Орчлонд намар цаг иржээ. Зэллэн одох шувуудын цуваа сэтгэлд хургасанчиний минь дүр төрхийг хэзээ ч надад эргэж ирэхгүйгээр холдон явааг санагдуулах мэт. Далавчаа дэвээд л өндрөөс өндөрт нисэн одох юм. Гэхдээ яасан ч эргэж харалгүйгээр чигээр тэмүүлсээр замхран одно.
Тиймээ, чи над руу нэг ч удаа эргэж харалгүйгээр омог бардам чигээрээ алхаж одсон. Эмэгтэй хүн бүрт бэлэн байдаг ёувдан дуслууд тэр үед хичнээн хүсээд ч миний нүднээс гараагүйсэн.
Миний сэтгэл өвдөөгүй, харин ч бүр баярлаж байсан юм гэж үү?
Үгүй ээ, тэгвэл яагаад би одоо уйлаад байгаа юм болоо. Сэтгэл зүрхээ хорьж дийлэхгүй нь ээ, би чамайгаа санаад байна. Ингэж бодох тусам чанга цурхиран уйлмаар бодогдох юм.
...Гэхдээ хичнээн чанга уйллаа гээд одоо чи намайг сонсож чадахгүй шүү дээ. Тэгэхээр би зөвхөн өөрөө өөрийгөө тайвшруулах гэж уйлж байгаа байх нь. Харин тайвширч чаддаг болов уу, яадаг бол.
Сэтгэлийн чандад нэгэн асар том үгээр хэлж боломгүй зүйл хөвчрөн зангирч, цаашид тэвчиж чадахаа байгаад тас үсрэх шиг болох юм. Үүнтэй зэрэгцэж миний хоёр нүдийг тунгалаг дуслууд хоромхон зуурт бүрхэж, удалгүй эргээ халин халуун зам татуулан, хацар исгэн доошлоно. Энэ бол миний нулимс. Сэтгэлээс урссан ариухан мөнгөн дуслууд энэхэн бяцхан зүрхэнд чиний тухай харамслын бодлууд багтаж ядаад хальж байгааг илэрхийлж байгаа хэрэг.
...Гадаа бороо шивэрч байна. Энэ магадгүй сүүлчийн бороо биз. Модноос унаж, хатаж шарласан навчис “нэгэнт өнгөрсөн хойно яах нь вэ дээ” гэх шиг газар сайгүй гунигтайхан хөглөрнө.
Гадаа хэн ч алга аа. Уг нь өдийд цонхоороо ширтэж чамайгаа ирэхийг тэсэн ядан хүлээдэгсэн. Хаа сайгүй багачууд тоглож, хөгшид нялхас салхилж байдагсан биш билүү. Гэтэл одоо бороо орж байгаа болоод ч тэр үү хүн амьтан үзэгдэх нь битгий хэл газар шаагин асгарах усан дуслуудаас өөр чимээ анир алга.
...Байз тэр жижигхэн саравчин доор хоёр хүн бие биенээ налаад сууж байна. Бодвол хоёр биендээ хайртай, аз жаргалаар бялхаж яваа хосууд биз ээ. Энэ хоёрын сэтгэлд аз жаргал, хайр бялхаж байх шиг.
Харин миний...
Би чамайгаа гомдоосон. Үнэнч хайрыг чинь ойлгоогүй, өөр залууд сээтэн хаяж байгаад чамдаа хөсөр хаягдсан өчүүхэн амьтан, би. Чамайг яваад өгөхөөр л өөрт чинь хайртай болсноо өр зүрх минь надад хэлэх юм.
...Би яагаад уйлахаа болихгүй байна аа. Бас энэ бороо ч зогсох янз алга. Цонхны тавцан дээр өвдөгөө цээжиндээ наагаад уйлж суугаа намайг анзаарч харах хүн ч гадаа алга. Харин нөгөө хоёр чинь их л дотго ярилцсаар л сууна. Зарим нэгэнд нь энэ бороо яршигтай санагдаж байхад, тэр хоёрт аз жаргал нэмж харин намайг шоолж тохуурхан эцэс төгсгөлгүй мэт асгасаар л...
...Чамайг эргээд ирвэл би зөндөө их зүйл чамд хэлнэ, их олон зүйл чамдаа ярина, уучлал гуйна. Гэхдээ яалаа гэж чи ирэх вэ дээ, би өөрөө эргэж ирэхгүйгээр гомдоочихсон юм чинь. Хэзээ ч эргэж ирэхгүй байх. Гэхдээ л...
...Ер нь энэ бороо битгий зогсоосой хэрвээ зогсчихвол миний сэтгэлд цорын ганц хань болж байгаа аз жаргалтай хос маань яваад өгч магадгүй. Энэ хоёр ер нь анх яаж танилцсан бол. Аягүй бол бороо орж байхад танилцсан даа, харин би түүнтэйгээ анх танилцахдаа бороонд шалба норчихоод гэр лүүгээ гүйж байсан. Тэгэхэд чи надад шүхэр өгч, гэрт минь хүргэж өгсөн шүү дээ. Тийм болохоор бороо та хоёртоо би хайртай. Дараа өдрөөс нь эхлээд л чи минь манай цонхон доор ирээд намайг шүгэлдэж дууддаг болсон. Тэр шүглийн дууг би өөрийн мэдэлгүй хүлээдэг болчихсоноо яагаад эрт ухаарсангүй вэ. Даанч чи минь яваад өгчихсөн, эргэж ирэхгүй байх. Энэ бороо ч гэсэн сүүлчийн бороо. Дахиж орохгүй байсаар байгаад л өвөл болчихно биз. Харин энэ доор байгаа хоёр ирээдүйгээ сайхнаар төсөөлөн ярилцаж бороонд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа.
...Залуу нь бүсгүйгээ үнсэж байна. Ямар жаргалтай юм бэ, харин бүсгүй нь ичээд залуугийнхаа нүд рүү эгцэлж харж чадахгүй доошоо хараад л суугаад байх юм. Энэхэн жоохон хугацаанд би энэ хоёрт бас их хайртай болчихож.
...Бороо зогсох нь ээ, би ч уйлж ханалаа. Байз, нөгөө хоёр чинь муудалцаад эхлэх чинь. Бүр бүсгүй нь гэнэт босоод гүйчихлээ. Залуу нь яагаад араас нь явахгүй байна аа. Залуу нь бас уурлаад явчихлаа.
...За за, одоо би ч гэсэн энэ цонхны тавцан дээрээс буух болсон шиг байна. Номын хуудас эргүүлж өөр зүйл бодохыг хичээе.
...Энэ ном бас л хайр сэтгэлийн тухай өгүүлж эхэлж байх шив. Үгүй би ядаж хий юм сонсоод байх юм. Тээр бас дахиад л. Үгүй ээ, нээрээ хэн нэгэн цонхон доор ирчихээд шүгэлдээд байна. Арай тэр минь ирчихсэн юм биш биз дээ. Бушуухан очиж харъя.
...Тийм ээ, тэр минь мөн байна. Энэ бороон дунд зогсож байгааг нь, бүр даарчихсан байх даа. Би одоохон чам руугаа буугаад очлоо.
...Үнэхээр чи мниь намайг тэвэрч байна гэж үү, тийм ээ чи минь намайг тэвэрч байна шүү дээ. Харин би чамдаа тэврүүлээд үгээр хэлэхийн аргагүй жаргалтай байгаа хэрнээ яагаад бас уйлаад байгаа юм бол оо. Өөрийн эрхгүй л уйлаад байна. Гэхдээ дэндүү гоё байна. Бас их олон зүйл хэлье гэж бодож байсан ч одоо ву ч амнаас гарахгүй, зүгээр л чамдаа тэврүүлээд удаан гэгч уйлаад зогсмоор байна.
...Хараач түрүүн уурлаад салсан хоёр маань дахиад зэрэгцээд сууж байна. Эмэгтэй нь инээж байгаа хэрнээ нүднээс нь нулимс гараад л байх юм. Залуу түүнийг нь зөөлхөн арчиж тайвшруулж байна.

...Нулимс, нулимс аа гэж баяр гомдлын туйл дээр илэрдэг хүний сэтгэлийн рашаан юм уу даа.

profile
Бүү ай
Угаасаа төрөхдөө л
Шархтай төрцийм, бахь байдгаараа л
       байнадаг
Бүү эмээ
Угтаа сэтгэл
Гунигтай байсийм, дасал болцым 
Хутгаар шаагаад ч нэмэр байхгүй
Зүрхээ аль хэдийн арилжчихсийм
Сэтгэл өвтгөх гээд ч хамаагүй ээ
Доромжлолтой нөхцөөд дүжирчихсийм


  Криллээр шууд бичье!