
Нэг. Үржингийн Ядамсүрэн
Монгол улсын анхны ардын зураач Үржингийн Ядамсүрэн хэмээх онгодын даллагатай, авьяас нь багтаж ядсан сайхан хүн байлаа.
Багадаа Цагаан хошууны хийдэд шавилж шаггүй номтой бандийн тоонд багтаж явсан, гучаад оны эхээр Улсын хэвлэх үйлдвэрт латин үсэг өрөгчөөр ажиллаж ахуйдаа Марзан Шарав, Б.Соёлтой нартай дотносож, Судар бичгийн хүрээлэнд Газар зүйн кабинетийн эрхлэгчээр ажиллан хээрийн хайгуул судалгааны ажилд явж, Москва хотноо Суриковын нэрэмжит Уран зургийн дээд сургуульд очиж суралцсан анхны монгол зураачийн нэг болж явсан зэрэг баялаг түүх намтартай хүн дээ.
Мөн “Цогт тайж” киноны зураачаар ажиллан, түүх-хувьсгал, аж байдал, байгалийн зэрэг олон төрлөөр ардын урлал, эдийн соёлын дурсгалтай холбогдсон маш их бүтээл туурвисан урлаг судлаач, угсаатны зүй судлаач, сурган хүмүүжүүлэгч хүн байжээ.
Түүнчлэн “Чойжи Одсэр”, “Парчин Туульч”, “Аюуш гүүш”, “Занабазар”, “Инжинааш” зэрэг эрдэмтэн мэргэдийн хөрөг болон “Дуучин М.Дугаржав”, “Хуурч Ө.Лувсан”, “Сүхбаатар”, “Хатанбаатар”, “Хичээнгүй сайд Б.Цэрэндорж” зэрэг олон түүхэн хүний хөрөг зургийг бүтээсэн нь манай дүрслэх урлагийн алтан сан хөмрөгт хадгалагдан буй. 1958 онд бүтээсэн “Өвгөн хуурч” бүтээл нь монгол хүний нэрийн хуудас болон мөн ч олон удаа гадаад дотоодын үзэсгэлэнгийн танхимыг чимэглэж байсан даа.
Холч ухаантай энэ хүн амьд сэрүүн ахуйдаа гэр музейгээ байгуулсан гэдэг бөгөөд тэндээ хуучны эд эдлэл, угсаатны зүйн холбогдолтой эд агуурс цуглуулан судалж шинжилж бүтээлээ туурвидаг байсан ажээ. 1956 онд “Монгол ардын гар урлал”, 1967 онд “БНМАУ-ын ардын хувцас” зэрэг ном бичсэн нь монгол ардын зан үйл, угсаатны түүхийг сонирхон судлаач гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийн ширээний ном болсон билээ. Хожим гэр бүл, үр хүүхдүүд нь хамтран “Хаант Монгол Улсын Их Хүрээ Цам”, “U.Yadamsuren” зэрэг номыг нь эмхэтгэн хэвлүүлж уншигч олон, урлагт элэгтэй хүмүүсийн номын өргөөнд залж буян үйлдсээн.
1962 онд эзэн Чингисийн мэндэлсний 800 жилийн ойгоор дөрвөн төрлийн нэг цуврал маркийн эх зураг зурсан нь хэвлэгдэн гарсан боловч тухайн цаг үеийн үзэл суртлын байдлаас болоод хэлмэгдэн 27 жилийн турш худалдаанд гаргахыг нь хориглон хавчиж байсан бөгөөд энэ тухайд миний блогын “Монгол маркийн түүх” номоос... дэлгэрүүлэн үзэж болно.
“Дүрслэх урлагийн нэрт мастер Ү.Ядамсүрэнгийн бүтээл нь өнгийн зохицол, эрэмбэ, түүний баяжилт, хөгжилт, зураасны уран бичлэг, угсаатны зүйн үнэмшил, Монголын болон сонгодог зургийн туршлагыг удамшуулан амьдруулж, уламжлан хөгжүүлснээрээ онцгой юм” хэмээн урлаг судлаач С.Лувсанвандан гуай дүгнэн бичсэн байдаг.
Энэхүү ноён нуруутай үнэлэлт дүгнэлт дээр миний бие зүрх гарган нэгэн зүйл нэмэн хэлэхийг хүсч байна. Эгэлгүй авьяастай энэ эрхэм Монголын дүрслэх урлагийн түүхэнд ардын урлаг, билэг зүйгээс эхтэй өөрийн гэсэн дэг сургуулийг бий болгож, түүнээ хань ижил, үр хүүхэд, ач зээ нартаа өвлүүлэн үлдээсэн нь хамгийн том гавьяа гэж би бодож явдаг билээ.
Хоёр. Ядамсүрэнгийн Үржнээ
Энэ хүний тухай би юу мэдэх билээ?
Монгол улсын Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэн гуай өвөг эцэг Үржингийнхээ алдарыг бага зэрэг өөрчлөн Үржнээ болгож хүүдээ нэр хайрласан тухай хууч яриа сонсож байсан. Харин энэ ярианы үнэн худлыг бүү мэд, би тодруулж магадлаагүй ээ.
Миний сонирхон цуглуулдаг Монгол маркийн үүх түүхтэй Я.Үржнээ зураачийн нэр холбогддог юм. Олон улсын хүүхдийн өдөрт зориулан 1966 оны 12-р сарын 02-нд “Манай жаргалант ирээдүй” нэртэй долоон төрөл бүхий цуврал марк гаргасан бөгөөд хүүхдийн сэдэвтэй маркууд дотроос өнгө будаг, ур хийцээрээ эрс ялгарах эл маркийг төрийн шагналт зураач Я.Үржнээ зурсан юм. Хожим түүний энэ бүтээлийг төрөл бүрийн этикетик чимэглэлд мөн ч олон удаа ашигласан даа.
Мөн 1965 онд үзэгчдийн хүртээл болсон “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ерөнхий зураачаар Я.Үржнээ гуай ажилласан бөгөөд уг киноны гол дүр Дүвчинмижид зайран, Боролдой, Долдой нарын дүр төрхийг тун донжтой дүрсэлсэн байдаг. ХХ зууны Монголын шилдэг 10 киноны нэгээр шалгарч, дөчин жилийн турш дэлгэцнээс буулгүй үзэгчдийн хүртээл болсоор байгаа уг киноны амжилтад зураач Я.Үржнээгийн оруулсан хувь нэмэр их бий.
1980-аад оны эхээр худалдаанд гарсан “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь” гурван ботийн зураачаар ажилласан Я.Үржнээ гуайг мозайк буюу шилэн чулуун шигтгэмэл, наамал урлагийг монголд нэвтрүүлж хөгжүүлсэн хамгийн гол төлөөлөгч, бараг анхдагч нь болов уу гэж бодож явдаг юм.
Энд Зөвлөлтийн дайчдын дурсгалыг
Тэнгэрт нартай хамт мөнхлөв
Үргэлжлүүлэн унших, уран зургуудыг нь үзэхийг хүсвэл: http://www.soronzon.blogspot.com/