Бичлэгийн тоо 2,391
БНХАУ-ын “Санлу” группийн үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээлээс меламин хэмээх химийн гаралтай өтгөрүүлэгч бодис их хэмжээгээр илэрч олон хүүхэд хордсон мэдээлэл дэлхий нийтийг цочоож байна. Меламинтай сүүн тэжээлд хордсон хүүхдийн тоо одоогоор Хятадад 53 мянгад хүрч, 104 хүүхдийн биеийн байдал муу байгаа төдийгүй 4 хүүхэд амь насаа алджээ. Цаана нь нэг сая хүүхэд хүүхдийн тэжээлээр хооллодог гэвэл энэ тоо цаашид хэд ч хүрч мэднэ. Зөвхөн “Санлу” компаний хүүхдийн сүүн тэжээл ч бус, нэлээд олон компаний сүү сүүн бүтээгдэхүүнээс дээрх аюулт бодис илэрч эдний дотор алдарт Nestle-гийн нэр ч цохиж явна. Тэр байтугай манайхны хүүхдээ хооллох дуртай NANийн бүтээгдэхүүнийг нэг л биш байгааг дэлхийн хэвлэлүүд мэдээлж харин бид нүд нь балай чих нь дүлий суусаар. Меламин хэмээх уг бодис нь хүний бие махбодид нэн хортой нөлөө үзүүлдэгийн дотор хамгийн аюултай нь бөөрөнд чулуу үүсгэдэг ба бөөрний дутагдалд оруулдаг байна. Дэгэж дэрвэх балчирхан насандаа бөөрөндөө чулуутай болсон хүүхэд энэ насаараа эмч, эмнэлгийн гар харж амьдрана. Тэдний эрүүл мэндэд хохирсон хохирлыг бурхан бүтээж буян амлаад ч хэн ч эргүүлэн төлж өгч чадахгүй. Дэлхийн хэвлэлийн хэрэгслүүд меламинтай сүүгээр “өвчилчихөөд” төр засаг нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд санаа зовон бүтэн нойртой ч хонож чадахгүй байхад манайд энэ талаар тодорхой мэдээлэл алга урьдын адил хүүхдээ хаанахын, ямар нь үл мэдэгдэх сүүн тэжээл гэгч хороор хооллосоор л байна. Хэвлэлийнхэн л хэрэгт дуртайгаараа энд тэндэхийн сайтаас олж авсан мэдээллээ өөр өөрийн таамгаар мэдээлж байгаа. Гэтэл манай улсад өнөөдрийн байдлаар үндэсний үйлдвэрлэгч 20 шахам компани сүүний зах зээл дээр бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. Ихэнх үйлдвэр хуурай сүүгээр шингэн сүүгээ үйлдвэрлэдэг. Он гарсаар Хятад улсаас “Макс импекс” нэрийн доор Сүү ХК 418 тн, “Тэссо” компани 820 тн, “Эн Ай Жи” компани нэрийн доор “Монфреш” 110 тн, иргэн Чинбаатар З60 тн хуурай сүүг импортоор оруулж иржээ. Эдгээр компаниудын нэр дээр орж ирсэн хуурай сүүгээр ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ? Өнөөх сайхан байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэх Өүлэн эх, Биеэ бодоорой, Мон сүү, Шинэ сүү зэрэг маань хуурай сүүгээр хийгдэж дээрх меламин гэгч хорт бодис агуулагдаагүй гэх ямар ч баталгаа байхгүй. Хятадын ямар ч баталгаагүй хувийн үйлдвэрт үйлдвэрлэсэн хуурай сүүг Монголчууд зайрмаг болгон хүүхдүүдээ долоолгон, тараг болгон уулган, шингэн сүү болгон цайгаа сүлж эрүүл мэнддээ нөхөж баршгүй хохирол учруулсаар. Монголчууд хордсоор аюулын харанга дэлдээд байна. |
ughgyuy