Оросын загварын ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог хатагтай бол Эвэлина Хромченко юм. Загварын өргөн мэдлэгтэй, шинжээч, гайхалтай эмэгтэй маань нэгэнтээ " Гадаад төрхөндөө анхаардаггүй хүний дотоод ертөнц баян байна гэдэгт би итгэдэггүй. Түүнчлэн залгасан үстэй, гамбир шиг уруултай амьтад хөгжсөн байдаг гэдэг ч огт итгэддгүй" хэмээн хэлж байжээ. Тэр бол хувцас загварын хувьд бүхэл бүтэн түүх үлдээж байгаа хатагтай юм. Мянга мянган эмэгтэйчүүдэд түүний хөтлөн явуулдаг " Модный приговор" буюу загварын шүүх хэмээх өдөр тутмын нэвтрүүлгийг тэсэн ядан хүлээж байдаг. Хувцас загварын хувьд түүний мэдлэг шавхагдашгүй. Хаана юу өмсөх, бас юу өмсөж болохгүй зэрэг олон асуултын хариуг түүнээс мэдэж болно. Түүнийг "Time", "the new york time", "financial Times" хэмээх сэтгүүлээс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хувцас загварын шинжээч төдийгүй загварын ертөнцийн нөлөө бүхий хүнээр нэрлэсэн ажээ. Эвэлина хромченко зохиолч, сэтгүүлч, хөтлөгч, мөн чадварлаг бизнесмэн гэнэ. Мөн тэрбээр дэлхийн алдарт сэтгүүл "L officiel " орос дахь салбарын ерөнхий редакторын албыг 13-н жил амжилттай хашсан нэгэн. Түүнчлэн загварын нэвтрүүлгийн хөтлөгчийн ажлаас гадна хувцас загварын талаар лекц уншдаг байна. Тун удахгүй энэ сарын 19-нд " Амжилтанд хүргэх хувцаслалт" сэдвийн хүрээнд лекц унших ба лекц нь 3450 рубель буюу монгол мөнгөөр 65500 орчим төгрөг гэнэ. Загварын ертөнцөөс салгаж ойлгож болохгүй эрхэм бүсгүй мөн урлагт авьяастай нэгэн аж. Учир нь 2006-онд "Чөтгөр Prada өмсдөг" хэмээн загварын сэтгүүлийн тухай кино Орост гарах үед алдарт жүжигчин Merill strip-ийн дүрд дуу оруулж байжээ.
Л.Баяр