Сангийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яам, Орон сууц санхүүжилтийн корпорацийн төлөөллөөс бүрдсэн хяналтын зөвлөл хуралдлаа. Зөвлөл Засгийн газрын "40 мянган орон сууц" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сард байгуулагдсан юм. Ээлжит хурал УИХ-ын сонгуультай давхацсан учир Засгийн газар, яам, нийслэлийн төр захиргааны байгууллагын хэмжээнд шийдвэрлүүлэх асуудал хуримтлагдсан гэж үзсэн аж. Хөтөлбөрийн хүрээнд 2007-2008 онд сумдад 320, аймгийн төвүүдэд 1572 сууц, Улаанбаатарт нисэхийн 350, төрийн байгууллагуудын 243 сууцны барилга угсралтын ажлыг төлөвлөсөн байна. Харин санхүүжилт 46.8 тэрбум төгрөг байв. Энэ онд 700 айлын сууц ашиглалтад орохоос одоогоор 327 нь оршин суугчдаа хүлээн авчээ. Улсын хэмжээнд 278 иргэн 4.5 тэрбум төгрөгийн орон сууцны урт хугацааны зээлд хамрагдсаны 253 нь нийслэлийн иргэн байна. Одоогоор барилгын болон иргэдийн зээл 18.8 тэрбум төгрөгт хүрч нэг хүнд ногдох зээлийн дундаж хэмжээ 18 сая төгрөг болов. Ирэх онд нийслэлд VII хорооллын I хэсэгт 1008, Буянт-Ухаа хороолол 693, төрийн байгууллагуудын 260, аймгийн төвүүдэд 20, 30, 38, 63 айлын 854 сууц барихаар төлөвлөөд байна.
Ажлын хэсгийн ахлагч, Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар барилгын салбар дахь материалын үнийн өсөлтийн талаар судалгаа хийсэн байна. Судалгаагаар орон сууцны үнэ барилгын материалын үнийн өсөлтөөс хамаарч 30 хувиар нэмэгджээ. Гэхдээ энэ өсөлт түр зуурынх аж. Учир нь ам метрыг нь 400-500 ам.доллараар борлуулж болох байтал хоёр дахин нэмж байгаа компаниудтай холбоотой юм. Зөвлөлийн гишүүд "40 мянган орон сууц" хөтөлбөрийн бондын эх үүсвэр дутагдалтай (25.0 тэрбум төгрөг), санхүүжилтийн эх үүсвэр тогтворгүй, зээлийн хүү өндөр, хугацаа богино, эрх зүйн зохицуулалт дутмаг байна гэж үзлээ. Тиймээс дахин Засгийн газрын бонд гарган гадаадын хөрөнгийн биржид арилжин хөрөнгийг Орон сууц санхүүжилтийн корпорацид төвлөрүүлснээр энэ ажлын гацаа арилна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Ипотекийн болон Үнэт цаасны арилжааны тухай хууль батлагдсанаар бага, дунд орлоготой иргэд орон сууцтай болох боломж нээгдэх юм. Орон сууцны ам метрийг 400-500 ам.доллар болгон бага, дунд орлоготой иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэх нь чухал гэдэгт гишүүд санал нэгдэв. Гишүүд Улаанбаатарт энэ ажил удаашралтай байгааг хүлээн зөвшөөрч хөтөлбөрийг "100 мянган орон сууц" болгож өөрчлөх саналтай байгаа аж.