Аргентиний баг хэдийгээр хэсгээс шалгарах эрхээ авсан ч бүрэлдэхүүний хувьд томоохон өөрчлөлт хийсэнгүй. Ямар ч багийг айлгах Хигуайн - Агуэро - Мессигийн хослол нь 221 минутын турш гоол алдаагүй байсан В.Эньеэма болон Нигерийн багийн хамгаалалтыг ердөө 2 дахь минутанд л сэтлэсэн. Гэхдээ Нигерийн баг ердөө ганцхан минутын дараа сөрөг довтолгоогоороо хариу барьж, тооны харьцааг тэнцүүлсэн юм.
Л.Месси 1-р үеийн төгсгөлд хаалттай цохилтоороо багаа ахин илүү гаргасан ч 2-р үе эхлээд 2 минут ч өнгөрөөгүй байхад өнөөх Муса дахин гоол оруулж тооны харьцааг тэнцүүлсэн. Гэвч 50 дахь минутанд Э.Лавеццигийн хийсэн булангийн цохилтонд М.Рохо хамгийн түрүүнд хүрэн багтаа ялалт авчрав.
Ийнхүү Аргентин, Нигерийн багууд 2-уул дараагийн шатанд шалгарлаа.
ОНЦЛОХ МӨЧ
Эхний 5 минут. ДАШТ-ий 84 жилийн түүхэнд анх удаа 2 баг 2-уул тоглолтын эхний 5 минутанд гоол орууллаа. Эхлээд Ди Мариагийн цохилт маш азгүй байдлаар хаалгачийн гар, толгой, шон онон гарч ирснийг Л.Месси нэмж салхийг хагалсан. Гэсэн ч ердөө дараагийн довтолгооноор ЦСКА-ийн довтлогч Ахмед Муса тун уран цохилтоороо гоол оруулжээ.
ОНЦЛОХ ТОГЛОГЧ
Ямар ч маргаангүй Лионель Месси. Аргентиний багийн ахлагч өөрийгөө довтолгоо бүрт, хором бүрт дайчлан, эрч хүчтэйгээр багаа удирдан, ялалт авчирлаа. ДАШТ-ий мэргэн буучдын жагсаалтыг 4 гоолтойгоор Нэймарын хамтаар тэргүүлж эхлэсэн тэрээр өмнөх тэмцээнүүдээс илүү өнгөтэй харагдаж байна. Түүний 2 дахь гоол буюу хаалттай цохилтоос орсон гоол ч маш оновчтой цохилт байсныг онцлох хэрэгтэй.
ОНЦЛОХ СТАТИСТИК
Ахмед Муса ДАШТ-д нэг тоглолтонд 2-оос дээш гоол оруулсан анхны Нигери хөлбөмбөгчин болжээ. Тэрчлэн Нигерийн баг Аргентиний хаалганд 1-ээс олон гоол оруулсан анхны Африз баг болов.
Санал болгох нийтлэл: ДАШТ 2014: Мэдэхэд илүүдэхгүй 7 зүйл