Монгол улс Бээжингийн Олимпоос 3 дахь АЛТАН МЕДАЛиа авлаа... Зуны 29 дэх удаагийн олимпийн их наадам манай урд хөрш Хятад улсын нийслэл Бээжин хотноо наймдугаар сарын 8-наас 24-ний хооронд амжилттай болж өндөрлөсөн. Бээжингийн олимпоос Монголын тамирчид хоёр алт, хоёр мөнгөн медаль хүртэж, нутаг нэгт ард түмнээ баярлуулсан билээ. Монголын ард түмний баяр баясал, сэтгэлийн гүнд ассан галын дөл өдгөө ч унтраагүй байгаа энэ мөчид Монгол улсын тамирчин Дамбадондогийн Баатаржав Бээжингийн олимпийн гурав дахь алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр зуны 13 дахь удаагийн пара олимпийн наадмын байт харвааны төрөлд өрсөлдөж, аваргын алтан медаль хүртсэн юм. Тамирчдын чансаа тогтоох урьдчилсан харваагаар 618 оноо цуглуулж, хэсэгтээ зургадугаарт бичигдсэн манай тамирчин тэмцээний наймны нэг шигшээд зохион байгуулагч Хятадын тамирчин Дун житэй өрсөлдөж ялсан. Улмаар хагас шигшээ харваанд мөн л Хятадын тамирчин Чен Егантай өрсөлдөж, 105:98 харьцаатай хожсон юм. Харин Д.Баатаржав дөнгөж сая пара олимпийн аваргын төлөө Францын тамирчин Фабриц Мюниертэй өрсөлдөж, 94:90 харьцаагаар буулгаж авснаар пара олимпийн алтан медалийн эзэн боллоо. Ийнхүү Монгол Улсын гурав дахь олимпийн аварга төрлөө. Дашрамд сонирхуулахад, энэ удаагийн пара олимпийн наадамд эх орноо төлөөлөн манай зургаан тамирчин Бээжинг зорьсон бөгөөд харамсалтай нь хөнгөн атлетикийн төрөлд өрсөлдөх байсан Г.Мөнхбат, Н.Бадрал нар эрүүл мэндийн шалтгааны улмаас пара олимпод өрсөлдөх боломжгүй болсон юм. Бусад тамирчдын хувьд жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Хашцэцэг, эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны төрөлд Я.Насанбат, байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Жавзмаа нар хүч сорьсон юм.
profile

Дэрмээ