Хоол боловсруулахад чухал үүрэгтэй өтгөн хүрэн шингэнийг цөс гэх ба элэгнээс ялгаран гардаг. Хоол идээгүй үед цөс хадгалагдан байх савыг цөсний хүүдий гэнэ. Элэгний баруун дор байрладаг. Хүүдий сунаж томрох, өтгөрөх, гаднаас халдвар орох, гэмтэх болон ойролцоох бусад эрхтэн өвчилсөн нь нөлөөлсөн зэрэг шалтгаанаар цөсний хүүдий үрэвсэх ба цөөнгүй тохиолдолд цөс өтгөрөн хүүдийнд тунаж үлдсээр чулуужих тохиолдол ч цөөнгүй. Өтгөрсөн цөс бүрэн ялгарахгүй үлдэх нь хүүдий томрон аль нэг тийш унжиж, цөс дамжуулах сувгийг мушгих нь бий. Аль ч тохиолдолд баруун хавирганы доод орчим хүчтэй хатгах, чинэрэх хэлбэрийн өвдөлт өгөх ба улмаар баруун мөр рүү дамжин, далаар хатгуулах, халуурах байдлаар илэрнэ. Дотор муухайран огиулах, бөөлжих зэргээр даамжирдаг. Тэр тухайд нь эмнэлэгт хандахгүй удваас үрэвссэн хүүдий идээлж чинэрсээр хагарах аюултай. Дотроо чулуутай хүүдий ингэж үрэвссэн тохиолдолд хуудийний дотор тал зөөлрөн язрамтгай болох ба чулуунд үрэгдэн цоорч болно. Тэрчлэн чулуу нь хөдөлгөөнтэй байгаад суваг руу цөсний урсгалаар орж нарийссан хэсгийг бөглөдөг. Ингэсэн тохиолдолд өвдөлт маш хүчтэй болох ба эм тарианд дарагдахгүй. Эмчид яаралтай хандахгүй бол чинэрсэн хүүдий хагарах осолтой. Цөс хэвлийн хөндийд орсон тохиолдолд гэдэс дотрыг түлэн хайлуулах тул амь насанд аюултай хүндрэлд хүргэнэ. Цөсний хүүдийн эмгэг нь олон шалтгаантай ч ихэвчлэн өөх тос ихтэй хоол хүнс байнга хэрэглэдэг, суумгай ажил эрхэлдэг, тарган хүмүүст илүүтэй тохиолдоно. Цөсний хүүдийн үрэвсэл болон чулуужих өвчин голдуу архаг явцтай байх тул хүмүүс төдийлөн тоохгүй явах нь бий. Ялангуяа сувгаар багтахгүй том чулуутай бол үе үецээж хорсох ба  голдуу өөх тостой хоол идэх, архи дарс уусны дараа хүчтэй өвдөж, Заримдаа огиулж бөөлжих ба эм уух, бүлээн жин тавих зэргээр өөрөө эмчилсний дараа намждаг. Тиймээс чулуутай хүмүүс мэс заслын эмчилгээ хийлгэх гэж яардаггүй. Харин элсэн буюу жижиг чулуунууд цөс хөөх эм хэрэглэсэн, цөсөө угаалгасан зэрэг эмчилгээний дараа ходоодонд орж өтгөнөөр ялгаран гарах нь бий. Гэхдээ л түр зуурын илааршилтанд найдаад яваад байх нь эцэстээ хүүдий хагарах, суваг бүтэн бөглөрөх, цөөнгүй тохиолдолд элгэнд нөлөөлөх зэрэг хүндрэл өгнө гэдгийг санаж явах нь зүй. Ер нь чулуутай цөсний хүүдийг мэс заслын аргаар авхуулах нь найдвартай эмчилгээ мөн. Орчин үед цөсний чулууг дурангийн мэс заслаар тун амархан авдаг болсон. Хагалгааны дараа 3-4 хоноод шарх эдгэх ба дурангийн хушууг оруулах зорилгоор цоолсон хоёр жижигхэн сорви үлддэг болохоор гоо сайхны хувьд ч санаа зоволтгүй. Харин эмчилгээ хийлгэлгүй  удсан, эсвэл чулуу нь хэт томорсон бол дурангийн мэс засал хийхэд хүндрэл гарах гэмтэй. Тиймээс эртхэн эмчид үзүүлж эмчлүүлэхийг чухалчил. Цөсний хүүдий үрэвсэх, чулуужих үндсэн шалтгаан нь өөх тос ихтэй хоол байнга хэрэглэх байдаг тул хүүдийгээ авхуулсны дараа цөс өмнөх шигээ өвдөөд байх нь цөөнгүй. Үүнээс сэргийлэхийн тулд хоолныхоо жорыг өөрчлөх шаардлагатай. Ер нь цөсний хүүдийгээ угаалгах нь урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг. Угаалгыг эмчийн заавраар хийхийг хичээх хэрэгтэй. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд содтой ус уугаад баруун хажуугаараа 30 минут орчим хэвтэнэ. Ингэхдээ баруун хавирганы тушаагаа бүлээн ус бүхий сав байршуулдаг. Хугацаа болмогц магнийн сульфат зэрэг туулгах шингэн уудаг юм. Өөрөөр хэлбэл өтгөрсөн цөс угаагдан шулуун гэдсээр гадагшлана гэсэн үг. Содын уусмалын оронд рашаан, шар сүү хэрэглэж болдог. Цөсний хүүдий үрэвссэн, чулуужсаныг эмч нар амархан оношлох боловч эход харуулах нь хамгийн хурдан найдвартай.  Эмчлүүлэхгүй удваас элгэнд нөлөөлдөг