Сонгууль
дөхөхөөр л ард түмнээ гэнэт санадаг хөгийн түшээдтэй дээ, манай улс.
Бусад үед нь хойморт заларчихаад, хатавчнаас хашхирах ард түмнийхээ дууг
сонсоогүй мэт царайлах хэрнээ сонгуулийн жил эхлэхээр өөрсдөө хатавчинд
очиж суучихаад, сонгогчдыг хойморт залж, хулхин дээр “цэцэг ургуулна”.
Тэдний ургуулсан цэцгүүдийн нэг нь Түлэнхийн төвийн шинэ барилга.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Гэмтэл, согог судлалын үндэсний
төвийн харьяа Түлэнхийн төвийн барилгыг сүүлийн арваад жилд удаа дараа
шалгаад ашиглах боломжгүй, нурах аюултай хэмээн дүгнэсэн тул ТӨХ-ноос
2011 оны 358 тоот тогтоолоор акталсан юм. Анх 1957 онд ашиглалтад орсон
цагаас 55 жилийн турш өвчтөнүүдийн ёолох дууг сонссон энэ барилгын нас
явж, хөгц мөөгөнцөрт баригдаад хүнээр бол хариугүй сөхөрч унах шахсан ч
урсгал засвар хэмээх амь тарианы хүчээр тэсэж ирсэн. “Түлэнхийн төвийн
барилга нурах нь. Хүн эмчлэх, өвчтөн хэвтүүлэх аргагүй боллоо” хэмээн
сүүлийн арваад жил мэргэжлийн хяналт, онцгой байдлын ажилтнууд,
сэтгүүлчидтэй дуу хоолойгоо нийлүүлэн сэрэмжлүүлсээр ирсэн ч Эрүүл
мэндийн сайд нь хүртэл загас шиг дуугүй явсаар 2012 онтой золгосон доо.
Өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын сонгуулийн чимээнээр Түлэнхийн төвийн
хуучин барилгыг нураахаар болж, тус төвийг эмч, өвчтөнүүдтэй нь Гэмтэл,
согог судлалын үндэсний төв рүү нүүлгэв.
ГЭМТЛИЙН ЭМНЭЛГИЙГ ГЭМТЭЭЧИХ ВИЙ
Түлэнхийн
шинэ төвийг хуучин буурин дээр нь барихаар боллоо. Тиймээс эмч,
өвчтөнүүдийг нүүлгэхээс өөр аргагүй. Уг нь өнгөрсөн хугацаанд шинэ
барилгын зураг төслийг бэлэн болгож, төсвийг нь батлаад тендер зарлан,
барих компанийг тодруулчих цаг хангалттай байв. Гэсэн ч тэгээгүй.
250 ортой ГССҮТ өөрийн ачааллаа арайхийн үүрч яваа. Гэтэл нуруунд нь бас нэг том эмнэлэг үүрүүлчихээр хэдий болтол тэсэх бол. Иргэд нь согтууруулах ундаа зам бараагүй хэрэглэдэг, там бол сон замтай, “явдаг авс” олонтой, журам дүрэмгүй жолооч олонтой манай улсад зам, тээврийн осол их гардаг. Дээрээс нь мөсөн гулгуурын талбай болтлоо толийсон гудамжинд халтирч унасан, айлын нохойд ноцуулсан, хоорондоо нударга зөрүүлсэн гээд бүхий л гэмтсэн бэртсэн хүн тус төвд ханддаг.
Ийм их ачаалалтай ажилладаг, өдөрт 250-280 хүнд тусламж үзүүлдэг энэ эмнэлгийн нэг бөөрөнд Түлэнхийн төвийг оруулчихаар байдал улам хүндэрсэн нь ойлгомжтой. Тус төвийн Эрчимт эмчилгээний тасгийн ор хүрэлцэхгүй байгаагаас өвчтөнүүд хонгилын шалан дээр гудас дэвсээд хэвтэж байна. Тархи, нуруу нугасны 50 ортой тасгийг суллаж, байранд нь Түлэнхийн тасгийг оруулсан. Нэгдсэн мэс заслын жижиг хагалгааны тасгаа татан буулгаж, байранд нь Тархины тасгийг байрлуулсан.
Хүүхдийн тархи, нуруу нугасны гэмтэл, эмгэгийн тасгийг Хүүхдийн тасагтай нийлүүлсэн гээд Түлэнхийн төвд зай гаргахын тулд ГССҮТ хамаг байдгаа зайчилсан ч багталцахгүй байна. Угаас Түлэнхийн төвийг тусад нь байлгахаар төлөвлөн, уг эмнэлгийг барьсан болохоор арга ч үгүй биз.
ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН ШИНЭ БАРИЛГА ЦААСАН ДЭЭР Ч АЛГА
“Түлэнхийн төвийн буурин дээр долоон давхар, байнгын 200, онцгой нөхцөлд ашиглах нөөц 25 ортой, түлэгдсэний улмаас үүссэн сорвийг төгс эмчлэх, олон улсын стандартад нийцсэн эмнэлэг барина. Шинэ эмнэлэг хүүхдийн, томчуу дын, арьс нөхөн сэргээх, идээт үрэвсэл, хүндрэл эмчлэх зэрэг зургаан тасагтай байна” гэсэн нь хаана байна вэ. Бүр Баянзүрх дүүргийн иргэдийг эмчлэх, ясны төрөл бүрийн гэмтлийг эмчлэх 50 ортой тасаг хүртэл тэнд байгуулна гэсэн. Түлэнхийн төвийг нүүлгэснээс хойш бараг бүтэн жил өнгөрч байхад шинэ эмнэлэг барих нь бүү хэл балгасыг нь нураасангүй. Түүнийг хэн, хэзээ нураах нь тодорхойгүй, “Зориулалтын тоног төхөөрөмж тэй компаниуд сайхан сэтгэл гаргаж, тусалбал их буян болно доо” хэмээн тус төвийн захирал хэлж байсан ч өдий болтол Монголоос тийм сайхан сэтгэлтэн олдсонгүй. Мөнгөтэй хүмүүст сайхан сэтгэл байдаггүй юм биш байгаа. 15 тэрбум төгрөгөөр босгох уг төвийн зураг төслийг нь ч хийж дуусаагүй байна.
Эрүүл мэндийн яамнаас 2011 оны долдугаар сард зарласан зураг төсөл боловсруулах тендерт “ЭЗТ” компани шал гарч, уг яамтай 246 сая төгрөгийн гэрээ байгуулан ажлаа эхэлжээ. Түүнээс хойш барилгын архитектур төлөвлөлтийг боловсруулж, бохир ус зайлуулах шугам, бохир ус, цахилгаан, холбооны шугам сүлжээний зарим ажлын зураг төсөл болон хуучин барилгыг буулгах төсвийг тооцож гаргаад байгаа аж. XI хорооллын дулааны шугамыг өргөтгөөгүй, Түлэнхийн шинэ төвийг дулаанаар хангах техникийн нөхцөлийн нэмэлт тодруулга бэлэн болоогүйгээс цэвэр ус, дулааны шугам сүлжээний зураг төслийг боловсруулах ажил хойшилсон гэнэ. Энэ оны зурга дугаар сард багтаан, Түлэнхийн шинэ төвийг барих компанийг сонгон шалгаруулж, ажлыг нь эхлүүлнэ гэж Эрүүл мэндийн яамныхан төлөвлөж буй ч энэ янзаараа бол лөөлөө болох дэг ээ.
ТӨВЛӨРСӨН ХОРИХЫГ ДЭЛХИЙН ЖИШГЭЭР БАРИНА
