"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Хоолонд хэт их орж ховдоглох хуурай аргуу хоол идэх, архи, кофе хэтрүүлж ууснаас ходоодны хүчил нэмэгдэж цээж хорсдог аж. Ходоодны хүчил хэт ялгарснаас болж цээж хорсож, ходоод гэдэсний хямрал үүсдэг байна. Энэ нь хүмүүст зүрхээр өвдөх мэт санагддаг ажээ. Хэрэв хэвтэхэд өвдөлт нэмэгдэж байвал цээж хорсолт байж болно. Байнга эсвэл удаан хугацаагаар цээж хорсдог бол ходоодны шархлаа болох магадлалтай гэнэ. Удаан хугацаагаар ходоодны хүчил нэмэгдэх нь ходоод, нарийн гэдэсний архаг шархлаа үүсгэдэг билээ.
Ходоодны хүчил ихэдсэнээс хоол идэх, шингэн зүйл, ялангуяа ус уухад ходоодны өвчин намддаг. Хоол идсэнээс хойш нэг цаг орчмын дараа, эсвэл өлөн байх, архи уусан, өөх тостой, халуун ногоотой хоол идвэл өвчин улам нэмэгддэг байна. Шөнийн цагаар өвдөх тохиолдол ч бий. Ходоод нь байнга өвддөг хүнд ходоодны шархлаа байгаа эсэхийг тусгай шинжилгээгээр тогтооход маш хэцүү юм. Ходоодны шархлаа ноцтой бол бөөлжих, зарим үед цустай, кофены шаар мэт өнгөтэй, боловсорсон хоолоор огиулдаг аж. Ходоодны шархлаанаас цус алдвал өтгөн хар өнгөтэй гардаг гэнэ. Зарим тохиолдолд ходоодны шархлаа өвдөлтгүй, чимээгүй явагдах бөгөөд зөвхөн хар өнгөтэй, хатуу баас гарснаар л анх мэдэгддэг байна. Энэ тохиолдолд яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Цус алдсанаас хүн үхэж ч болно.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Цээж хорсох, хоолны шингэц муудах, ходоодны шархлаа үүсэх зэргээс ходоод
өвдвөл өвчнийг намдаах, дахин өвдөхөөс зайлсхийж дараах аргыг хэрэглэж
болно. Үүнд:
- Хэт их бүү ид. Бага багаар хоолло. Хоолны хооронд хөнгөн зүйл ид. Зөөлөн хоол идэх хэрэгтэй.
-Ямар хоол унднаас болж өвдөж байгааг нь анхаарч түүнээс аль болох татгалзаарай. Үүнд ихэвчлэн архи, кофе, халуун ногоо, хийжүүлсэн ундаа, өөхтэй, аргуу хоол багтдаг.
-Цээж хорсох нь шөнө, хэвтэх үед нэмэгдвэл цээжээ өндийлгөөд өндөр дэртэй унт.
-Ус их ууж бай. Хоол идэхийн өмнө болон хойно хоёр томхон аяга ус уухаас гадна хоолны хооронд байнга ус ууж байгаарай.
-Тамхи бүү тат. Тамхи татах буюу зажлахад ходоодны хүчил ихэсч өвчинг улам нэмэгдүүлдэг аж.
-Ходоодны хүчлэгийг бууруулах эм уу. Ходоодны хүчиллэгийг бууруулах
хамгийн найдвартай сайн эмийг эмчийг заавраар авч хэрэглээрэй.
Харамсалтай нь ходоодны шархлаа нь дахидаг онцлогтой өвчин юм.
-Хэрэв их өвдөж байгаа бол Алоэ-ийн шүүс уух хэрэгтэй.
Сүү ходоодонд сайн биш
Ихэнх хүмүүс сүү уух нь сайн гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ эхэндээ өвчинг
нь намдаах боловч аажимдаа ходоодны хүчлийг нэмэгдүүлж шархлаа нь газар
авч эхэлдэг аж. Иймд ходоодны шархлаатай хүн сүүг хориглох хэрэгтэй.
Сүүний адил содыг ходоодны хүчил бууруулахад хэрэглэдэг боловч энэ нь
мөн л ходоодны хүчлийг аажимдаа нэмэгдүүлдэг. Мөн аспирин, төмрийн давс
нь адил үр дүн үзүүлэх тул энэ бүхнээс аль болох татгалзаарай.
Амарч тайван бай
Цээж гашуу оргих, дотор муухайрах зэргийг эрт оношлуулж эмчлүүлэх
хэрэгтэй. Эс тэгвээс хүчтэй цус алдалт, хэвлийн хөндийн гялтан хальсны
үрэвсэлд хүргэдэг. Ер нь хоол ундандаа хянуур, болгоомжтой ханддаг хүний
ходоодны шархлаа хурдан эдгэрдэг. Уурлах болон сэтгэлийн дарамт нь
хүний ходоодны хүчиллэгийг нэмэгдүүлдэг байна. Амарч тайван байх нь бие
эрүүл байхын нэгэн үндэс болдог билээ. Ходоодны шархлааг сэдрээхгүйн
тулд байнгын арчилгаа чухал. Ямартай ч хэт их идэхгүй, архи, кофеноос
татгалзах нь танд л тустай юм.
Кил нэгдсэн эмнэлгийн Монгол дахь салбар оффис Утас:70003213
Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com