Бичлэгийн тоо 3,329
 Боксын насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд долоо хоног үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. “Рио-2016” олимпийн циклийн эхний том сорилго болсон тус тэмцээнд 28 байгууллагын 206 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн гурван жинд аваргаа тодруулсан юм. Энэ жил эрэгтэйчүүдийн хамгийн хөнгөн хоёр жинд шинэ аварга мэндэлсэн бол бусад жинд архагууд буурь заан түрүүлсэн.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН

Эмэгтэй

51 кг (18 тамирчин): 1.М.Нандинцэцэг (Хангарьд) 2.Т.Болортуул (Барселона) 3.О.Жаргалан (Хөдөлгөөнт бай), Л.Алтанцэцэг (Дорнод)

Улсын зургаан удаагийн аварга, тивийн аваргын мөнгөн медальт М.Нандинцэцэг болон Азийн аваргын алтан медальт Т.Болортуул нар энэ жинд финалдана гэсэн таамаг биеллээ олов. Эхний гурван үеийн дараа Болортуул таван оноогоор хожигдож явсан ч сүүлийн үед зоригтой дайрч, санаачилгыг авсан. Гэхдээ хашир өрсөлдөгчөө аргалж чадалгүй 23:20-иор дийлдлээ.

60 кг (14): 1.О.Сувд-Эрдэнэ (Хангарьд) 2.М.Гүндэгмаа (Хилчин) 3.А.Энхцацрал (Алдар), Г.Золжаргал (Ширэн бээлий)

2006, 2007 оны улсын аварга М.Гүндэгмаа болон сүүлийн үед энэ жинд ноёрхож буй О.Сувд-Эрдэнэ нар аваргын төлөө тунан үлджээ. Тулаан маш ширүүн өрнөж, ялагчийн хувь заяа ганцхан оноогоор шийдэгдсэн. Эхний хоёр үед Сувд-Эрдэнэ 12:9-өөр давамгайлсан ч Гүндэгмаа гуравдугаар үед тоогоо нөхөж чадсанаар 17:17 болон тэнцлээ.

Харин шийдвэрлэх дөрөвдүгээр үед (эмэгтэй боксчид урьдын адил дөрвөн үе тоглож байгаа) СувдЭрдэнэ нэг оноо илүү авч чадсанаар 24:23- аар ялалт байгуулсан юм. Залуучуудын улсын хошой аварга Энхцацрал хүрэл дээр буусан бол УАШТ-д анх удаа оролцож буй залуу тамирчин Золжаргал нөгөө хүрлийн эзэн болов.

75 кг (10): 1.Э.Ундрам (Хилчин) 2.Э.Уянга (Замчин) 3.Мягмаржаргал (Ширэн бээлий), Э.Эрдэнэтуяа (Дорнод)

Азийн наадмын мөнгөн медальт Э.Ундрам, Ази тивийн аварга Э.Уянга гэсэн эгч, дүү боксчид энэ жинд аваргын төлөө тунан үлдсэн нь сонирхол татаж байлаа. Гэхдээ эгч, дүүс рингэнд тулалдсангүй, Уянга эмчийн магадлагаагаар тоглох боломжгүй болсон тул түүний эгч Ундрамд алтан медаль ирсэн юм. 17 настай залуу тамирчин Эрдэнэтуяа энэ жинд хүрэл медаль хүртжээ.

Эрэгтэй

49 кг (21): 1.Э.Цэндбаатар (Баянгол дүүрэг) 2.Г.Ган-Эрдэнэ (Төв аймаг) 3.М.Гандулам (Замчин), Г.Дугархүү (Хилчин)

Дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба спортоо орхисон тул түүний тоглож байсан жинд хэн түрүүлэх нь анхаарлын төвд байлаа. Хэд хэдэн тэнцүүхэн өрсөлдөгчтэй хөнгөн жинд Баянгол дүүргийн залуу тамирчин Э.Цэндбаатар торойн гарч, анх удаа улсын аварга болов. Улсын хошой аварга Ган-Эрдэнэ мөнгө дээр буулаа. Тэдний хоорондын тулаан тун өрсөлдөөнтэй болсон. Эхний хоёр үеийн дараа оноо тэнцүү (6:6) явсан бөгөөд сүүлийн үед Цэндбаатар илүүрхэж чадсанаар 12:10-аар хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авсан юм. “Жижиг Үүеэ” хочтой Ган-Эрдэнийн хувьд их шөвөгт Дугархүүтэй мөн л амаргүй тулаан хийсэн. Эхний үед тэрбээр 2:1-ээр хожигдож явсан ч дараагийн гурван минутад 4:0-ээр илүүрхэж, байдлыг өөрт ашигтай болгосон. Улмаар сүүлийн үед давамгайллаа хадгалж чадсанаар 8:4-өөр хожсон билээ.

52 кг (18): 1.Х.Энхдэлгэр (Алдар) 2.Д.Баасандорж (Төв аймаг) 3.А.Нурлан (Баян-Өлгий), Г.Золбаяр (Улаан арслан)

“Алдар”-ын залуу тамирчин Х.Энхдэлгэр өнгөрсөн жилийн спартакиадад 17 настайдаа финалдаж, Н.Төгсцогтод дийлдэж байв. Харин энэ удаа гавьяат жин өгссөн болохоор улсын аварга цолыг анх удаа хүртлээ. Тэрбээр финалд Төв аймгийн туршлагатай тамирчин Д.Баасандоржийг 18:10-аар итгэлтэй хожсон. Энхдэлгэр өмнө нь өсвөр, залуучуудын УАШТ-д тус бүр хоёр удаа түрүүлж байв.

56 кг (29): 1.Н.Төгсцогт (Хангарьд) 2.Э.Идэрхүү (Сүлд) 3.А.Даваадалай (Сүлд), Б.Билгүүн (Баянгол дүүрэг)

Гавьяат тамирчин Н.Төгсцогт жин өгсөн тулалдаад түвэггүй түрүүлж байна. Тэр 2010 оны шигшээд дийлдэж байсан Э.Идэрхүүтэй аваргын төлөө тулж, эхний хоёр үед л 10 онооны давуу байдлыг бий болгон, түрүүлэх нь ойлгомжтой болсон.

60 кг (28): 1.Д.Отгондалай (Хилчин) 2.Э.Ирээдүй (Дорнод) 3.А.Беибит (Баян- Өлгий), П.Сүхмягмар (Аврагч)

Хоорондоо аваргын төлөө өрсөлдөнө гэж таамаглаж байсан Б.Жавхлан, Д.Отгондалай нар дөнгөж хоёрын даваанд таарчээ. Энэ дуэльд Отгондалай 16:12- оор илүүрхэж, аваргалах замаа зассан. Тэд өмнө нь 2011 оны УАШТ-ий их шөвөгт уулзалдаж, Жавхлан 5:4-өөр хожиж байв. Отгондалай энэ эрчээрээ Э.Ирээдүйг 20:7- гоор итгэлтэй ялж, улсын аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртлээ.

64 кг (20): 1.З.Энхзориг (Хангарьд) 2.Ц.Отгон-Эрдэнэ (Төв аймаг) 3.А.Мөнхбаатар (Бурхан халдун), Х.Билембек (Баянгол дүүрэг)

Сугалаа гарсны дараа У.Мөнх-Эрдэнэ-З. Энхзоригийн супер тулаан финалд болох нь гэж олонх таамаглаж байв. Гэтэл МөнхЭрдэнэ хоёрын даваанд өнгөрсөн жилийн улсын аварга Б.Чинзоригт хожигдох нь тэр. Харин Чинзориг нь дараагийн даваандаа Төв аймгийн Ц.Отгон-Эрдэнэд 25:16-гаар хожигдлоо.

Энэ хоёр боксчин өнгөрсөн жилийн спартакиадад аваргын төлөө үзэлцэж, Чинзориг хожсон. Тэгвэл ОтгонЭрдэнэ бэлтгэлээ сайн хийж, зөв тактикаар тоглосны хүчинд хариугаа авсан юм. Тэднийг хоорондоо ийн “алалцаж” байх зуур нөгөө талаас Энхзориг зовлон багатай гарч ирэв. Энзориг финалд Отгон-Эрдэнийг 11:6-гаар буулган авч, 64 кг-д анх удаа түрүүллээ. Баянгол дүүргийн тамирчин Билембек УАШТ-д анх удаа ороод хүрэл дээр буусан нь яах аргагүй том амжилт.

69 кг (17): 1.Б.Түвшинбат (Хүч) 2.Ж.Отгонжаргал (Хангарьд) 3.Х.Эрган (Баян-Өлгий), Давааням (Баянгол дүүрэг)

Б.Түвшинбат дээш өгссөнөөр 69 кг-д хоёр шилдэг боксчин хүч үзэх болсон. Тэд ч өнгөрсөн жилийнх шиг учраа бүрээ шороодуулсаар аваргын төлөө тунан үлдлээ. Тоглолтын эхний хоёр үед тамирчин тэнцүү оноо авсан. Харин шийдвэрлэх гуравдугаар үед Түвшинбат цохилтуудаа даацтай болгон оноо түүсээр 14:9-өөр ялалт байгууллаа. Залуучуудын улсын аварга Х.Эрган хагас шигшээд Түвшинбаттай тэнцүүхэн үзэж, 6:3-аар ялагдсаныг онцлох нь зүйтэй.

75 кг (11): 1.Н.Шинэбаяр (Дорнод) 2.Т.Ибраим (Алдар) 3.Б.Содгэрэл (Хүч), Т.Чулуунтөмөр (Хилчин)

Улсын аваргын хоёр хүрэл медальтай Т.Ибраим хагас шигшээд энэ жингийн шилдгүүдийн нэг Т.Чулуунтөмөрийг 22:17- гоор хожсон нь томхон дуулиан байлаа. Тэрбээр сүүлийн үед сөрөг цохилтуудаа оновчтой болгож, гол оноогоо авсан. Хагас шигшээгийн нөгөө тулаанд ноднингийн улсын аварга Н.Шинэбаяр хашир мастер Б.Содгэрэлийг 18:2-оор илүүрхсэн. Содгэрэлийн хувьд 57 кг-д амжилттай тоглож, улсын шигшээ багт багтаж явсныг бид мэднэ. Харин сүүлийн үед жин нь нэлээн явсан тул 75 кг-д оржээ. Шувтаргын тулаанд Шинээ өрсөлдөгчөө 24:12-оор итгэлтэй хожсон юм.

81 кг (9): 1.С.Эрдэнэбаяр (Хангарьд) 2.О.Энхжин (Аврагч) 3.А.Бат-Очир (Хилчин), Б.Бүрэнзориг (Баянгол дүүрэг)

Олон улсын тавцанд амжилттай тоглож буй С.Эрдэнэбаяр улсын аварга цолыг дөрөв дэх удаагаа хүртэж байна.

91 кг (7): 1.Ц.Мөнхчулуун (Алдар) 2.Б.Ганбаяр (Хилчин) 3.Э.Төрбат (Хүч), Т.Ууганбат (Барселона)

+91 кг (6): 1.Х.Мандахбаяр (Хүч) 2.Т.Эрболат (Алдар) 3.Т.Түвшинтөгс (Хилчин), Г.Болдхуяг (Баянгол дүүрэг)

“Хүч”-ийн Х.Мандахбаяр өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн УАШТ-д 44 кгаас эхлээд хамгийн хүнд хүртэлх бүх жинд түрүүлэн нэгэн өвөрмөц амжилт тогтоож байна. Тэрбээр нийт 16 удаа улсын аварга болсон бөгөөд насанд хүрэгчдэд долоо дахь удаагаа түрүүлж буй юм. Өнгөрсөн жил 91 кг-д түрүүлж, УАШТ-ий шилдэг тамирчнаар тодорсон Т.Эрболат финалд шалгараад 21:12-оор хожигдсон юм. Харин хүнд жинд амжилттай тоглож, улсын аварга цолыг хэд хэдэн удаа хүртэж байсан Д.Идэрбат бэлтгэлээ муу базаасан бололтой, эхний даваанд Г.Болдхуяагт 9:6-гаар ялагдлаа.

БАГИЙН ДҮН 1.С.Баттулга дасгалжуулагчтай “Хангарьд” клуб 40 оноо 2.Л.Батзориг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 38 оноо 3.А.Гантулга дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 27.5 оноо УАШТ-ий шилдэг тамирчнаар М.Нандинцэцэг (51 кг), З.Энхзориг (64 кг), өсөх ирээдүйтэй тамирчнаар Э.Цэндбаатар (49 кг), шилдэг шүүгчээр Б.Болдбат, шилдэг дасгалжуулагчаар С.Баттулга нар шалгарсан юм.

Д.ОТГОНДАЛАЙ: ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬ ОЙРХОН БАЙГАА ГЭЖ БОДДОГ

-УАШТ-д хэд дэх удаагаа орж, хэд дэх медалиа аваад байна вэ?

-2005 онд анх 48 кг-д ороод П.Сэрдамбад хожигдон мөнгөн медаль авч байсан. Улсын аваргад найм дахь удаагаа орж байна. 2007, 2008, 2012, 2013 онд түрүүлж, 2005, 2009, 2010, 2011 онд мөнгөн медаль хүртсэн.

-УАШТ-д орох бүртээ финалдаж байгаа юм байна. Хамгийн их баярласан тэмцээнээ дурсвал?

-2008 онд түрүүлчихээд их баярлаж байлаа. Тэр жил улсын аварга болсноор олимпийн эрхийн тэмцээнд явсан юм.

-Тэгвэл энэ жил өрсөлдөөн хэр ширүүн байв?

-Тоглолт бүр л чанга байлаа. Хоёр дахь тоглолтдоо Б.Жавхлантай таарч, 16:12-оор хожсон. Сая нутгийн дүүтэйгээ финалдлаа. Ирээдүйтэй тэмцээн дээр анх удаа тоглосон. Харин бэлтгэл дээр бол байнга тоглоно.

-Чи сүүлийн хоёр ч олимпод эрхээс мултарсан. Олимпийн наадамд оролцож чадаагүйдээ харамсаж байв уу?

-2008 онд бол жаахан хүүхэд байсан болохоор сайн тоглож чадаагүй. Харин Лондоны олимпод орох боломжоо алдчихаад их харамссан. ДАШТ-д Солонгос, Армений тамирчдыг хожоод олимпийн эрхийн төлөө Ирландын Невинтэй таарч, гурван үе илүүрхсэн мөртлөө оноо тэнцсэн. Тэгээд туслах оноогоор хожигдсон юм. Дараа нь эрх өгөх сүүлийн тэмцээнд Хятадын тамирчинд торгуулиад, нэг оноогоор дийлдсэн.

-Би хувьдаа өөрийг чинь олимп, дэлхийгээс медаль авах хэмжээнд хүрсэн гэж боддог. Харин чиний хувьд энэ медаль хэр хол санагдаж байна вэ?

-ДАШТ-д надтай тоглодог ирланд олимпод очоод мөнгөн медаль авсан. Мөн 2011 онд медаль их ойрхон байлаа. Тиймээс олимп, дэлхийгээс медаль авах бүрэн боломжтой гэж боддог. Би ер нь олимп, дэлхийн медальтай цөөнгүй тамирчныг хожсон болохоор тэр хэмжээнд очсон гэж өөрийгөө боддог. Энэ нь итгэл өгдөг л дөө. 2016 онд Бразилд болох олимп миний хувьд сүүлийн боломж. Үүнээс наана хоёр ДАШТ байна. Энэ боломжоо алдалгүй ашиглаж, олимп, дэлхийн медальтнуудын эгнээнд нэгдэх хүсэл тээж явна. Миний тоглолтод мэргэжлийн талын жаахан алдаанууд бий. Үүнийгээ багш нартайгаа нийлж засаад, сайжруулах боломжтой.

-Олон улсын тавцанд гаргасан амжилтаа тоймловол?

-2011 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авсан. 2010 онд оюутны ДАШТ-ээс хүрэл, 2008, 2008 онд Германы “Химийн цом” тэмцээний хошой мөнгөн медальтай. Мөн Тайландын Эзэн хааны цомын тэмцээний аварга.

-Тэр тэмцээнд дэлхийн аварга С.Водопьяновыг ялсан байх аа?

-2008 онд олимпийн өмнө болсон тэмцээн. Водопьянов өмнөх жил нь ДАШТ-ий финалд манай Э.Бадар-Ууганыг хожоод байсан. Би эхний даваанд нутгийн боксчныг онооны илт давуугаар хожоод дараа нь Водопьяновыг 21:15-аар ялсан. Аваргын төлөө ДАШТ-ий хүрэлтэй Хятадын тамирчныг нэгдүгээр үед хүнд цохилтоор ялаад түрүүлсэн юм.

-Анх боксоор хичээллэж эхэлсэн талаараа ярьж өгөөч?

-2003 онд Дорнод аймагт Ё.Төмөрбатаа багшийн удирдлагад боксоор хичээллэж эхэлсэн. Эхэндээ ангийнхнаа дагаад л бокс руу орчихсон юм. Анх 20, 30-аад хүүхэд орсон ч шигшигдсээр байгаад хоёр, гурав нь л үлддэг юм билээ. Надтай хамт хичээллэж эхэлсэн хүүхдүүдээс одоо Н.Шинэбаяр, Э.Идэрхүү, бид гурав л байна.

-Жин хэдтэй байдаг вэ? Цаашид 60 кг-д тоглох уу?

-Жин 63-64 орчим кг байдаг. Нэг бэлтгэлээр л гурван кг хасчихдаг юм. Тиймээс сая УАШТ-д жин бараг хассангүй. Өмнө нь 56 кг-д тоглодог байхад өрсөлдөгчийн цохилтын хүч бараг мэдрэгддэггүй байсан. Харин 60 кг-д орохоор цохилтууд нь хүчтэй ирж байна лээ. Цаашдаа аль жинд тоглохыг багш нар л шийдэх байх даа.

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

-Би “Хилчин” спорт хороо, Б.Батбаяр захиралтай хилийн цэргийн 0168-р ангид харъяалагддаг. Энэ дашрмад “Хилчин” спорт хороо болон МОБХ-ны удирдлагууд, шигшээ багийн дасгалжуулагчид, анхны багш Ё.Төмөрбатаадаа баярлаж явдгаа хэлье.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7009294/bee/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1529 Монголын Чулуу Италийн дурсгалын хөшөөг чимнэ 2013-02-14 12530
1528 БҮХ ЦЭРГИЙН ИХ ХАР СҮЛДНИЙ ӨРГӨӨ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ БОЛЛОО [3] 2013-02-05 9870
1527 Монгол туургатныг нэгтгэсэн гал бадраах ёслол хийнэ [2] 2013-02-05 9695
1526 “МОНГОЛ ПОП” ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРТ ХҮРЧ БАЙНА 2013-02-05 12818
1525 “Digital” хамтлагийн тоглолт хил дамнан үргэлжилнэ 2013-02-04 11626
» ОЛИМПИЙН ЦИКЛИЙН ЭХНИЙ СОРИЛГОД ХОЁР ШИНЭ АВАРГА ТӨРЛӨӨ 2013-02-04 10935
1523 Агаарын бохирдлын эсрэг “зэвсэг” 2013-02-04 13358
1522 “ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО” 2013-02-01 12277
1521 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12213
1520 Хүүхдүүд агаарын бохирдлын эсрэг бүжиглэв 2013-02-01 12995
1519 ОЛИМП, ДЭЛХИЙН МЕДАЛЬТНУУД ТОГТМОЛ УРАМШУУЛАЛТАЙ БОЛНО [6] 2013-01-30 9105
1518 Э.ЛХАГВА-ОЧИР: БАРУУНЫ ЖИШИГТ ХҮРСЭН ТОГЛОЛТ ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙНА [2] 2013-01-30 9674
1517 Дизайнер С.Ариунаа “Мерседес Бенз”-ийн шоунд оролцоно [2] 2013-01-30 10178
1516 Э.МӨНХ-ОЧИР БУУДЛАГА СПОРТЫН ТӨВИЙН ТӨЛӨӨ [3] 2013-01-24 10488
1515 Д.БАТБИЛЭГ: ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ГЭМТЛИЙГ ИЛРҮҮЛЭХЭД НОХОЙ АШИГЛАЖ, ХУГАЦАА ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ [4] 2013-01-24 9891
1514 МОНГОЛЧУУД ДЭЭД ГУРВАН ЗИНДААНД ТЭРГҮҮЛЖ БАЙНА [2] [8] 2013-01-24 10689
1513 Японд болох цээж бодолтын тэмцээнд 11 настай хүү оролцоно [3] 2013-01-24 9653
1512 АСААЛТЫН АВТОМАТ ТӨХӨӨРӨМЖ ҮЙЛДВЭРЛЭЖ ЭХЭЛЛЭЭ [3] 2013-01-22 14187
1511 Хисаёши Иноүэ симфони найрал хөгжим удирдана [2] 2013-01-22 9689
1510 Монгол эрх чөлөөтэй [1] 2013-01-22 10816
배너신청
자생병원

배너신청