Хавдар эдгэрдэг өвчин

Агаарын бохирдол, экологийн тэнцвэргүй байдал, эм бэлдмэл, химийн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, амьдралын хэв маяг, хорт зуршил зэргээс шалтгаалан хавдар үүсдэг юм байна. Иймд хувь хүнээс шалтгаалах, бас шалтгаалахгүйгээр хавдартай болох эрсдэл нэмэгдсэн өнөө үед та өөртөө анхаарал тавьж, шинжилгээ хийлгэж байх шаардлагатай юм. Хорт хавдараар өвчилсөн л бол эдгэх найдлагагүй гэсэн бодол хүмүүсийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн тохиолдолд бүрэн гүйцэд эмчлүүлэх боломжтой ажээ. Харамсалтай нь хавдараар өвчилсөн хүмүүсийн 80 гаруй хувь нь өвчнөө хүндэрсэн үед эмнэлэгт ханддаг гэж эмч нар хэлж байна. Тиймээс хэдий чинээ эрт илрүүлж, эмчилгээ эхэлнэ төдий чинээ үр дүнтэй бөгөөд төгс эмчлэгддэг аж.

Хавдар гэж юу вэ?

Хавдар гэдэг нь хүний биеийн нэгж болох эсийн түвшинд эхэлдэг өвчин юм. Хүний биеийн хэвийн үйл ажиллагааг 50,000 тэрбум эс зохицуулдаг бөгөөд өдөр бүр 25 сая эс мөхөж байхад мөн тооны эс нөхөн төлждөг. Гэвч зарим үед эх эс нь үхэлгүй үлдэж, бусад эсүүд нь хязгааргүй өсч хуваагдаж эхэлдэг. Энэхүү үхэлгүй үлдсэн эс, эдүүд нь хүний биед шаардлагагүй байдаг ба энэхүү эдийн томролтыг эмч нар хавдар гэж нэрлэдэг. Хүний биед 400 гаруй төрлийн хавдар үүсдэг гэж үздэг байна. Хавдарыг хортой болон хоргүй гэж хоёр ангилдаг. Хоргүй хавдар нь эргэн тойрны эд эрхтэн рүү нэвчиж ургадаггүй ба биеийн өөр хэсэг рүү тархдаггүй. Харин хортой хавдар нь эргэн тойрны эрүүл эд рүү ургаж, биеийн өөр хэсгээр тархаж, хурдан үржиж байдаг.

Юунаас үүсэх вэ?

Амьдралын зөв хэв маягийг дагаж мөрдөх нь хорт хавдрын нийт өвчлөлийн 80 хувиас урьдчилан сэргийлж байгаа арга юм.

Тамхи- Хорт хавдраас үүдэлтэй нас баралтын 33 хувь нь тамхины хэрэглээтэй холбоотой.
Согтууруулах ундаа- Энэ төрлийн ундаа янз бүрийн хорт хавдар үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг.
Өөх тос- Амьтны гаралтай хүнсний бvтээгдэхүүний хэрэглээгээ багасгах хэрэгтэй.
Цаг агаар- Наранд хэт их гарах, түлэгдэх нь арьсны хорт хавдар үүсэх эрсдэлд хүргэх гол хүчин зүйл болно.
Дасгал хөдөлгөөн- Долоо хоног бүр дөрвөн цагийг дасгал сургуулилтандаа зарцуулаарай. Энэ нь бүдүүн гэдэс, хөхний хорт хавдрын эрсдлийг бууруулах юм.
Биеийн жин- Илүүдэл жин хорт хавдар үүсэх хүчин зүйлийн нэг мөн.

Хорт хавдараар өвчлөгсдийн тоо

Хавдар судлалын үндэсний төвийн сүүлийн 10 жилийн тайлангаас үзэхэд хүн амын дунд хорт хавдраас болсон өвчлөл, нас баралт 1996-2000 онд 11644 байсан бол 2001-2006 онд 13717 болж өссөн төдийгүй хүн амын нас баралтын нийт шалтгаанд зүрх судасны өвчний дараа буюу хоёрдугаар байранд орох болжээ.
Тус эмнэлэгт тухайн жилийн 100 мянган хүн ам тутамд элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөх болон бусад гэсэн хавдрууд жил ирэх бүр нэмэгдэж байгааг судалгаа харуулж байна.

Үүнд:

-Элэгний хорт хавдраар өвчлөгсөд 2005 онд 46.5 хувь, 2006 онд 49.3, 2007 онд 53.2 хувь, 2008 онд 59.7 хувь, 2009 онд 62.1 хувь

-Ходоодны хорт хавдраар өвчлөгсөд 2005 онд 20.9 хувь, 2006 онд 20.0, 2007 онд 19.9 хувь, 2008 онд 24.8 хувь, 2009 онд 23.6 хувь

-Улаан хоолойн хорт хавдраар өвчлөгсөд 2005 онд 11.4 хувь, 2006 онд 11.3 хувь, 2007 онд 10.3 хувь, 2008 онд 11.6 хувь, 2009 онд 10.9 хувь

-Уушигний хорт хавдраар өвчлөгсөд 2005 онд 11.2 хувь, 2006 онд 10.8 хувь, 2007 онд 9.8 хувь, 2008 онд 13.5 хувь, 2009 онд 12.1 хувь

-Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд 2005 онд 11.5 хувь, 2006 онд 12.4 хувь, 2007 онд 10.2 хувь, 2008 онд 15.8 хувь, 2009 онд 9.8 хувь

-Хөхний хорт хавдраар өвчлөгсөд 2005 онд 3.7 хувь, 2006 онд 3.4 хувь, 2007 онд 2.9 хувь, 2008 онд 3.7 хувь, 2009 онд 3.0 хувь

-Бусад хорт хавдраар өвчлөгсөд 2005 онд 28.2 хувь, 2006 онд 28.5 хувь, 2007 онд 29.2 хувь, 2008 онд 35.6 хувь, 2009 онд 31.4 хувь тус тус байна.

Өвчлөлийн нийтлэг шинж тэмдэг

-Биеийн аль нэг хэсэгт харагдаж, тэмтрэгдэхээр овгор, товгор үүсэх
-Гэдэс дотор, давсагны үйл ажиллагаанд өөрчлөлт орж, бие хямрах
-Ямар ч шалтгаангүйгээр турах, сульдах, ядрах
-Шалтгаангүйгээр хоолой сөөж өвдөх, юм залгихад торох, ханиалгах
-Яр шарх эдгэхгvй удах
-Өтгөн, шингэнд өөрчлөлт орох
-Хоолны дуршил буурах, хоол боловсруулах үйл ажиллагаа
-Үү, мэнгэ, булчирхайнд мэдэгдэхүйц өөрчлөлт гарах

Хэдэн наснаас хавдраар өвчлөх эрсдэл эхэлдэг вэ?

Хүний биеийн эд эс байнга солигдож, хуучин эс үхэж, дахин шинээр ургаж, төлжиж байдаг. Харин 25 наснаас эхлэн энэ хэвийн үйл ажиллагаа удааширч эд эсийн түвшинд хөгшрөл явагдаж эхэлнэ. Энэ бол хавдраар өвчлөх нөхцөл бүрдэж байна гэсэн үг юм. Харин биед харш, хортой зүйл хэрэглэх, хоолны буруу дэглэм сахих, биеийн эсэргүүцэл буурах, хортой нөхцөлд ажиллах, жимс ногоо бага хэрэглэх зэрэг нь бүгд хавдар үүсгэх эрсдэл болдог. Одоогийн байдлаар Монгол Улсад 100 гаруй төрлийн хавдраар өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Эдгээрээс элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүү, хөхний хавдрууд нийлээд 80 гаруй хувийг эзэлдэг байна. Үүнээс эрэгтэй хүмүүсийн дотор тохиолдож байгаа нийт хорт хавдрын 39 хувь нь элэг, 28.5 хувь нь ходоод, улаан хоолой хавдар харин эмэгтэйчүүд элэгний хорт хавдар 30.4 хувь, умайн хүзүүний хорт хавдар 17.69 хувь, ходоодны хавдар 11.4 хувийг эзэлж байна. Мөн 10-15 насны хүүхэд хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсээр байна. Сүүлийн таван жилийн судалгаагаар хорт хавдрын өвчлөлийн хамгийн эхний байранд цусны хорт хавдар, дараа нь тархины хавдрын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа аж. Ихэвчлэн удамшлын болон төрө¬хийн гаж хөгжлөөс болж жилд дунджаар 40-50 хүүхэд эхээс хорт хав¬дартай төрж байна.

Урьдчилан сэргийлж болно

Дэлхий дахинд жил бүр 12 сая хүнд хорт хавдар шинээр оношлогдож, 7.6 сая хүн нас барж байна. Гэтэл хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой байдаг ажээ.
-Аль болох жин багатай байх
-Идэвхтэй хөдөлгөөнтэй байх
-Сахар ихтэй ундаа, калори ихтэй хоол хүнснээс татгалзах
-Шим тэжээл ихтэй хоол хүнс, жимс ногоо сайн идэх
-Лаазалсан бүтээгдэхүүнээс татгалзах
-Архины төрлийн хэрэглээг хэтрүүлэхгүй байх
-Давсалсан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
-Нярай хүүхдийг зургаан сар хүртэл нь хөхний сүүгээр хооллох
-Витамин Д хэрэглэх
-Тамхи татахгүй байх. Тамхинаас арав гаруй төрлийн хорт хавдар үүсдэг
-Олон төрлийн хоол хүнс идэх. Далайн, амьтны, байгалийн гаралтай гэх мэт
-Наранд хэт түлэгдэхгүй байх нь арьсны хорт хавдраас сэргийлнэ.
-Дархлаагаа сайжруулах.
-Хорт хавдар удамших тохиолдол байдаг тул удмын эрүүл мэндийн түүхийг мэдэх
-Мэдээж хамгийн чухал зүйл бол шинжилгээнд хамрагдах. Энэ нь хорт хавдар тусахаас сэргийлж, хорт хавдрыг эрт мэдэхэд тусална. Хорт хавдрыг эрт оношлох тусам эдгэрэх магадлал нь илүү их байдаг

Жирэмсэнээс хамгаалах эм, үсний будаг хорт хавдар үүсгэх магадлалтай

Олон удаа үр хөндүүлэх, жирэмслэлтээс хамгаалах эм тариа, гормоны бэлдмэлүүдийг ихээр хэрэглэх нь хөхний хавдар үүсгэдэг. Хэрэв хөхний толгойноос шүүс гарах, өвдөх зэрэг шинж илэрвэл рентген зураг авахуулж, эсийн шинжилгээ яаралтай хийлгээрэй. Ер нь хавдар бүр өөр өөрийн илрэх шинж, эмчлэх арга, үүсгэх шалтгаантай байдаг бөгөөд хамгийн аюултай нь урт хугацаанд мэдэгддэггүй, ямар нэгэн зовиур өгөхгүйгээр даамжирдаг байна.
Мөн 1970-аад оноос эхлэн үсчин, гоо сайханчдын дунд цус болон тунгалгийн системийн хортой болон хоргүй хавдар их байгааг тогтоожээ. Хуйхны орчим болон үсний угт түрхдэг будагч бодис нь арьсаар дамжин эхлээд цусанд нэвтэрч дараа нь бүх биеэр тархдаг. Амьтанд хийсэн туршилтаар үсний будаг нь хорт хавдар үүсгэдгийг баталжээ.
Үсээ будах нь цусны хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь нэмдэг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал 150 хувиар ихэсдэг болохыг баталжээ. Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь байхад жилд тав буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100 хувь байна.

Дашрамд дуулгахад витаминыг дур мэдэн хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Учир нь хорт хавдартай гэдгээ мэдээгүй тохиолдолд витамин хэрэглэвэл хавдрын эсийг идэвхжүүлдэг байна

Шинжилгээг ямар хугацаанд хаана хийлгэх вэ?

-Элэгний B. C вирус илэрсэн 40-өөс дээш насны хүмүүс Элэгний хорт хавдрын урьдчилан сэргийлэх шинжилгээг зургаан сар тутам хийлгэх
-Улаан хоолойны, ходоодны хорт хавдрын шинжлэгээг 40-өөс дээш насны хүмүүс жилд нэг удаа
-Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар шинжилгээг 50-иас дээш насны хүмүүс жилд нэг удаа
-Умайн хүзүүний хорт хавдрын шинжилгээг 35-аас дээш насныхан хоёр жил тутамд нэг удаа өгөх шаардлагатайг мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Эдгээр шинжилгээг өгөхийг хүсвэл Хавдар судлалын үндэсний төв, Улаанбаатар-Сонгдо эмнэлэг, Эмэгтэйчүүдийн Деффодил клиник, Эмэгтэйчүүдийн “Оби” эмнэлэг, “Аванте” оношлогооны төв, “Нераму” төвд хандаж болно


Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com