15 монгол охиныг АНУ-руу хүний наймааны золиос болгох гэж байгаад баригджээ
Уншсан 4468 vote 0 2014.04.30 19:45:04
Цөөхөн хүн амтай манай улсын охид бүсгүйчүүд хүн худалдаалах
гэмт хэргийн золиос болох нь ихэсчээ. Ингэж хэлэхийн учир нь энэ хэргийн
хохирогч жил ирэх тутам өсөөр байгаа аж.
Улсын Мөрдөн байцаах газрын Зохион
байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2014 он гарснаас хойш Филиппин,
Индонез, БНХАУ-аас хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж хохирсон долоон бүсгүйг эх
орондоо авчирчээ.
2010 оноос хойш 53 холбогдогчтой, 46 эрүүгийн хэрэгт
134 эмэгтэй хохирсон гэх мэдээ байна.
Зүүн өмнөд Азийн орнууд болох
Малайз, Индонез, Филиппин, Сингапур, Макао зэрэг орнууд болон тус хэсэгт
хамаардаг АНУ-ын Сайпан гэх мэт жижиг арал руу охид, эмэгтэйчүүдийн явуулахдаа
эцэг эхчүүд, ар гэрийнхэн нь онцгой анхаарч, хяналт тавих шаардлагатай байгаа
юм.
Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн судалснаар Зүүн
өмнөлд Азийн орнуудын чиглэлд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж болзошгүй, 200
орчим эмэгтэй байдаг аж. Гэвч албан бус мэдээгээр 400-450 орчим гэж үздэг
байна. Тэнд 17-34 насны охид, эмэгтэйчүүд байдаг ба албаны эх сурвалжийн хэлж
буйгаа ар гэрийнхэндээ үнэнээ хэлдэггүй, сурч байгаа, оюутан солилцоонд
хамрагдсан гэж худал хэлж, итгүүлдэг байна.
Үүнээс гадна монгол охид
нэг нэгнээ худалдаалах, зуучилдаг хачирхалтай хэргүүд гарах болсон тухай Улсын
Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга дэд
хурандаа Б.Батзориг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Тухайлбал, энэ оны нэгдүгээр
сард АНУ-ын иргэн М гэгч ньманай улсын 15 охиныг АНУ-ын харьяа Сайпан арал руу
ширээний хүүхэн үйлчлэгч нэрийн дор худалдаалахаар явуулах гэж байгаад
баригдсан байна. Энэ хэргийн Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад дуусч байгаа
бөгөөд удахгүй прокурорт шилжих аж.
М.Нандин Uls.mn