
Бараг 610 кг жинтэй байсан Саудын Арабын оршин суугч Халед Мухсен аш-Шаири дөрвөн сарын дотор 320 кг хаяж чаджээ. Хэтэрхий хүнд жинтэй, амь насанд нь аюул тулгараад байсан түүнийг Фахда хааны нэрэмжит Анагаах ухааны төв дээр авч ирэх гэж бөөн юм болсон гэдэг. Эмч, мэргэжилтнүүд өөрөө хөдөлж чаддаггүй түүнийг өргөгч машины тусламжтайгаар тусгайлан зассан ачааны машинд “ачиж”, төрөлх Жазан хотоос нь Эр-Риядад хүргэсэн байна.
Ийнхүү аш-Шаири гуравхан сарын дотор тусгай хоолны дэглэмийн тусламжтайгаар 150 кг өөх шатааж чадсан байна. Харин дөрөв дэх сар дээр хийгдсэн ходоод тайрах мэс засал түүнд дахин 170 кг хаяхад тусалсан байна.
Ингэхэд эмчилгээний бүхий хугацаанд араб эрийн биеийн байдлыг 21 зөвлөх эмч, 15 сувилагч 24 цагийн турш ээлжээр хянаж байсан ажээ. Тэднээс гадна төрсөн эх нь хүүгийнхээ дэргэдээс алхам ч холдоогүй гэнэ.
www.mnews.mn