ОХУ-ын газрын тосны гигант “Роснефть”-ийн ерөнхийлөгч Игорь Сечин өчигдөр манай улсад ирээд буцлаа. Дэлхийд алдартай компанийн удирдагч хэл дуулгаж, зар тараалгүй сэмхэн буугаад мордсон нь гайхаш төрүүлэв. Игорь Сечин жижиг хэрэг хэлэлцэн тохиролцох гэж Монголыг зориогүй нь ойлгомжтой.
Тэрбээр гуравхан цаг саатахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нартай уулзаж амжив. Тэрбээр манай улсын газар тосны зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх алхам хийхээр зорьж ирсэн бололтой. “Роснефть” компанийн албан ёсны цахим хуудсанд тэмдэглэснээр талууд Ангарскийн үйлдвэрээс манайд нийлүүлэх шатахуун болон савласан битумийн хэмжээг нэмэгдүүлэх, Монголын нутагт газрын тос хайх, олборлох талаар ярилцсан гэжээ. Түүнчлэн хамтран хэрэгжүүлэх төсл үүдийг боловсруулах хоёр талын Ажлын хэсэг байгуулах талаар ярилцсаныг дурдсан байлаа.
Харин манай Уул уурхайн яамны цахим хуудсанд “Төмөр замаар газрын тос тээвэрлэх зардал өндөр тул ОХУ-аас Монгол руу газрын тосны бүтээгдэхүүнийг хоолойгоор нийлүүлэх талаар урт хугацааны гэрээ байгуулж, төсөл хэрэгжүүлэхэд бэлэн байна гэж Игорь Сечин ярилаа. Хоёр тал харилцан мэдээлэл солилцож энэ асуудлыг судлах шаардлагатай” гээд газрын тосны салбарт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай мэдээлжээ. Манай улс сүүлийн 10 гаруй жил “Роснефть” компаниас шатахуунаа худалдан авч байна. Зарим үед энэ компаниас шатахууны хэрэглээгээ бүрэн хангаж байсан ч түүх бий. Өнгөрсөн онд гэхэд тус компани манай улсад 700 мянган тонн шатахуун буюу нийт хэрэглээний 54 хувийг нийл үүлсэн байна. Түүнчлэн онгоцны болон “Улаанбаатар төмөр зам”-ын дизелийн түлшний 80 хувийг хангаж байгаа аж.
2013 онд 1.3 сая тонн шатахуун хэрэглэсэн Монгол Улс жилд хоёр сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл боловсруулаад байгаа. Энэ үйлдвэр нь түүхий газрын тосоо Тамсагбулагийн орд болон ОХУ-ын Ангарскаас авах төлөвлөгөөтэй буй. Манай улс дотоодын хэрэгцээгээ хангах шатахуун үйлдвэрлэхээр оросуудаас түүхий газрын тос “гуйж” байгаа бол “Роснефть” компани Монголд зах зээлээ тэлэх алхам хийж буй нь сонирхол татаж байгаа юм.
Т.ЭНХБАТ