Бичлэгийн тоо 3,329
-Шинжилгээ хийсэн хүнсний ногоог нийслэлээс худалдан авчээ-
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай хамтран өнгөрөгч 2013 оны тавдугаар сараас эхлэн хүнсний ногоо, жимс, жимсгэнэд агуулагдах хорт бодисын судалгааг хийжээ.
Энэ судалгааны талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Судалгаандаа хавар, намрын буюу шинэ ургацын болон өнжсөн жимс, жимсгэнэ, хүнсний ногооны дээжийг хамруулсан гэнэ.
Д.Чулуунбаатар: Импортын хүнсний ногооны 80 гаруй хувь нь хортой
Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Чулуунбаатараас зарим зүйлийг тодруулав.
-Хүнсний ногоо, жимс, жимсгэнэд агуулагдах хорт бодисын судалгаа хийсэн гэлээ. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Иргэдийн монгол ургацын гэж итгэн хэрэглэж заншсан хүнсний ногоонд хийсэн судалгаагаар нийт 275 дээжийн 40 орчим хувьд нь пестицид буюу хорт бодис илэрсэн. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар, Алтанбулаг, Зүүнхараа сумдын ногооны 55.3, Төв аймгийн Баянчандмань, Борнуур сумын 34, Ховдын тарвасны 40, Өмнөговь Улаан лооль, өргөст хэмхийн 33 хувь, нийслэлийн Баянзүрх дүүрэгт тарьсан улаан лооль, өргөст хэмхийн 40 хувьд нь хорт бодис илэрсэн. Харин Хятад буюу импортын хүнсний ногооны 49 хувьд нь пестицидийн үлдэгдэл маш их, 31.37 хувьд нь нэлээд их буюу өөрөөр хэлбэл 80 гаруй хувь нь хортой гарсан.
-Шинжилгээ хийсэн хүнсний ногоонуудыг яг газар дээрээс нь очиж авсан биз дээ?
-Үгүй ээ. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний захуудад, хүнсний дэлгүүрүүдээс шинжилгээ хийсэн ногоонуудаа авсан.
-Тэгвэл тухайн дэлгүүр болон захын лангуун дээр худалдаалагдаж байгаа ногоонуудыг яг тухайн аймгуудаас авчирсан гэдгийг яаж батлах юм бэ. Магадгүй урд хөршөөс орж ирсэн хүнсний ногоо ч байж болно шүү дээ?
-Хүнсний ногоог зарахдаа яг хаанаас ирсэн гэдгийг худалдагчид нь мэдэж байгаа. Тиймээс энэ асуудалд эргэлзэх зүйлгүй. Эхний удаад хийсэн шинжилгээ тааруухан болсон байж болох. Гэхдээ цаашдаа гарал үүслийн бичигтэй болох хэрэгтэй байна.
Г.Эрдэнэчимэг: Монголчууд 10 жилийн дараа эрүүл хүнсний ногоо хэрэглэж чадахгүй
-Пестицид хэмээх хорт бодисын талаар ЭМШУИС-ийн химийн багш, доктор Г.Эрдэнэчимэг “Хүнсний ногооны найрлагад байдаг пестицид буюу маш удаан задардаг органик бохирдуулагчийн талаар мэдээлэл өгөхийг хүсч байна.
Пестицид хэмээх хорт бодис нь хүний төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааг хямруулж, дотоод шүүрлийн булчирхай, цус төлжүүлэх эрхтэн, зүрх судасны тогтолцоо, элэг бөөрөнд муугаар нөлөөлөх юм. Мөн бэлгийн эс хордуулах, ургийн гаж хөгжил, төрөлхийн согогтой хүүхэд төрөх, хүний хромосом, генд нөлөөлөх, хорт хавдар үүсгэх зэрэг хор нөлөөтэй.
Гэтэл уг пестицид хүнсний ногоонд агуулагдах хэмжээ нь их байна. Хүнсний ногооны гурван жилийн өмнөх судалгаатай харьцуулж үзэхэд пестицидийн хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Даруй арга хэмжээ авахгүй бол Монголын ард иргэд 10 жилийн дараа гэхэд эрүүл хүнсний ногоо хэрэглэж чадахгүйд хүрнэ” гэлээ.
Гарал үүслийг нь худалдагч батлах гэж үү
-Нийгэмд “Та бүхэн өдөр бүр хор идэж байна” гэх энэ сүрдүүлгийн цаана ямар ашиг сонирхол байгааг сайн мэдэхгүй юм. Учир нь “Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбоо” гэх сүржин нэртэй байгууллагын даржин судалгааны үр дүн энэ. Тэд ҮХААЯ-тай хамтраад хүнсний ногооны аюулгүй байдлын талаар ямар нэгэн судалгаа хийгээгүй байна.
Харин ч ҮХААЯ-наас өнгөрсөн оны наймдугаар сард хүнсний ногоог гарал үүслийн бичигтэй болгох талаар баталсан журам нь хэрэгжээгүй гээд хэлээд зогсч байх. Тэдний хөндсөн сэдэв нь зөв зүйтэй асуудал мөн боловч илэрхийлэх арга барил нь оновчгүй байлаа.
Судалгаа хийснийг нь буруу гэсэнгүй. Харин судалгааны үр дүн баттай юу гэдэг нь эргэлзээ төрүүлж байгаа хэрэг. Учир нь тэд судалгаандаа ашигласан төмс, хүнсний ногоогоо нийслэлийн зах болон худалдааны төвүүдээс худалдаж авсан. Тэдний тайлбарлаж байгаагаар бол дэлгүүрийн худалдагч төмс, хүнсний ногооныхоо гарал үүслийг батлах юм байх. ХБНГУ-д энэ байдлаар судалгаа хийсэн бол үнэнд арай дөхөх байлаа.
Учир нь хүнийг хуурч, мэхлэх ялангуяа баталгаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах талаар ойлголтгүй улс, үндэстэн болохоор тэр. Харин Хятад, Монгол хоёрт байдал арай өөр. Ялангуяа манай улсын хувьд дэлгүүрийн худалдагч нь бараа бүтээгдэхүүнийхээ гарал үүслийг батална гэдэг нь нэг л чихэнд наалдахгүй байна.
Жил жилийн намар Ховдынх хэмээн тодотгож худалддаг тарвас үнэндээ урд хөршөөс орж ирдэг тухай нэгэн танил маань хэлж байсан. Хаа байсан баруун хязгаараас тарвас тээвэрлэх нь ашиггүй наймаа гэдгийг ч хэлж байж билээ. Учир нь бараа бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, хотод ирээд зардлаа нөхөх эсэх нь эргэлзээтэй. Тиймээс бид гудамжнаас Ховдын тодотголтой хятад тарвас зооглодог байх нь.
Харин эрхэм судлаачид маань нийслэлд зарагдаж байгаа хүнсний ногооноос сонгоод, худалдагчаас нь “энэ хаанаас ирсэн ногоо вэ” гэж асуугаад л болсон байх юм. Олныг өдөр бүр хор идэж байна хэмээн айлгаж, сэтгэл санааг нь үймүүлэхийн өмнө сайтар судалгаа шинжилгээг хийсэн гэдэг нь эргэлзээтэй байна.
Тиймээс холбогдох албаныхан уг асуудалд анхаарлаа хандуулан хүнсний ногоог тариалдаг нутаг оронд нь очиж судалгаа шинжилгээг хийж яагаад болохгүй гэж. Судалгааны үр дүн бол бодитой байх ёстой. Үүний цаана олон мянган газар, тариалан эрхлэгчид хохирно гэдгийг тэд тооцоолсонгүй.
Тэдний судалгаа ч Борнуурын төмс, Ховдын тарвас хортой гэдгийг баталж чадахгүй. Учир нь тэд газар дээр нь очиж, бүтээгдэхүүний дээж аваагүй. Тэдний хийсэн бодит бус судалгааны үр дүнгээс болж худалдан авалт буурч тэр хэрээр ногоочдын амжиргаа хумигдана гэсэн үг. Асуудлын гол нь судалгаа хийсэндээ биш. Харин судалгааны үр дүн хэр бодитой вэ гэдэгт л байна. Яг үнэндээ миний адил олон хүн дэлгүүрийн худалдагчийн үгэнд итгэхгүй. Харин судлаачид итгэжээ. Нэг ийм л явдал болоод өнгөрч, энэ тухайгаа тэд өчигдөр мэдээллээ.
Ж.Отгонмягмар
Эх сурвалж: www.mminfo.mn