Л.ЭРДЭНЭ
Монголчууд танилтай хүн талын чинээ гэж зүгээр ч нэг хэлээгүй ээ.
Хүн ёсны харилцааны хүрээг хамруулж ойлгогддог байсан энэ үг өнөөдөр амьдралын салшгүй ухагдахуун болоод буй. Зах зээлжсэн нийгэмд хөл тавиад учраа мэдэхгүй гайхширсан монголчууд юу эсийг сурсан билээ. Юм үзэж нүд тайлахын хэрээр хуучин сэтгэлгээний “гажуудал”-аас хялбархаан гарч шинэ нийгмийн хөлгүй далайд ажралгүй орохдоо “танилгүй бол амьдралгүй” хэмээх зарчим тунхагласан шуналт зүрхтэнгүүд болж хувирсан юм. Єдгөө тэр шуналаа дарж ядах гээд хууль хүртэл баталж, заримууд нь шоронгийн хаалга татаж байна. Даамжирсан гарын бэлэг авлига хэмээх гэмт хэргийн сүлжээ үүсгэж даяараа дасал болсон. Хаанаасаа хаалгач хүртлээ гар харж хөдөлдөг, танил талаар ажил бүтдэг байдал л эцэстээ авлигын хар хүрээг тэлсэн. Алхам тутамд нотлогдоно. Хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулъя бэлэг сэлт. Ил цагаан хандив нэхдэг болсон. Наад захын жишээ дурдахад хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд таньдаг тогооч эгчдээ бэлэг сэлт өгөөд арай гэж цэцэрлэгийн багштай уулзах завшаан гарав. Багш бүсгүй бүр нэг хэлж сурсан өнгөөр “манай ангийн хөгжим эвдрээд байгаа юмаа” гэж байна. За, хөгжим авч өг гэх юм байна л даа гэж айж суутал “энд л хэдэн төгрөг нэмэрлэхгүй юу” гэснээр 40 мянган төгрөг өгч билээ. Тэр үед санасан ч үгүй, хөгжим л авах гээд эцэг эхчүүдээс мөнгө гуйж байгаа биз дээ гэж бодоод л өнгөрсөн юм . Гэтэл үгүй юмаа. Тэр жил багш бүсгүй ангидаа ямар ч хөгжим авсангүй, хүү маань ч дараа жил нь сургуульд ороод дууссан.
Иймэрхүү бяцхан авлигачидтай таараагүй хүн Монголд ганц ч байхгүй. Тэр атугай нь байхад энэ юу ч вэ гэх сэтгэлгээнд хэдийнэ бид дасч орхисон. Бас нэг жишээ. Дүү маань амаржих болж бид гэр бүлээрээ сайн эмчийн эрэлд гарлаа. Улсын эмнэлэг нь дээр гэж ярьцгааж байтал ашгүй нэгдүгээр төрөхөд эгчийн таньдаг эмч байж таарав. Тэгсэн чинь хийсвэр хагалгаанд ороход бүр жишиг “авлига” тогтчихсон юм байна. Дугтуйнд хүмүүс дор хаяж 300-500 мянган төгрөг, тэгээд бас хоол унд, архи дарс өгөх юм гээч. Эмчийн итгэл олсон хүн өөр. Сувилагч нь арай зөөлхөн тариад ч байх шиг. Хүүхдийг нь янзын арчилна. Ер нь төрөх эмнэлгүүдийн үйлчилгээ гэж асрагчаасаа эхлээд гар харсан хамгийн арын хаалгатай газар. Эмч та битгий уурлаарай даа, ажлын ачаалал, бага цалин хөлс тань өөрийн эрхгүй ийм болгоо биз ээ. Ийм л нэг зөвтгөх шалтгаантай авлига Монголд оношлогддог. За тэгээд ч энэ бол шинэ сэдэв биш. Бид алхам тутамдаа тулгардаг, аргалдаг, танилын хүчээр шийдээд сурчихсан зүйл гээд орхиё. Гэтэл төрийн албан хаагчдын хүнд суртал гэж бас нэг дарамт чирэгдэл ужгирчихсан. Авлигыг цэцэглүүлж буй гол үндэс нь хүнд суртал. Єөрөөр хэлбэл нэг зоосны хоёр тал. Бичиг баримт, ажил төрөл хөөцөлдөх гэж байгаа бол тухайн газарт ямар танил байдгаа, хэнээр яриулахаа юун түрүүнд бодсон нь дээр. Эс тэгвээс хамаг цаг, уураа барж орхино. Зовлонг нь мэдэхгүй хүн байхгүй ээ. Саяхан онлайнаар явуулсан судалгаанаас харъя. “Та суралцахыг хүсч байна уу” гэсэн асуултад 1050 хүнээс “хүч хөрөнгө зарж хөөцөлдвөл бүтнэ” гэж 452 хүн хариулжээ. “Газартай болохыг хүсч байна уу” гэсэн асуултад мөн дээрх тооны хүнээс 462 нь “хүч хөрөнгө зарвал бүтнэ” гэж. “Банкнаас зээл авахад хүндрэл тохиолддог уу” гэсний хариуд 339 хүн гар хүндрүүлэх шаардлага гардаг гэсэн байна. Уг нь банкнаас зээл авахад ямар ч чирэгдэлгүй үйлчилдэг баймаар. Тухайн хүн зээлээ гэрээний дагуу хэд нугалж төлж байгаа шүү дээ. Гэтэл банкны зарим ажилтан үүнийг хувийн мэт өөртөө ашиг олох бизнес болгочихсон нь үнэн. Энэ мэтчилэн манай нийгмийн аль ч салбар авлига, хүнд сурталд идэгдэж танилгүй хүн алгын чинээ болжээ. Эрүүл нийгмийн тогтолцоо бол хүнд суртал, авлигагүй орчин. Хүн бүхэн мэддэг ч мэддэггүй юм шиг царайлдаг ужгирсан урхагийг арилгахын тулд яах ёстой вэ? Хэдий болтол хүлээх вэ? Эсвэл Монголд л ийм гээд явсаар байх уу?
Олон олон асуулт дагуулсан хариултын эзэн нь та бид өөрөө. Цаашилбал төр. Єнөөдрийн энэ бэрхшээл, чирэгдэл төрийн албан дээр л хөндөгдөж буй. Тиймээс иргэдэд хүндрэл учруулдаг, өгч авалцдаг “систем”-ийг өөрчлөхийн тулд төрийн албыг чадваржуулах, мэргэшүүлэх шаардлагатай байна.
sonin.mn