
Өнөөдөр манай улсад орон сууцны эрэлт хэрэгцээ маш их. Байрны үнэ бүүр даам. Хэзээ ч өнөөдрийн энэ өндөр үнэтэй орон сууцыг худалдан авч чадахгүй. Тийм чадвартай өрх нь олон нийтийн хардлагаар бол мөнгө угаасан,идсэн луйвардсан нөхөд л үнэтэй орон сууцнуудыг худалдан авна гэсэн ойлголттой.
Төр найман хувийн орон сууцны зээл төслийг хэрэгжүүлсэн боловч урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлнө гэсэн журамтай. Төрийн хишиг буян хэмээн олон өрх өр зээл тавин байж урьдчилгаагаа төлөөд насаараа төлж барахгүй өртэй болж орон сууц аваад жил хүрэхгүй өнөөх орон сууц нь хямд төсөр материалаар хийсэн нь эхнээсээ нурж унаж байна.
Төрийн иргэдээ орон сууцжуулах найман хувийн хүүтэй зээлийн орон сууц ард түмэнд жигд хүртэж чадахгүй байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй.
Тэгвэл “Хотын захиргаа”-наас урьдчилгаа төлөх чадваргүй хүмүүст зориулсан төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийг хэрэгжүүлэхийн тулд Нийслэлийн орон сууцны корпораци гэх байгууллагыг байгуулна гэж байна. Энэ байгууллагад нийслэлийн барилга барих боломжтой хоосон газруудыг өгнө. Уг газар дээр барилга барих ажлыг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс гаргахаар болж төсвөөр батлуулсан гэнэ.
Энэ бодит үр дүнгээ өгвөл цалинтай, орлоготой ч урьдчилгаа төлбөргүй иргэд Нийслэлийн орон сууцыг дэмжих санд таван жилийн турш сар тутам мөнгө төлж байртай болох юм гэнэ.
Өөрөөр хэлбэл урьдчилгаанд өгөх мөнгөө сар тутам өгч байшингаа бариулж дуусгах юм гэнэ. Сар бүр 180 мянган төгрөгийг Нийслэлийн орон сууцыг дэмжих санд өгвөл таван жилийн дараа 29 ам.метр нэг өрөө орон сууцны ордер өгнө. Хэрэв сар бүр 200 мянган төгрөг төлбөл таван жилийн дараа 49 ам.метр хоёр өрөө байрны ордер авна. Үлдсэн төлбөрийг орон сууцанд орсны дараа сар бүр үргэлжлүүлж төлөөд 10 жилийн хугацаанд дуусгах юм гэнэ.
Манай төр засаг гадны өндөр хөгжилтэй орнуудаас суралцдаг л байх. Гэхдээ л оновчтой төрийн бодлого хэрэгжүүлээд нийслэлийн хүн амыг, ядаж 80 хувийг эзэлдэг гэр хорооллыг 30 хувь болгочих бодлого өнөөг хүртэл хэрэгжүүлж чадахгүй л байна.
Эцэст нь хэлэхэд ард түмэн нь ингэтлээ доройтож эдийн засгийн хямралтай , ядууралтай болчихсон гэдгийг тод харуулж байна. Гэтэл төрийн эрхэнд гарахын тулд хүн алахаас ч буцахгүй болчихсон бизнесменүүд, олон жил төрийн сэнтийд заларчихаад ард түмнээ ийм ангал руу түлхчихсэн түшмэдүүд өөрсдөө хэдэн үеэрээ идээд ч дуусахгүй хөрөнгө бэлтэй гэдэг хардлаган чимэгтэй монголын улстөрчдийн хийсэн балаг гэлтэй.Үнэн дүр төрх ийм л байна. Хотын урьдчилгаагүй орон сууцтай болгох төслийг харж хүлээгээд нэг үзэх үү?
Б.Сонор