Бичлэгийн тоо 3,329
Хүний гараар бүтээгдсэн хамгийн “сүрлэг” машин механизмууд
Эдгээрээс онцлон таны бодсоноос ч сүрлэг байж боломгүй “сонирхолтой” машин механизмуудаас толилуулж байна.
“Bagger 288” / Герман
Эх газрын хамгийн том экскаватороор нэрлэгддэг “Bagger 288” загварыг уул уурхайн “Rheinbraun” компаний захиалгаар Германы “Krupp” группийн инженерүүд зохион бүтээжээ. 1978 оны тэртээ зохион бүтээж байсан энэ экскаватор нь 220 м урт, 96 м өндөр бөгөөд 13.500 тн жинтэй юм. “Bagger 288” нь өдөр бүр 240.000 тн ухах чадвартай бөгөөд энэ нь хөлбөмбөгийн нэг талбайг 30 м гүн ухсантай тэнцэх хэмжээ ажээ.
“The Liebherr T 282B” / АНУ
Нүүрс тээвэрлэгч дэлхийн хамгийн том ачааны машинууд нь цагт дунджаар 447 тн нүүрс тээвэрлэх боломжтой байдаг гэнэ. “The Liebherr T 282B” загварыг “The Liebherr Group”-ийн АНУ дахь салбар компаниас гаргадаг бөгөөд 2004 оноос үйлдвэрлэгдэж байгаа энэхүү машин нь 400 тн нүүрс, шороо тээвэрлэх хүчин чадалтайгаараа дэлхийд томоохонд тооцогддог байна. “The Liebherr T 282B”-ийг нүүрс, төмөр, алт тээвэрлэлтийн зориулалтаар АНУ, Чили, Индонез, Өмнөд Африк болон Австраличууд худалдан авах нь түгээмэл бөгөөд $4.000.000 - $5.000.000 ам.долларын үнэтэй байдаг гэнэ.
“The Liebherr R9800” / Герман
1949 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа “The Liebherr Group” нь дэлхий дахинаа 130 гаруй салбар компанитай тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч групп билээ. Энэхүү утгуурт экскаватор нь 4000 морины хүчтэй бөгөөд 800 тн хөрс, шороог тээвэрлэх чадвартай юм. Үүнээс гадна Германы “TEREX” компаний “RH400” загварын экскаватор нь хүчин чадлаараа гайхагддаг бөгөөд 4400 морины хүчтэй “RH400” нь цагт 9000 тн хөрсийг ухаж, малтагчдаа 94 тн хөрс шороог тээвэрлэх чадалтай юм. Үнийн хувьд $11.000.000 ам.доллар байдаг ажээ.
“The MV Blue Marlin” / Голланд
Голландын “Dockwise Ltd.” компаний зохион бүтээсэн ачаа тээврийн энэхүү хөлөг онгоц нь дотроо 60 хүний багтаамж бүхий 38 кабинтай, биеийн тамирын заал, саун болон усан сантай юм байна. 60.000 тн хүртэлх ачаа тээвэрлэх боломжтой энэхүү хөлгийг АНУ-ын Тэнгисийн цэргийнхэн түрээсэлж Аль Каидагийн бөмбөгдсөн “USS Cole (DDG - 67)” хөлгийг тээвэрлэж байсан гэнэ.
“The Kalinin K-7” / ОХУ
Зорчигч тээврийн болон бөмбөгдөгч онгоцны зориулалтаар 1930-аад оны тэртээ зохион бүтээж, туршилт хийж байсан энэ хөлгийг дэлхийн I дайнд оролцож явсан ЗХУ-ын нисгэгч, инженер Константин Калинин (1887 - 1938) зохион бүтээжээ. Зорчигч тээврийн хувилбар нь 120 хүнийг тээвэрлэх боломжтой байсан бөгөөд зорчигчийн суудлыг 2.3 м зузаан далавчны хэсэгт шийдэж өгсөн байжээ. Харин бөмбөгдөгч загварын хувьд 8 х 20 мм үхэр буу, 8 х 7.62 мм автомат буунууд болон 9600 кг хүртэлх бөмбөг тээвэрлэх чадалтай юм байна.
“The Aero Spacelines Super Guppy” / АНУ
“NASA”-гийн мэргэжилтнүүдийн захиалгаар зохион бүтээсэн ачаа тээврийн энэхүү онгоц нь АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Aero Spacelines, Inc.” компаний дэлхийд алдартай онгоц юм. Анхны нислэгээ 1965 онд үйлдэж байсан энэ онгоцыг 1950-аад оны зорчигч тээврийн “Boeing 377 - Stratocruiser”-ээс санаа авч бүтээсэн гэнэ. Энэ нь “NASA”-гийн туршилт судалгааны төхөөрөмжүүдийг тээвэрлэхэд хэрэглэгддэг ба 26 тн хүртэлх ачааг 482 км/ц хурдтайгаар тээвэрлэх чадвартай ажээ.