Ертөнцийн хайр
Навч хөлөргөж, нарны хүү хайраа хэлдэг Навч унаж, газрын охинд хайраа өгдөг Эр өвс эхэлж ургадаг Энүүхэн хавийн цэцгээ тоолосхийгээд ганхдаг Хярсан салхи нүдээрээ инээж Хялгасанд хүртэл хайраа хэлдэг Хясаа шиг аашиндаа хөлбөрч орхиод Хамтдаа л явах гэж хийсгэж оддог Уулга алдуулж бороо асгаран Ухаангүй саналаа гэж хурмаст шивнэдэг Уйдна даа, чи надаас уйдна гэж Улаан зээрд гол амиа тасартал хөөсөрдөг Тэнгэр, газар хоёр биенээ цоо ширтэж Тэсгэл алдахдаа манан унагаж уулздаг Өдөржин нээсэн зовхио амраахын төдий харамлахдаа Өөрөөсөө бусдад тэнгэр сүүдэр дагуулж харддаг Дээшээ ургадаг биш, дотогшоо яргадаг бүхэн биенээ барааддаг Дэндүү их хайрыг дааж ядахдаа дэлхий эргэдэг Цэврүү исгэгдэх шиг л нулимс ивлээд явчихлаа Цээжинд минь иссэн чамд хайртай болчихож , би
         
Чин зүрхний миний л хайраа. Тун удахгүй болох гэгээн хайрын өдрийн мэндийг хүргэж энэхүү захиаг бичиж сууна. Чи бид хоёр хайр сэтгэлээрээ учраад гурав орчим жилийг ардаа үджээ. Хорвоод чи бид хоёрыг учруулсан тэр нэгэн шинэ жилийн баярын үдэшлэгийг хайрт чи минь эргэн санадаа. Анхныхаа харцаар чамдаа дурласан ч гэлээ зүрх минь алдаж дурлаагүй байсан. Чиний бүх зан төрх, үйл хөдлөл, ааш араншин чинь, ер нь чи бүхлээрээ дандаа л хайрыг минь татаж, чамайг энхрийлэх сэтгэлийг надад төрүүлдэг байсныг би гайхдаг л байлаа. Одоо зүрхийг минь зөвхөн чи л нэгэнт эзэлжээ. Энэ зүрхнийхээ орон зайнаас өчүүхэн хэсгийг нь ч нууцаар эсвэл илээр өөр хэн нэгэнд өгөхийг би хүсэхгүй ээ. Чамайгаа олж хараад, чамдаа өгсөн дурлал надад хорвоо ертөнцийг солонгын 25 өнгөөр гэрэлтүүлэн цоо шинээр дэлгэн харуулж, би сэтгэлдээ амьдрал юутай сайхан, хайр минь юутай сэтгэл татам бэ гэж өөрийн эрхгүй дуу алдан гайхширч суусан нь саяхан даа. Амьдралд тохиолдолд элдвийн маргааныг чи бид 2 тойрч гарч чадахгүй ч гэлээ, бие биеэ хүндлэх сэтгэлдээ тулгуурлан сэтгэлээ сэвтээлгүй давж гардагаараа бахархдаг шүү. Хүний л амьдрал хойно хааяа чамдаа гомдчихоод буруу харан нулимсаа арчин суудаг ч гэлээ, өөрөө бас зөрүүдлээд уурыг чинь барах удаа байдаг ч гэлээ. Дотроо чамаасаа хэдийнэ уучлал гуйчихаад, намайгаа аргадан энхрийлэхийг чинь мөч тутам хүлээн хошуу цорвойн суудаг шүү дээ. Гэхдээ уурандаа хэлдэг зарим хатуу үгэнд чинь зүрх минь өөрийн эрхгүй чангаар базлаж, хөндүүрлэн хатгуулан өвдөөд, гадаа хичнээн ч нартай байсан эвлэрэх хүртэл эргэн тойрон надад тас харанхуй санагдаад дэндүү шаналгаантай байдаг аа нуухгүй ээ. Харилцан буруугаа хүлээж, бие биедээ буулт хийж аргадаж тайтгаруулдаг энэ заншилаа хоёулаа он жилийн уртад гээхгүй л амьдрах юм сан даа