
Сүүлийн өдрүүдэд зарим мэдээллийн хэрэгслээр “Гоё тараг”-ийг Хятадад үйлдвэрлэдэг, урд хөршөөс оруулж ирдэг зэргээр мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл өнөөдөр “Гоё тараг” үйлдвэрлэгч “Оргил хүнс” ХХК-ийн удирдлагууд хэвлэлийн хурал зарлаж энэхүү мэдээллийг няцаалаа. Тэд юун түрүүнд хэрэглэгч бол бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл хэмээн онцолсон. Улс орондоо үйлдвэрлэж байгаа томоохон ажлыг маань өөр улсад үйлдвэрлэсэн бэлэн бүтээгдэхүүн авчирч худалдаалдаг мэтээр гүтгэж байгаад бухимдан энэхүү хурлыг хийх болсноо дуулгасан. “Гоё тараг” анх гаднаас оруулж ирдэг гэх мэдээллийг цацахдаа фэйсбүүк хуудсаар нэгэн зураг тарааж байсан юм. Тэгвэл тэрхүү зургийн тайлбарыг тэд мөн хийлээ. Тодруулбал, урд хөршөөс бус Төмөр замын вокзалын баруун талд байрлах “Ногоон зоорь” гэж нэрлэгддэг орон нутаг руу бараа ачдаг ачилтын талбай дахь воганаасбараа худалдан авч буй зураг ажээ. Үүнийг нотлох воган ачилтын төлбөр тооцооны баримтыг мөн дэлгэн үзүүлсэн юм. Түүнчлэн “Оргил хүнс”-ийнхэн гарсан мэдээлэлтэй холбоотойгоор МХЕГ-ын Хилийн мэргэжлийн хяналтын газар, Хан-Уул дүүргийн МХГ, ГЕГ-ийн статистикийн алба зэрэг газруудад зохих лавлагаа авах хүсэлтээ өгсөн гэнэ.
“Гоё тараг”-ны үндсэн түүхий эд болох шингэн сүүг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд байрладаг “Атар чандгана сүү” ХХК-аас худалдаж авдаг байна. Мөн бүтээгдэхүүнээ өөрийн үйлдвэрдээ хэрхэн үйлдвэрлэдгийг нь сонирхохыг хүсвэл маргааш үйлдвэртэй нь танилцаж болох юм байна.
Ерөнхийдөө “Гоё тараг”-ыг урд хөршөөс оруулж ирдэг гэх мэдээлэл бол зориуд санаатайгаар бэлтгэсэн мэдээлэл хэмээн тэд үзэж байгаа аж. Учир нь “Сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн төв” ТББ-ийн тэргүүн Цэрэн гэгч хагас жилийн өмнөөс “Оргил хүнс” ХХК-ийн нэр хүндэд халдаж байжээ. Тэгвэл сүүлийн үед гараад байгаа мэдээлэл өмнө Цэрэнгийн бэлтгэсэн мэдээлэлтэй яг адилхан гэдгийг мөн дуулгасан. Тиймээс ч тэд уг байгууллагын тараасан үндэслэлгүй мэдээллийг шалгуулахаар шүүхэд ханджээ.
Д.Нара