7785 Монгол иргэн Солонгост хууль бусаар ажилладаг

УИХ-ын дарга айлчлалынхаа хоёр дахь өдөр буюу өчигдөр БНСУ-ын Пусан хотод зочилж, тус хотод ажиллаж амьдардаг 6000 гаруй иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийв. БНСУ-д нийт 26 мянга орчим монголчууд ажиллаж, амьдарч байна. Харин 7785 иргэн Солонгост хууль бусаар ажиллаж байгаа гэсэн статистик дүн байна. Жил ирэх бүр хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн тоо буурч байгаа юм. УИХ-ын дарга уулзалтынхаа эхэнд хэлэхдээ, Солонгос улс бол бүс нутаг дахь Монгол Улсын ойрын түнш орны нэг. Солонгос дахь монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахаар энд Хөдөлмөрийн яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам үйл ажиллагаа явуулж байгаа.
Монгол дахь БНСУ-ын элчин сайдын яамны зүгээс монгол иргэдэд виз өгөхийн тулд 7-14 сая төгрөгний барьцаа хөрөнгө шаарддаг. Энэ асуудлыг айлчлалын хүрээнд хөндөж, БНСУ-ын төр засгийн удирдлагуудтай хэлэлцсэн гэлээ. Мөн БНСУ дахь Монголчууд гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд гарч байгаа. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог. Тиймээс БНСУ-д сууж байгаа монгол иргэд хууль дүрмийг сайтар сахин биелүүлж амьдрах хэрэгтэйг санууллаа.