь уйлалгүй “Уучлаарай аав аа” гэсэн. Одоо бодоход хөх няц болоод бие нь өвдчихсөн байхад нь дэмий л охиноо зодож дээ гэж харамсч байна.
Ингээд хоёрдугаар сарын 16-нд ажилдаа явсны дараа Г.Маралмаа надруу утасдаад “Охин чинь хөл дээрээ зогсч чадахгүй таталт өгөөд байна” гэсэн. Тэр үед хэргийн газар үзлэг хийж байсан болохоор би очиж чадаагүй, түргэний эмчийг дуудахыг зөвлөсөн. Тэгээд ажлаа дуусгаад Баянзүрх дүүгийн эмнэлэг дээр очиход “Гэмтэл согог судлалын үндэсний төвд оч” гэсэн. Тэгээд тус эмнэлэгт очиход “Охиноо эмнэлэгт хэвтүүл. Тархины нарийн зураг авахуул” гэсэн. Гэтэл би ажилтай, Г.Маралмаа бохир муухай эмнэлэгт хэвтэхгүй гээд байсан юм.
Тэр үед охины бие гайгүй болохоор нь “Үхсэн ч гомдолгүй” гэх бичиг бичээд гарын үсэг зураад гэр рүү нь явуулсан. Тэгээд л маргааш /02.17/ 07.00 цагт охины бие муудаж ийм байдалд хүрчихлээ. Би Г.Маралмаад итгэдэг байсан болохоор охиноо шатнаас унасан гэдэгт хэд хэдэн удаа итгэсэн. Гэтэл Г.Маралмаа охиныг минь зоддог байж. Ханиа буруу сонгосон миний алдаа. Шууд байдлаар биш ч гэсэн охиныхоо үхэлд би буруутай. Тиймээс ял үүрэхэд бэлэн байна гэсэн юм.
Шүүгч нар асуулт тавив.
-Г.Маралмааг охиныг чинь зоддог байсныг мэддэг байсан уу?
Т.Цогт: Мэддэггүй байсан. Гэхдээ Г.Маралмаа, охин хоёрын хоорондын харилцаа сайн ч биш, муу ч биш байсан гэдгийг гадарлаж байсан. Өөрөөр хэлбэл охиныг минь зовоож ч байгаагүй, бас эрхлүүлж ч байгаагүй гэж боддог байсан.
-Охиныхоо биеийн энд тэнд хөх няц болсон байхыг хараад энэ талаар мэдээгүй гэж үү?
Т.Цогт: Би Г.Маралмаад өөрөөсөө ч илүү итгэдэг байсан юм. Охин минь талийгаач болохоос хоёр хоногийн өмнө “Аав аа, та ажилдаа битгий яв. Таныг явахаар Г.Маралмаа эгч намайг зодно” гэсэн. Би ч тэгэхгүй байх гэж бодсон. Одоо бодоход охиныгоо сонсдог л байж.
-Эмч яаралтай эмнэлэгт хэвт гээд байхад “Үхсэн ч гомдолгүй” гэж бичиг хийж өгчихөөд охиноо авч явснаас болж охин бурхны оронд очсон гэж бодогдохгүй байна уу?
Т.Цогт: Охиныгоо үхчихнэ, Г.Маралмаа охиныг минь алчихна гэж бодоогүй.
-Охины биенд тэндгүй хөх няц болчихсон, өвдөж, шаналж байхад нь суран тэлээгээр зодсоноо юу гэж тайлбарлах вэ?
-Би эцэг хүний үүднээс сургамж өгөх гэж л тэгсэн. Гэхдээ би гэмтээгээгүй. Одоо үнэхээр харамсч байна. Охиноо цэцэрлэгт өгсөн бол би Г.Маралмаад охиноо харуулахгүй байсан. Одоо охиноо цэцэрлэгт өгч чадсан ч болоосой гэж боддог.
-Охиноо юунаас болж үхсэн гэж боддог вэ?
-Охины үхэлд Г.Маралмаа л буруутай.
Өмгөөлөгч н.Тунгалаг: Т.Цогт охиноо Г.Маралмаагийн гарт амиа алдсаныг дуулаад хорих ангид орилж уйлсан
Харин Т.Цогтын өмгөөлөгч н.Тунгалаг “Т.Цогт охиных нь үхэл шатнаас унаснаас биш хойд эхийн зодуураас болсныг хавтаст хэрэгтэй танилцаж, өмгөөлөгчөөрөө тайлбарлуулсны дараа мэдэж, хорих ангидаа орилон уйлж, үсээ зулгааж байсан” гэдгийг шүүх хурлын үеэр шүүх бүрэлдэхүүнд танилцуулж байв.
Талийгаач охины ээж оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийг Г.Маралмаагаас нэхэмжлэв
Харин охины төрсөн ээж н.Өнөржаргал оршуулгын зардлыг Г.Маралмаагаас нэхэмжилж байгаагаа илэрхийллээ. Тэрбээр “2014 оны наймдугаар сард охиноо Т.Цогтод нэг сар харуулсан. Энэ хугацаанд өөр дээрээ авчран, усанд оруулахад нуруу нь хөхөрсөн байдаг. Охиноосоо асуухад “Маралмаа аниа өвөө болоод модон могойгоор ороолгодог. Би алгаа хавсраад баярлалаа өвөө” гээд мөргөдөг байсан” тухай мэдүүлэв.
Мөн охин нь “Маралмаа аниа чамайг харахаар дургүй хүрээд байна гээд зоддог. Аавыг ажлаас ирэхэд Маралмаа аниа намайг ховлоод, уйлахаар аав бас намайг зоддог” гэж хэлж байсан тухай ч ярьсан юм. Түүнчлэн тэрбээр оршуулгын зардалд зарцуулсан 4 сая 646 мянган төгрөгийн хохирлыг Г.Маралмаагаас нэхэмжилсэн юм. Охиныг өнгөрөх үеэр Т.Цогтын ажлын газраас 577 мянган төгрөг, Т.Цогтын ар гэрээс 500 мянган төгрөгийг Өнөржаргалд өгч байжээ.
Төрсөн ээж нь охиноо айлд үрчлүүлэх гэж байжээТалийгаачийн төрсөн ээж н.Өнөржаргал охиноо гурван хүүтэй айлд үрчлүүлэхээр гэрээ байгуулж, гарын үсэг зурсан байсан тухай баримтыг Т.Цогтын өмгөөлөгч шүүх хурлын үеэр дэлгэсэн юм.
н.Өнөржаргал ярихдаа “Би Т.Цогттой муудалцаад охиноо үлдээгээд явсан. Хэдэн хоногийн дараа очсон чинь охиныг минь Архангай аймагт байдаг айл рууявуулсан байсан. Хоёр ахтайгаа охиноо авахаар очиход “Манайх гурван хүүтэй. Та хоёр салж байгаа бол охиноо манайд үрчлүүлчих” гэсэн юм. Би бодож байгаад зөвшөөрсөн. Гэрээ байгуулж, гарын үсэг ч зурсан. Тэр айл охиныг минь авахаар ирэхэд Т.Цогт өгөөгүй юм билээ. Би охиноо хараад хамт амьдрах гэтэл ямар ч мөнгөгүй байсан тул ажил хийх хэрэгтэй болсон. Тэгээд л охиноо эцэгт нь өгсөн. Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Гэхдээ би одоо ч ажил хийхгүй байгаа л даа” гэсэн юм.
Охиноо зодуур хүчирхийллийн там руу явуулаад шоуддаг байжээ
Мөн гэрчүүд талийгаачийн төрсөн ээж Н.Өнөржаргалыг “Согтууруулах ундаа хэрэглэдэг, хэдэн хоногоор гэртээ ирэхгүй алга болчихдог, охиноо айл айлд аваачиж хаячихаад өөрөө шоудаад явчихдаг байсан” тухай мэдүүлсэн байдаг. Гэрчүүдийн мэдүүлгээс харахад талийгаач охины төрсөн ээж эх хүний үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаагүй, наргиж цэнгэхдээ мөнгө төгрөг олдог хэрнээ охиноо зодуур хүчирхийллийн там руу “мөнгөгүй” гэсэн шалтгаанаар хайр найргүй түлхдэг байсан нь харагдана. Г.Маралмаа, Т.Цогт нарын гэрт очихгүй гэж төрсөн охиноо уйлж байхад хүчээр явуулдаг байсан нь ч ийм эмгэнэлтэй хэрэг гарахад түлхэц болсон гэхэд хилсдэхгүй. Зодуур нүдүүрийн бай болж байгааг нь мэдсэн мөртөө төрсөн эх нь охиныхоо төлөө яагаад зүтгэж болоогүйг олон шүүх танхимд оролцогсод ярьж байлаа.
Мөрдөн байцаалтад буцлаа
Ийнхүү шүүгч, өмгөөлөгч, улсын яллагч асуулт асууж, Г.Маралмаа, Т.Цогт нар хариулсны дараахан шүүх бүрэлдэхүүн завсарлаж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Улсын яллагч Г.Маралмаад 23 жилийг чанга дэглэмтэй хорих ангид,Т.Цогтод 5.6 жилийн хорих ял оноохоор төлөвлөснөө хэлсэн юм.
Ингэхдээ Т.Цогтын охиноо хоёр удаа ороолгосон нь үхэлд хүргэсэн байж болзошгүй эсэх, мөн охин Т.Цогт, Г.Маралмаа нарын байнгын дарамтад байсан уу гэдгийг дахин шалгахаар буцаасан юм. Хэргийн мөрдөн байцаалт эхнээсээ дахин явагдана. Үүний дараа прокурорын байгууллагад хянагдана. Улмаар дахин шүүхийн танхимд шүүх хурал болох юм.